|
Видео

Шинэ мэдээ

С.Батболд: Хотын даргын хувьд нэг ч удаа газрын захирамж гаргаагүй

С.Батболд: Хотын даргын хувьд нэг ч удаа газрын захирамж гаргаагүй

Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулдаг "Хот ба сэтгүүлч” дөрөв дэх удаагийн уулзалт өчигдөр боллоо. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалт, шинээр хийж байгаа ажил, Улаанбаатар хотын төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Тэрбээр "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар 2016 онд томилогдон ажилласнаас хойш 800 дахь хоног тохиож байна. Намайг ажил авах үед хот 100 тэрбум орчим төгрөгийн өртэй байсан. Энэ өрийг бүрэн төлж барагдуулснаар Улаанбаатар өргүй хот боллоо. Бид одоо гадаад, дотоодын санхүүгийн байгууллагатай харьцахад ямар ч асуудалгүй болсон. Мөн дүүрэг, агентлаг болгонд байсан дансыг хааж, зөвхөн нэг дансаар хотын бүх гүйлгээг хийж байгаа” гэж хэллээ.

УЛААНБААТАР ХОТ БИЕ ДААСАН СТАТУСТАЙ БОЛНО

Үүний дараа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн талаар танилцууллаа. Энэ хуулийг хамгийн сүүлд 1994 онд шинэчилсэн бөгөөд тухайн үед Улаанбаатарын суурин хүн амын тоо 589 мянга байжээ. Харин өдгөө нийслэлд 1.4 сая хүн амьдарч ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Мөн 20337 автомашин бүртгэлтэй байсан бол өнөөдрийн байдлаар 400 гаруй мянга болсон зэрэг олон асуудал байгаа учраас тус хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэнийг онцлов. Тиймээс хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцүүлж, батлуулахаар ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

ХӨЛБӨМБӨГИЙН 50 ШИРХЭГ ТАЛБАЙТАЙ ДҮЙЦЭХҮЙЦ ГАЗРЫГ ЭЗДЭД НЬ БУЦААН ОЛГОЖЭЭ

Тэрбээр газрын реформ, шинэчлэлд ямар ажил хийж байгаа талаар танилцуулав. С.Батболд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болсноос хойш сургууль, цэцэрлэг, орон сууц, гэр хорооллын дунд газар олгоогүйгээ энэ үеэр мэдэгдлээ. Харин зөрчил бүхий 16.8 га газрыг хураан авч, зөвшөөрлийг хүчингүй болгон сургууль цэцэрлэг, оршин суугчдад буцаан олгосон байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр дэх сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай дунд сургууль, Баянзүрх дүүргийн I хорооны нутаг дэвсгэр дэх 33 дугаар сургуулийн эзэмшилд газар олгосныг хүчингүй болгожээ. Түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/- нд нийтдээ 40.8 га газрыг олгож, тоглоомын талбай, тохижилт хийх боломжоор хангасан байна. Ийм байдлаар 57 га талбайг иргэд болон сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдэд эргүүлэн олгосон нь хөл бөмбөгийн 50 ширхэг талбайтай дүйж байгаа аж.

ДЭД БҮТЦИЙН ТӨВ БАЙГУУЛАХ АЖИЛ ӨРНӨЖ БАЙНА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн санаачилгаар гэр хорооллыг хөгжүүлэх шинэ бодлого, төлөвлөлтийн ажлыг эхлүүлж, бүрэн утгаар нь хэрэгжүүлж байна. Нийслэл хотын гэр хорооллын чиглэлд авах арга хэмжээг төв, дунд, захын гэсэн гурван бүсэд хувааж хөгжүүлэхээр төлөвлөн ажлаа эхлүүлжээ. Тодруулбал, дундын бүс нийт гэр хорооллын 28.8 хувь буюу 2794 га талбайг хамардаг учраас хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх зорилгоор "Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Үүнийг газар дахин зохион байгуулах төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн VII, Сүхбаатар дүүргийн XVIII хорооны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төслийг хийж дуусчээ. Үлдсэн гурван байршил болох Хан- Уул дүүргийн IX, Сонгинохайрхан дүүргийн IV, Баянзүрх дүүргийн XXIII хороонд барих Дэд бүтцийн төвийн зураг төслийн ажил дуусах шатандаа орсон байна. Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас 53 иргэнд орон сууц олгож, 3.2 га газрыг нийслэлийн Газрын санд шилжүүлжээ. Мөн Азийн хөгжлийн банк /АХБ/-тай хамтарч Сэлбэ, Баянхошуу дэд төвийг байгуулахаар дэд бүтэц, сургууль, цэцэрлэг зэрэг шаардлагатай бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байна. Ийнхүү гэр хорооллыг хөгжүүлэх шинэ бодлогыг хотын удирдлагууд хэрэгжүүлж байгаа аж. Нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай хүргэх үүднээс 55 үйлчилгээг цахимжуулах бэлтгэл хангажээ. Энэ хүрээнд нийслэлийн хороодод төрийн үйлчилгээг хүргэх ажлыг энэ онд эхлүүлсэн бөгөөд Улаанбаатар хотод нэг цэгийн үйлчилгээний "супермаркет” дөрөв байгааг энэ үеэр тодотгов. Түүнчлэн иргэдийн хамгийн их авдаг долоон төрлийн үйлчилгээг хороонд хүргэхэд бэлэн болсон гэдгийг дуулгалаа.

СҮҮЛИЙН 60 ЖИЛД ХИЙГЭЭГҮЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ

Нийслэл хотын захиргааг Яармаг руу шилжүүлэх ажлыг эхлүүлж, барилгын суурийг тавьжээ. Тиймээс ирэх онд хотын захиргаа Яармаг руу нүүж, нийслэлийн ЗДТГ, харьяа 33 агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд шилжин байрлах боломж бүрдэх юм. Ингэснээр нийслэлээс 330 төрлийн ажил, үйлчилгээ авахаар хотын төвд бөөгнөрөл үүсгэх асуудал цэгцэрнэ гэж тооцжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Майдар, шинэ нисэх буудлыг түшиглэсэн Аэросити зэрэг дагуул хотыг хөгжүүлэн төвлөрлийг сааруулах юм байна. Түүнчлэн автозам, дэд бүтцийн салбарт сүүлийн 60 жилд хийгээгүй бүтээн байгуулалтыг өрнүүлжээ. Тодруулбал, нийслэлийн автозамын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, автозамын сүлжээний гол болон туслах гудамж зам, тэдгээрийг холбосон автозамыг шинээр барихаар төлөвлөсөн байна. Энэ онд тус салбарт нийслэлийн төсвөөр 13.1 километр зам шинээр тавьж, 2.2 километр замыг өргөтгөн шинэчилсэн байна. Дэд бүтцийн салбарт хийж байгаа хамгийн гол бүтээн байгуулалт нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр барьж буй дөрвөн том гүүрийн төсөл гэдгийг дуулгалаа. Ингэснээр Улаанбаатар хот 60 жилийн дараа гүүрэн байгууламжаа цогцоор нь шинэчилж байгаа юм.

"НЭГ ХОТ, НЭГ СТАНДАРТ” ЗОРИЛТ ДЭВШҮҮЛЖЭЭ

Нийслэлд амьдарч буй иргэд стандартад нийцсэн үйлчилгээ авах ёстой бөгөөд үүний тулд Улаанбаатарыг дэлхийн хотуудын стандартад хүргэх хэрэгтэй гэж үзэн "Нэг хот, нэг стандарт” зорилт дэвшүүлжээ. Энэ бол хотын даргын хийх ёстой ажил гэдгийг уулзалтын үеэр хэллээ. Тэрбээр "Бага тойруугаас Багахангай, төв талбайгаас захын хороолол хүртэл нийслэл хотын 4700 ам дөрвөлжин км нутаг дэвсгэрт нэг л стандарт үйлчлэх ёстой. Үүнийг нэг хот, нэг стандарт гэж байгаа юм. Агаарын чанар, сургуулийн хүрэлцээ, гадна тохижилт, нийтийн тээвэр, барилга орон сууц гэх мэт хотын амьдралын хэм хэмжээ болсон үзүүлэлт өдөр, шөнө шиг ялгаатай байх ёсгүй” гэв. Түүнчлэн нийслэлийн үлгэр загвар, зорилго зорилт бол Сингапур. Бид тэдний стандартад ойртох ёстой гээд энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд хийсэн зарим ажлаасаа танилцуулав. Тухайлбал, үйлчлүүлж байгаа иргэдэд ая тухтай байх, стандартад хүргэх зорилгоор нэгдсэн III эмнэлэг, ГССҮТ-ийн гаднах зам талбайг тохижуулжээ. Мөн гэр хорооллын иргэдэд дэд бүтцийг нь хүргэх зорилгын хүрээнд Баянхошуу, Сэлбэ шинэ дэд төвийг байгуулах ажлыг эхлүүлсэн байна. Эдийн засгийн боломж, орон сууц, хотын дэд бүтцийн үйлчилгээ, хангамж бүхий эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах таатай орчин нөхцөл бүрдүүлсэн, бие даан хөгжсөн, дэд төвийн сүлжээг гэр хороололд бий болгох нь энэ төслийн зорилго аж. Эдгээр нь "Нэг хот-нэг стандарт” зорилтод хүрэх ажлын эхлэл гэдгийг нийслэлийн Засаг дарга тодотгов. Энэхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

"ШАХМАЛ ТҮЛШИЙГ ТҮҮХИЙ НҮҮРСТЭЙ АДИЛ, ТҮҮНЭЭС ДООШ ҮНЭТЭЙ БАЙЛГАХ ШААРДЛАГА ТАВЬСАН”

-Ойрын өдрүүдэд автомашины түгжрэл дээд цэгтээ хүрч байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

- Ажлын хэсгээс тодорхой санал танилцуулна. Жишээлбэл, нэг чигийн урсгалтай болгох эсвэл дугаарын хязгаарлалтаар явуулах, уулзварын гэрэл дохиог өөрчлөх гэх мэт арга байж болно. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа цэгцэртэл автомашиныг тэгш, сондгойгоор нь явуулах саналыг иргэд гаргаж байна. Өмчлөх, өөрийн эд хөрөнгөө ашиглах эрхэд нь шууд халдаж болохгүй. Гэхдээ нийтийн эрх ашгийн үүднээс ийм арга хэмжээ авч болно. Ажлын хэсгийнхэн нэн даруй хуралдаж, түгжрэлийг хэрхэн бууруулах талаар ярилцаж байж шийдвэр гаргана.

-Агаарын бохирдлыг бууруулахын тулд дэд бүтцийн төв байгуулахаас гадна энэ өвөл ямар ажил хийхээр төлөвлөж байна. Үр дүнд нь агаарын бохирдол хэдэн хувиар буурна гэж тооцсон бэ?

- Агаарын бохирдлын асуудалд Ерөнхий сайд У.Хүрэлсүх маш их анхаарал хандуулж, хоттой хамтарч ажиллаж байгааг зориуд цохон тэмдэглэе. Энэ асуудлыг шийдэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаагаас хоёрыг нь танилцуулъя. Нэгдүгээрт, нийслэлд түүхий нүүрс түлэхийг хориглох нь зүйтэй. Гэхдээ үүний оронд үнэтэй шахмал түлш шахахгүй. Нийслэлд 600-800 мянга орчим тонн шахмал түлшний хэрэгцээ бий. Үүнийг хэрхэн үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Тодруулбал, 200 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах шийдвэр гаргаж, "Эрдэнэс Тавантолгой” компанийн дэргэд "Эрдэнэс түлш” гэсэн үйлдвэр байгуулж байна. Үүнээс гадна 200 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хувийн хэвшлийн үйлдвэр байгуулахаар хотоос газрыг нь шийдсэн. Үлдсэнийг нь одоо шахмал түлш үйлдвэрлэж буй үйлдвэрүүд хариуцах юм. Ингээд тэд 2019 оны есдүгээр сарын 15 гэхэд 600 мянган тонн шахмал түлшний нөөц бий болгох үүрэг хүлээсэн. Мөн үнийн хувьд түүхий нүүрстэй адил, түүнээс доош байх шаардлага тавьж байгаа. Хоёрдугаарт, янданд шүүлтүүр тавих ёстой. Ирэх сарын 1 гэхэд Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж байгаа 3000 уурын зуухнаас 100 кВт-аас дээш хүчин чадалтай 500 зууханд шүүлтүүр тавина. Ингэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 орчим хувиар бууруулах боломжтой. Холын зорилт бол гэр хорооллыг орон сууцжуулах явдал юм.

-Өрх бүр, зарим нь 2-3 автомашинтай байна. Цаашид Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхгүй байхад хэрхэн анхаарч байна вэ?

- Автомашины түгжрэл бол бидний санаа зовоосон асуудлын нэг. Жилд 40 мянган автомашин гаалиар оруулж ирдэг. Үүний 80 хувь нь нийслэлд үлддэг. Харин албан ёсоор нэг ч автомашиныг актлахгүй байна. Түгжрэлийг сааруулах маш олон арга бий. Тухайлбал, авто зам тавих, жолооч нарын ур чадварыг дээшлүүлэх, явган зорчигчдын урсгалыг шийдвэрлэх үүднээс орц, гарцаа нэмэгдүүлэх гэх мэт. Жолооч нарын ур чадвараас түгжрэлийн 20 хувь шалтгаалдаг болохыг олон улсад судалгаагаар тогтоосон байдаг. Ер нь цаашид автомашины импортод бодлоготой хандах ёстой. Буруу талдаа рультай автомашиныг хэзээнээс эхэлж оруулж ирэхийг хориглох, үйлдвэрлэсэн он заах эсэх зэрэг олон асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй. Энэ жил бид "UB taxi” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Олон нийт үүнийг хувийн хэвшлийнхэн хийж болдоггүй юм уу гэсэн ойлголттой байгаа. Эхлээд төр оролцож, мөрдөх стандартыг нь тогтоосны дараа хувийн хэвшлийнхэн тэр стандартыг мөрдөж такси үйлчилгээг үзүүлэх бүрэн боломжтой.

-Хотын захиргааг Яармаг руу хэзээ нүүлгэх вэ?

- Нийслэл хотын захиргааг Яармаг тийш шилжүүлэх ажил эхэлж, барилгын суурийг тавьсан. 2019 онд хотын захиргаа Яармаг руу нүүж нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд шилжин байрлах боломж бүрдэнэ. Ингэснээр 330 төрлийн ажил, үйлчилгээ нийслэлээс авахаар хотын төвд бөөгнөрөл үүсгэдэг байдал арилна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Майдар дагуул хот, шинэ нисэх буудлыг түшиглэсэн Аэросити зэрэг дагуул хотыг хөгжүүлэн төвлөрлийг багасгахаар төлөвлөж байна.

"НИЙСЛЭЛИЙН НАМЫН ХОРООНЫ ДАРГАД НЭР ДЭВШИНЭ”

-Нийслэлийн намын хорооны дарга нь хотын дарга байна гэдэг заалт дүрэмд байдаг уу?

- Нийслэлийн намын хорооны хурлыг энэ сарын 21-нд зохион байгуулна. Би нийслэлийн намын хорооны даргад нэр дэвшинэ. Яагаад гэвэл, 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө ард түмэнд танилцуулсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд би энэ албан тушаалд байх ёстой.

-Таныг "Макс”-ын Д.Ганбаатартай газар наймаалцсан байж болзошгүй гэх үндэслэлээр хуульч Г.Нацагдорж АТГ-д хандсан. Үнэхээр ийм зүйл болсон юм уу?

- Хотын даргын хувьд газрын асуудалд хатуу байр суурьтай байгаа. Мөн маш болгоомжтой ханддаг. 2016 оны долоодугаар сараас хойш нэг ч удаа газрын захирамж гаргаагүй. Дүүргийн Засаг дарга нар ч мөн адил. Өнөөдрийг хүртэл хэн нэгэнд шинээр газар олгоогүй. Дандаа шүүхийн шийдвэр, хоорондоо шилжүүлсэн байдлаар захирамж гарч байгаа. Гэхдээ маш олон компани ихээхэн хэмжээний газартай байдаг. Яармагийг төлөвлөлтийн дагуу хөгжүүлэхийн тулд тухайн хэсэгт газар авсан хүмүүстэй уулзаж өгч, авах талаар ярилцах ёстой. Үүний эхлэл бол "Макс”-ын Д.Ганбаатарын газар. Тэр 70 га газрыг морин тойруулга барих зорилгоор авсан юм билээ. Гэтэл зөвшөөрлөө сунгуулаагүй байсан учраас түүнийг нь 2015 онд хүчингүй болгож, шүүхийн шатанд очсон. Бид уулзаж ярилцсан. Улаанбаатар хот Зүүн хойд Азийн аялал жуулчлалын төв болохын тулд аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэг буюу морин тойруулгатай байх учиртай гэсэн учраас энэ асуудлыг судлах үүргийг өгсөн. Ингэснээр шүүхийн шатанд эвлэрлийн гэрээ байгуулж, шүүхийн шийдвэрээр буцааж олгосон байгаа. Ингэхдээ тухайн газраас хотын хэрэгцээнд зориулж 4.4 га-г авч, ОХУ-ын Буриад улсын Соёлын төвд шилжүүлсэн.

-Нийслэл, дүүргийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудад аудит оруулж, нэлээд олон зөрчил илрүүлсэн байна билээ. Зөрчлийг арилгуулахад ямар арга хэмжээ авч байна вэ?

- Нийслэлийн дэргэд аж ахуйн тооцоотой, төсөвт үйлдвэрийн гэх мэт 33 газар бий. Эдгээрийн зарим нь яалт ч үгүй хэрэгтэй. Тиймээс шаардлагагүйг нь татан буулгах, нэгтгэх арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

C.Юмсүрэн

эх сурвалж:ugluu.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler