ЭХЯ: Цахилгаан дамжуулах шугамд барилгын материал тохогдсоноос эрчим хүч тасарсан
Эрчим хүчний яамнаас цахилгаан тасарсантай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Энэ үеэр "Өчигдөр 15:28 цагийн орчимд гурвалжингийн гүүрний ойролцоо цахилгаан дамжуулах агаарын шугамын 29-р тулгуурт барилгын тугалган цаастай 13 метр урт материал тохогдсоноос богино залгаа үүсч, цахилгаан эрчим хүч тасарсан.
Эрчим хүчний тухай хуульд заасан шугам сүлжээ хамгаалах дүрэм зөрчигдсөн. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, хамгаалалтын зурваст буусан айл өрх, аж ахуй нэгжүүдэд удаа дараа шаардлага хүргүүлж байгаа боловч үр дүнд хүрэхгүй байна. Тиймээс эрчим хүчинд эрсдэл учруулж байна.
Хамгаалалтын зурваст 2019 онд 271 аж ахуй нэгж байсан бол 2020 онд 241 болгож бууруулсан. Айл өрхүүд 860 байсан нь 962 болж өссөн. Газар чөлөөлөлтийг хийдэг боловч дахин айл өрхүүд буудаг зөрчлүүд даамжирсаар байна. Тэгэхээр хамгаалалтын зурваст буух нь ямар хор уршигтайг анхаарах хэрэгтэй байна” гэлээ.
