| |
Дэлхийн манлайлагч залуусын чуулганд З.Лайла Ерөнхийлөгчид хандан үг хэлэв
Дэлхийн 196 орны салбар салбараас төлөөлөн оролцож буй 18-30 хүртэлх насны авьяаслаг, манлайлагч залуус дэлхийн хамгийн ихээр тулгамдаж буй асуудлын талаар мэтгэлцэн, шинэлэг шийдвэрүүдийг боловсруулах ажээ. Мөн оролцогчид НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Анан, Нобелийн энх тайвны шагналт Мохамед Юнус, Ирландын Ерөнхийлөгч асан Мэри Робинсон зэрэг дэлхийд нэртэй улс төрч, бодлого боловсруулагч нартай уулзан, санал бодлоо хуваалцаж байна. Энэхүү «One Young World» арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлж Зулькафилийн Лайла оролцохоор шалгарч, бүтэн тэтгэлэг хүртжээ.
Уг олон улсын хурал нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой Парис хотод болох НҮБ-ын дээд хэмжээний хурлаас хоёр долоо хоногийн өмнө болж байгаагаараа онцлог бөгөөд улс бүрээс нэг оролцогч өөрийн орны төрийн тэргүүндээ хандаж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалж үг хэллээ. Энэ жишгээр Монголыг төлөөлөн оролцох З.Лайла Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржид хандан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх талаар үг хэлж, "Дэлхийн улс орнууд хэд хэдэн удаа цугларч, уур амьсгалын өөрчлөлтийг авч хэлэлцсэн боловч дэлхийн нийт нүүрстөрөгчийн ялгаралтын хэмжээг багасгаж чадахгүй байна. Тиймээс эрхэм Ерөнхийлөгч, би таныг дипломат харилцаагаа ашиглан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хууль ёсны хүчин төгөлдөр олон улсын гэрээ батлахад идэвх, санаачилгатай оролцохыг уриалж байна” гэжээ.