| |
Газар өмчлөх хүсэлтээ гар утаснаасаа өгөх боломжтой боллоо
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн 7 дүүргийн 52 байршил бүхий 153 09 га газарт иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг 2014 оноос эхлэн нийт 4 удаа зохион байгуулсан.
Өчигдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 14-ний 12:00 цагаас эхлэн 5 дугаар ээлжийн цахим газар өмчлөл эхэлж, 7 дүүргийн 32 байршилд 7 449 нэгж талбарт газар өмчлөх хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлсэн.
Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас "Газар өмчлөл” мобайл аппликейшнийг нэвтрүүлээд байна. Тус аппликэйшн нь Нийслэлийн цахим газар өмчлөлийн системийн өгөгдлийн баазтай холбогдон ажиллах бөгөөд хэрэглэгчид гар утсаараа цахим газар өмчлөлд бүртгүүлж өргөдлөө илгээх юм.
Үүнээс гадна Нийслэлийн Өмчийн харилцааны газрын үзүүлдэг бүхий л үйлчилгээний талаарх мэдээллүүд болох газар эзэмших ашиглах тухай мэдээлэл, газрын төлбөрийн мэдээлэл, Нийслэлийн өмчит барилга байгууламжийн түрээсийн талаарх мэдээлэл, газар эзэмшихэд бүрдүүлэхэд шаардлагатай материал гэх мэт мэдээллүүдийг авах боломжтой юм.
Тус аппликейшн нь Android 4.4+, iOS 8+ үйлдлийн систем дээр нэгэн зэрэг ажиллана. Иргэн та App store болон Google Play store буюу апплликэйшн дэлгүүрүүдээс татаж авахдаа "Газар өмчлөл” гэж хайлт хийж гар утсандаа үнэгүй суулгаарай гэж Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас мэдээллээ.