| |
Газрын дуудлага худалдаа ба “галзуурсан” үнэ худлаа даа
Төрийн болон орон нутгийн өмчийн компани байгуулж, төр өөрийн өмчтэй байх нь нэг бодлын ашигтай хувилбар юм байна. Тухайлбал, нийслэлээс өөрийн мэдэлд авчихсан нэг хуулийн этгээд, 19 объектын нээлттэй дуудлага худалдаагаар 46 тэрбум төгрөгийг олж, төсөвтөө төвлөрүүлэхээр энэ онд зорилт тавьсны 2-3-ыг зарахад л төлөвлөгөө хангалттай биелэхээр байсан юм.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатарын мэдээлснээр "Улаанбаатар” сонины хэвлэх үйлдвэрийн газрыг 24 тэрбумаар зарснаар одоо есөн тэрбум төгрөг л дутаж байна гэж бодож байтал "Их санасан газар есөн шөнө хоосон хононо” гэгчээр нөгөөх Абдул Карим гуай төлбөр хийх хуулийн хугацаанаас өмнө үнийн саналаасаа татгалзсанаар хамаг юм орвонгоороо эргэв.
Үүнд санаа зовнисон хотын дарга Э.Бат-Үүл "Ямар нэг этгээд, хэсэг бүлэг хүн таны сонголтод нөлөөлж, сэтгэл зүйн дарамт шахалт үзүүлсэн бол хууль, шүүхийн байгууллагыг хөдөлгөхөд ч бэлэн байна” гэсэн утгатай ил захидлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр илгээгээд ч тусыг эс оллоо.
Харин ч манай хэвлэлийнхэн дарамтлагчийн эрэлд мордож, нэр хүнд бүхий бөхчүүд "Хас”-ын Ч.Ганхуяг нарыг буруутгаж эхэлсэн нь инээдтэй хэрэг. Монголоо гэх сэтгэлтэй хэсэг нөхөд сошиал ертөнцөөр өөрийн үзэл бодлоо илэрхийлээ л биз, тэрхэн зуураа хараал ерөөл хэлсэн л байх. Үүний дараа манай улстөрчдийн хэлэх дуртай "стратегийн ач холбогдол” бүхий газрыг өчнөөн тэрбумаар худалдаж авахаар үнийн уралдаан явуулчихаад түүнээсээ татгалзах нь монголчуудыг басан доромжилсон явдал гэж хэлэхэд буруудахгүй.
Хамгийн гол нь олны хэл амнаас айсандаа ч юмуу Монголын ард түмний санал бодлыг хүлээн авсандаа энэ шийдвэрийг гаргасан гэхэд би л хувьдаа итгэхгүй байна. Ийм шийдвэр гаргах нь хувь хүний эрх боловч түүний өөрийнх нь хэлсэнчлэн гадаадын санхүүгийн сангуудаас оруулж ирэх мөнгөний цэвэр эсэхийг шалгах ёстой гэсэн шаардлагатай л холбоотой болов уу гэж хардаад байгаа юм.
Харин "Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн газрын дуудлага худалдаанд идэвхтэй оролцож, 23.8 тэрбум төгрөг хүртэл үнэ хэлж өрсөлдсөн Ц.Баатарсайханы хувьд хамгийн сүүлд "Милл хаус” гурилын үйлдвэрийг ашиглалтад оруулж, өнгөрсөн намар ОХУ-аас улаанбуудай багагүй хэмжээгээр оруулж ирснээр газар тариалан эрхлэгчдээс зэм сонсч, хэл ам болж байснаар нь гадарлах болсон юмдаг.
Зарим нэг эх сурвалжаас авсан мэдээллээр Монголын толгой баячуудын нэгэнд тооцогддог энэ эрхэм нэлээд хэдэн компанийн хувьцааны дийлэнхийг эзэмшдэг төдийгүй хөдөө орон нутгийг хэрсэн ХААН банкны 40 хувийг гартаа оруулсан нэгэн юм байна. Энэ дагуу ХААН банкны веб сайт руу орсон ч 2013 оны жилийн эцсийн тайланг л олж үзлээ. Түүнд дурдсанаар ХААН банк 96.7 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна.
Үүнээс харахад ноён Ц.Баатарсайхан зөвхөн ХААН банкныхаа хувь эзэмшлээр л "Улаанбаатар таймсын хэвлэх үйлдвэрийн газрыг хувьчлаад авчих бэл бэнчинтэй бизнесмэн юм байна. Гэвч "гаднын нөлөөтэй” гэж хардаж болохуйц энэ удаагийн дуудлагаар асар өндөр үнэ хүрсэн газрыг 24 тэрбум шахуу төгрөгөөр худалдаж авах нь юу л бол.
Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдэгдэж байгаагаар ноён Абдул Карим санаа бодлоо өөрчлөхгүй бол дараагийн үнийг хэлсэн Ц.Баатарсайханд санал болгох юм байна, Хэрвээ "Таванбогд” группийн босс дээрх үнийн дүнг энэ оны арванхоёрдугаар сарын 28-ны дотор нэр дурдсан банкинд байршуулахгүй байх юм уу наана нь саналаасаа татгалзвал дуудлага худалдааны журамд заасны дагуу худалдааг дахин зохион байгуулахюм.
Өнгөрсөн дуудлага худалдаа нь "стратегийн ач холбогдолтой газар ийм үнэд хүрдэг гэдгийг олон нийтэд харуулахаасаа илүүтэй гадаадаас түлхээстэй, дотоодоос татаастай эдийн засгийн бизнес бүлэглэлүүдийн өрсөлдөөн байв уу гэж зарим нь харж байна. Тийм байхыг ч үгүйсгэх аргагүй. Абдул Каримтай ана мана үзэлцэж, эцсийн зогсоол хүртэл явсан Ц.Баатарсайханы ард хэн байсан, хэдүүлээ энэ газарт санаархаж нэгдсэнийг бид мэдэхгүй.
Гэвч монголчууд бас ч хөрөнгө чинээтэй, хүсэл мөрөөдөлтэй болсныг харуулсан гэж бодож байна. Мөн энэ дуулиан дор монголчууд нэгдэж, хөрөнгө мөнгөө цуглуулж, нэг зорилгындорэвсчболохыг "Хас”-ын Ч.Ганхуяг нар үзүүлж чадсан нь нэг ололт гэж хэлж болох байх. Тэд (Ц.Баатарсайхан, Ч.Ганхуяг нар) энэ удаагийн газрын дуудлага худалдаанд оролцож, оролцсон нь ялж чадаагүй нь "Хүний мөр” кинонд гардагчлан "мориндоо ч биш байх аа” гэдэгтэй л адилхан үйлдэл болох шиг боллоо.
Тавхан янчаанаас дуудсан хурдан ажнай 25 янчаан хүрч, ядуу ард Чимид хөлсөө урсгаж олсон мөнгөөрөө ганц морь авдгийг санаж байгаа байх аа. Түүний дараа томоохон зодоон болж, ардын засгийн төлөөлөгч Магсар буу тавьж байж салгадаг даа. Тийм л явдал бүү болоосой. Тэгээд ч Монголд дахин ийм "хөөсөрсөн” үнэтэй газрын дуудлага хэзээ ч болохгүй, харж л байгаарай.
Д.Мөнхжаргал