|
Видео

Шинэ мэдээ

Н.Номтойбаяр: Ерөнхий сайд мэдээлэлгүй байна

Нийгмийн даатгалын салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс хийсэн санал дүгнэлтийг бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр уншиж танилцууллаа. Дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ын дарга,

Эрхэм гишүүд ээ

УИХ дахь МАН-ын бүлгийн санаачилгаар эдийн засгийн хямралтай энэ үед тэтгэврийн зээлийн хүүг бууруулах арга замыг тодорхойлж удаа дараа шаардлага тавьсны дагуу эл асуудлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын байр суурийг Та бид сонслоо.

Ерөнхий сайд Таны мэдээлэлд ахмадуудад хамгийн ихээр дарамт болж байгаа тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилгоор Ардын намын гишүүдийн санал болгож буй арга шийдлийг огтхон ч уншиж, судалж үзээгүйд харамсаж байгаа ба энэ бидний оролцдог асуудал биш, захиргаадалтын аргаар банкны  зээлийн хүүг бууруулах эрх байхгүй гэж хэлсэн нь Засгийн газар хуулиа мэдэхгүй, шийдье гэх ямар ч санаачилга байхгүй нь тодорхой боллоо.

Нийгмийн даатгал бол Монгол Улсын идэвхтэй ажиллаж хөдөлмөрлөж буй 700 гаруй мянган иргэн, 20 гаруй мянган аж ахуйн нэгж, байгууллагын ажил хөдөлмөр эрхэлсэн орлогоосоо ирээдүйдээ, өтөл насан дээрээ санхүүгийн баталгаагаа хангах гэж төрдөө итгэж, түр байршуулж буй итгэлцлийн мөнгө юм.

Ард түмний хуримтлал болсон энэ их хөрөнгийг эрсдэлгүйгээр арвижуулах хариуцлагатай үүргийг Засгийн газар, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, салбарын сайд хүлээсэн. Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлж чадаж байна уу? Хэдийнэ 1 их наяд төгрөг давсан энэ их хөрөнгийг хэн мэдээд, юунд зарцуулаад буйг эзэд нь болсон шимтгэл төлөгч, тэтгэвэр авагч хэн бүхэн мэдэх асуух эрхтэй.

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийн хэчнээн төгрөгийг хаана, ямар банкинд, ямар хэмжээгээр байршуулаад байгаа талаар Ерөнхий сайд мэдээлэлдээ огт дурдсангүй. Энэ бүхэн нууц асуудал мөн үү? Ерөнхий сайд Танд үүнийг УИХ-аас, ард түмнээсээ нуух ямар шалтгаан байна вэ? Чухамхүү эдгээр тоон мэдээлэлгүйгээр Таны хийсэн мэдээлэл ямар ач холбогдолтой болох юм бэ, яаж УИХ үүнд дүгнэлт хийх юм бэ? Та нууж байгаа бол бид Таны болон салбарын сайд, НДҮЗ-ийн дарга С.Эрдэнийн өмнөөс ард иргэддээ нуугаад байгаа мэдээллийг Ардын нам юуны өмнө мэдээлье.

2015 оны хоёрдугаар сарын байдлаар арилжааны банкуудаар олгогдсон тэтгэврийн зээлийн үлдэгдэл 340,7 тэрбум төгрөгт  хүрч 3 жилийн өмнөх үетэй харьцуулахад 3 дахин нэмэгдсэн бол зээлдэгчдийн тоо энэ хугацаанд 40 орчим хувиар нэмэгдэж өдгөө 190,000-д хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямрал, үнэ ханшийн өсөлтөөс болж тэтгэврийн зээл авах зээлдэгчдийн тоо мөнгөн дүнгийн хэмжээ огцом эрс нэмэгджээ. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй ахмад настны тоо 220 мянга байдаг гэж үзвэл үндсэндээ 90 хувь нь тэтгэврийн зээлтэй байна. Гэтэл Ерөнхий сайд 60 хувь нь тэтгэврийн зээлтэй байна гэж дарж мэдээлж байх юм. Өнөөдөр арилжааны банкуудаас тэтгэврийн зээлийг ахмадууд сарын 1,5 хувь буюу жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлж байна. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн зээлтэй ахмадууд дээрх мөнгөн дүнгээс тооцож үзвэл сардаа нийт 5,3 тэрбум төгрөгийн хүү төлж байгаа бөгөөд 1 ахмад дунджаар 28 мянган төгрөг оногдож байгаа тооцоо гарч байна. Тэтгэврээс өөр орлогогүй ахмад буурлууд маань өмнө тэтгэврээс тэтгэврийн хооронд амьдрал, ахуйгаа залгуулж байсан бол өдгөө авсан тэтгэврээ тэтгэврийн зээл, зээлийн хүүнд өгөөд ч хүрэлцэхгүй хүнд байдалд амьдарч байна.

 Гэтэл Ерөнхий сайд Та мэдээлэлдээ "Манай улсын зээлийн хүү бусад хөгжиж буй улсуудын түвшинд байна. Банкны хуульд банк өөрөө зээлийн хүүгээ шийддэг тул энд төрийн байгууллага оролцон зээлийн нөхцөлийг өөрчлөх эрхгүй” гэж хэллээ. Энэ Таны, танай Засгийн газрын байр суурь гэж бид ойлголоо. Үүнтэй МАН-ын бүлэг санал нийлэхгүй байна. Тэтгэврийн зээл бол банк иргэний хоорондын асуудал гээд зөнд нь хаядаг харилцаа биш. Засгийн газар орон сууцны 8 хувийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ бол төр тодорхой хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх замаар орон сууцны зээлийн хүүг буулгаж иргэддээ дэм болж буй Засгийн газрын чухал хөтөлбөр. Мөн танай Засгийн газар үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр 3.5 их наяд төгрөгийг цөөхөн хэдхэн компанид 3-4 хувийн хүүтэйгээр тараасан. Яг л энэ зарчмаар НДС-гийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны банкинд бага хүү болон зориулалтыг тодорхой тусгасан гэрээний нөхцөлөөр шийдэж болно. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудал эдгээрээс юугаараа зарчмын ялгаатай юм бэ?

Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.-т "Хуримтлалын сангаас арилжааны банкинд байршуулах хөрөнгийн хэмжээг санхүүгийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанк, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хамтран тогтооно.” гэсэн заалтын дагуу арилжааны 8 банкин дээр нийт 532 тэрбум төгрөг нэгээс хоёр жилийн хугацаатай хадгаламж хэлбэрээр 10,7 хувьтай байршиж байна. Гэтэл одоогийн хадгаламжийн хүү дунджаар 15.6 хувь байхад яагаад даруй 5 хувиар бага байршуулаад байгаа юм бэ? Ямар үндэслэл, шалгуураар арилжааны банкуудаа сонгодог, хадгаламжийн хэмжээ болон хүүгийн хэмжээг хэрхэн тогтоодог нь зүй ёсны хардлага төрүүлж байна. Та мэдээлэлдээ "захиргаадалтын аргаар зээлийн хүүг бууруулах эрх байхгүй” гэж хэлсэн. Гэтэл Банкны тухай хуулийн 9-р зүйлийн 9.1-д "Банк хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдгээрийн хүсэлтийн дагуу гэрээний үндсэн дээр хадгалж түүнд хүү төлж болно” гэж заасан байдаг.  Банкны тухай хуулийн энэ зүйл заалтыг үндэслэл болгоод НДҮЗ арилжааны банкуудтай хадгаламжийн хүү болон зориулалтыг харилцан тохиролцож болно. Тэгээд ч Төрийн банкны ерөнхий захирал Д.Батсайхан 2015 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 01/2370 тоот албан бичгээр "бага хүүтэй тогтвортой эх үүсвэр байршуулсан тохиолдолд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой” гэж хариу өгөөд байхад салбарын сайд, НДҮЗ-ийн дарга С.Эрдэнэ энэ боломжийг яагаад ашиглахгүй байгаа юм бэ?

Нийгмийн даатгалын сангийн хугацаатай хадгаламжийн 43 хувь буюу хамгийн их хөрөнгө нэг банкинд буюу Капитал банкинд байршиж байна. Нийгмийн даатгалын сангийн 210 тэрбумын хөрөнгийг өөртөө татан төвлөрүүлсэн Капитал банк ердөө 630-хан тэтгэвэр авагчдад үйлчилдэг бол даатгалын сангийн 90 тэрбумын хөрөнгө төвлөрүүлсэн Төрийн банк 170,000, 12 тэрбумын хөрөнгө төвлөрүүлсэн ХААН банк 150,000 тэтгэвэр авагчдад тус тус үйлчилж байна. Аль банк тэтгэврийн зээлийн үйлчилгээг өргөн цар хүрээтэй үзүүлж байна, тэр банкинд нь НДС-гийн мөнгийг түлхүү байршуулж болдоггүй юм уу?

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг эрсдэлгүйгээр хадгалуулах зорилгоор тухайн арилжааны банкны нийт активын 20 хувиас хэтрүүлэхгүй хөрөнгө байршуулна, хүү нь Монголбанкны бодлогын хүүгийн түвшнээс доошгүй байх журамтай. Гэтэл нэг банкинд зориулж банкинд байрших активыг 25 хувь болгосон журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл 2014 онд гаргасан байна. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар Капитал банкинд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө тухайн банкны активын 36 хувьтай тэнцэж байгааг ҮАГ-аас Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр тогтоогоод байхад сайд С.Эрдэнийн бүрдүүлсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батлагдсан журмыг хэрхэн зөрчсөн алдаагаа одоо хүртэл арилгаагүй бөгөөд үүний цаана хүүний зөрүүний ашиг хууль бусаар хүртсэн, мөнгө угаасан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн, урвуулсан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй  үйлдэл байж болзошгүй гэж МАН-ын бүлэг үзэж, хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж дүгнэж байна. Батлагдсан журмаас бага хүүтэй байршуулснаас алдаж буй хүүний ашиг жилд 40 тэрбумаар хэмжигдэхээр байгаа нь ийнхүү хардах бодитой шалтгаан мөн.

Төрийн банк хэрэв тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлээд өгвөл тохиролцсон хадгаламжийн хүүн дээр банкны зардал болох 4.8 хувийн хүүгийн нэмэгдлээр тэтгэврийн зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтой гэдгээ албан ёсоор илэрхийлээд байна. Жишээ нь, НДС-гийн мөнгийг хадгаламж хэлбэрээр 6 хувийн хүүтэй байршуулахад 10 орчим хувиар тэтгэврийн зээлийг олгох боломжтой. Тэгээд ч банкуудын хооронд өрсөлдөөн бий болж зах зээлийн зарчмаар хүү ч буурах бүрэн боломжтой. Ерөнхий сайд болон салбарын сайд, НДҮЗ-өөс эцэст нь хүсэхэд МАН-ын гишүүдийн санал болгосон шийдлийн дагуу асуудлыг нэн яаралтай шийдэж өгөхийг хичээнгүйлэн хүсье.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler