Нар эргэж, наадам өндөрлөсөн, одоо намрын ажилдаа “алхаад марш”
"Наадмын дараа наадам”. Манайхан наадмын маргааш намар гэдэг үгийг ингээд өөрчилчихсөн байна. Наадмын маргааш наадам гэдэг нь өнөө цагийн зураглалаар бол яг тохирсон хэллэг болчихоод байгаа юм.
Улсын их баяр наадам өндөрлөөд 10 шахам хонож байна. Гэвч Монгол нутагт наадмын морьдын тоос замхараагүй хэвээр. Хөдөө замд морьд ачсан машинууд хойш урагш сүлжилдсээр л байна. Тэд хаа нэг газар руу наадам зорьж яваа нь лавтай. Ер нь наадам олон болсон, наадамллах шалтгаан ч гарын дор байх болсон шүү дээ. Ах дүү, ургийн баяр, анги хамт олны уулзалт гээд хэр хэрэндээ таарсан наадам болж хувирсан. Төв аймгийн нэгэн сумын томоохон багт 60 гарсан хоёр эр үерхэж нөхөрлөж ирсэн 40 жилийн ойгоо тэмдэглэж хөлтэйхэн наадам зохиож байхтай өнгөрсөн жилийн өдийд таарч байснаа өнөөдр нэхэн санав.
"Алтан унжлагат” хэмээн бэлэгшээж байсан тахиа жилийн зуны зургадугаар сар сүүлийн 56 жил тохиогоогүй халуун сар болсныг мэргэжлийнхэн сануулав.
Энэ долоо хоногт тоймтойгоос гэвэл хоёр гурван хоногийн өмнө Өмнөговь аймаг наадмаа өргөн дэлгэр хийлээ. Одоо залгуулаад энэ сарын сүүлээр Дундговийнхон их эрдэмтэн Зава Дамдины ойг аймгийн наадамтайгаа хамтруулан хийх гэж байна. Ханхөхий, Алтан-Овооны тахилга наадам гээд огшсон хүн олон байна. Энэ мэтээр зуны дунд сард эхэлсэн наадам намрын адаг сараар арай гэж шувтардаг болоод байгаа.
Баярлаж хөөрөх сайхан. Гэхдээ зуны сар зургаа биш. Манайх шиг нүүдлийн мал аж ахуйд суурилсан эдийн засаг, эргэх дөрвөн улиралтай улс оронд цаг хугацааны хүчин зүйлийн нөлөө их байдаг. Зун намрын урин дулаан цагаар ирэх өвөл хаврын бэлтгэлээ базаах, хот суурин газар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтаа урагшлуулах гээд цаг нараар хэмжигддэг ажил нь дэндүү их.
"Алтан унжлагат” хэмээн бэлэгшээж байсан тахиа жилийн зуны зургадугаар сар сүүлийн 56 жил тохиогоогүй халуун сар болсныг мэргэжлийнхэн сануулав. Мэргэжлийн байгууллагын өгч буй мэдээллээр Монгол нутгийн 70-80 хувь нь гантай байна. Хуурай халуунаас шалтгаалан нийт ургацынхаа 40 хувийг алдах эрсдэл үүсээд байгааг салбарынхан тооцож гаргажээ.
Муухай дээрээ улцан гэдэг шиг энэ хавар, зуны ой хээрийн түймэр ихээхэн ажил удаж, эдийн засгийн үлэмж гарз хохирол авчрав. Хээрийн зэрлэг амьтад ялангуяа дорнод талын цагаан зээр хэдэн мянгаараа харангадаж дэлхий дэрлэлээ.
...Өмнөговиос танил маань иржээ. Тэднийх аймгаасаа холгүй нутагладаг, бас л нэг мянгатуудын нэг. Хойт талын хоёр гурван сум хавар эрт ногоотой залгажээ. Өвлийн цасны чийгээр ургасан жаахан ногоотой газраа хол ойрын малчид хаяа багтахаараа бууж, хушуу багтахаараа идэж малаа жаахан тэнхрүүлж авчээ. Одоо тэгээд аймгийн нутаг бүхэлдээ гандуу, нүүе гэхэд ойр хавьд очих ногоотой газар байхгүй гэнэ. Ёстой л хошуу алгасч хойшоо ар, өвөр хангай руу нүүхгүй юм бол, тэндээс нааш очоод малын хамар хатгах ногоотой нутаг үгүй гэж байна. Гэхдээ нутгийн чулуу гурав хөдлөөгүй цагт мал турж үхдэггүй гэж үг бий дээ хэмээн сэтгэлээ аргадаж суухтай нь таарлаа. Ийн говийн малчид гантай жилийн гачланд бүслэгдчихээд байгаа аж.
Гэхдээ нутгийн чулуу гурав хөдлөөгүй цагт мал турж үхдэггүй гэж үг бий дээ хэмээн сэтгэлээ аргадаж суухтай нь таарлаа.
Өнөө жилийн тухайд арвин хадлан тэжээл бэлтгэх зорилго тооцоо холдоод явчихлаа. Гэхдээ хангай дэлхий арвин даа. Засгийн газар өнгөрсөн мягмар гарагийн хуралдаанаараа өвс тэжээл л экспортолохыг хориглосон нь нүдээ олсон шийдвэр боллоо.Тэгэхээр бага гэлтгүй байгаа бүхнээ хурааж хумьж чадвал хадлан тэжээлийн улсын нөөцөө бүрдүүлчих боломж бий. Энэ бүхэнд гагцхүү удирдан зохион байгуулах ур дүй л хэрэгтэй. Үлдэж буй хугацаанд тэнгэр хангай ивээж хур бороогоо хайрлавал бас цаг бол байнаа аа, байна. Ялангуяа говьд бол есдүгээр сард ч ногоо хэнзэлж л байдаг шүү дээ. Тэгэхээр мал сүрэгтээ тарга хүч авахуулах, хүнсний ногооны арвин ургац хураах боломж байгаа гэсэн үг.
Хот суурин газрын өвлийн бэлтгэл гэж том ажил бий. Эс хангавал тасалгааны зуд гэж айхтар аюул нүүрлэнэ.
Өвөл гэхээр л Улаанбаатарын утаа эхэлж төсөөлөгдөөд байх юм. Энэ жил хотод түүхий нүүрс түлүүлэхгүй, тээвэрлүүлэхгүй гэсэн чиг хандлагатай байгаагаа хотын удирдлагууд илэрхийлсэн. Уг нь зөв санаа боловч гэр хорооллын айл өрхүүдээ дулаанаар яаж хангах вэ. Түүхий нүүрсний оронд хэрэглэх утаагүй түлш хаана байгаа вэ, хүрэлцээ хэрэглээ талаасаа хэр байх вэ гэсэн иргэдийн хүлээлт буй.
Монгол нутгийн өвөл хахир хүйтэн. Тэр дундаа Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэсэн нэр тодотголтой. Өвөлд өдийгөөс бэлдэж эхлэхийн сануулга энэ. Зуны сар зургаа биш, намрын сар найм биш. Нар эргэж, наадам өндөрлөсөн болохоор одоо намрын ажилдаа "алхаад марш”.
П.Булган
