| |
Видео
Шинэ мэдээ
Гэрч: Хэрэг гарсны дараа Д.Булган "Хүний паспортоор ч хамаагүй гадагшаа явчихмаар байна" гэсэн
"Ардчиллын
алтан хараацай”, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Д.Булганыг
баривчлан саатуулаад байгаа билээ. Түүнийг өнгөрсөн бямба гарагийн шөнө
гэрээс нь баривчилсан хэмээж байсан бол өчигдөр хорих хугацааг дахин 14
хоногоор сунгасан.
Хуулийн байгууллагынханы зүгээс Д.Булганыг ямар хэрэгт буруутган,
саатуулснаа тайлбарлаагүйгээр барахгүй, хаана хорьж буй тухайгаа ч
нууцалж байгаа.Харин олон нийт болон эх сурвалжуудын зүгээс С.Зориг
агсны аллагатай холбогдуулсан гэх мессежийг тараагаад байгаа юм. Зарим
хүний хэлж буйгаар Д.Булгантай хамт хоёр ч хүнийг хорьсон тухай мэдээлэх
болсон.
Бид С.Зориг агсны 50 насны ойг тохиолдуулан 2012 оны дөрөвдүгээр
сард түүнтэй холбоотой болон энэхүү аллагын гэрч, хохирогч нартай хийсэн
ярилцлагуудыг цувралаар хүргэж байсан билээ. Энэ удаа Д.Булганы
баривчилгаатай холбогдуулан түүх сөхөж, 2012 оны дөрөвдүгээр сарын 17-ны
өдөр хэвлэгдэн гарсан ¹074 /1411/ дугаар болон сэтгүүлч Р.Даваажав
Д.Булгантай 1998 онд хийсэн ярилцлагыг хүргэж байна.
Санжаасүрэнгийн Зориг агсан зэрлэг алуурчдын гарт харамсалтайгаар
амиа алдсанаас хойш олон жил өнгөрлөө. Мэдээж, Зоригийг алахад
оролцсоноос бусад бүх хүн хэрэг хурдан илрээсэй гэж бодож байх шиг.
Гэтэл өнөөг хүртэл алуурч¬дын тухай тулхтай барьц үгүй бололтой. С.Зориг
агсныг хө¬нөөсөн алуурчдыг гурав¬хан хүн харсан тухай бид хангалттай
сонссон. Гэ¬тэл, магадгүй, алуурчин эсвэл тэдний хамсаатан байж болох
хүнийг харсан гур¬вын гурван гэрч өнөөдөр үгээ хэлснийг уншигч танд
толилуулъя.
Жич: Гэрчүүдийн аюулгүй байдлыг харгалзаж нэр, хаягийг нууцалсан болно.
1-Р ГЭРЧ ЮУ ЯРИВ?
-Та Зориг агсныг хөнөөсөн байж болзошгүй хүнийг харсан, тэр байтугай ярьж үзжээ. Тэр өдрүүдэд болсон явдлын тухай ярина уу?
-Хоёр дахь өдрийн (1998.09.29/мягмар гараг) өглөө нэг залуу манай
гуравдугаар давхарт хана налчихсан, давхар хоорондын цонхоор гадагшаа
хараад зогсож байсан. Тэр үед би нэг их анзаараагүй өнгөрсөн юм. Өдөр 13
цагийн үед ач хүүгээ сургууль руу нь гаргаж өгөхөд бас л орцны цонхоор
ширтээд зогсож байлаа. Одоо бодоход талийгаачийн байрны чигт, чухамдаа
тэдний цонх руу ч юм уу, байрны гаднах мод руу цонхоор хараад байсан
санагддаг юм.
Би үдээс хойш дахин гарахдаа тэр залуугийн тухай таг мартчихсан
байснаа бас л зогсож байхыг нь хараад, өглөөний залуу байна даа, айлын
охин хүлээж байгаа юм уу эсвэл хүн хүлээж байгаа юм байлгүй дээ гэж
бодсон. Тэгээд, «Миний хүү, яагаад энд зогсоод байгаа юм бэ» гэсэн чинь
«Би хүн харж байна аа» л гэж хэлсэн. Өөр юм яриагүй, ярих ч сонирхолгүй
нь илт байсан.
Тэр их намуухан яриатай, гунигтай ч юм шиг, уйтгартай ч юм шиг
тиймэрхүү нүдтэй залуу байсан. Түүнийг хараад надад, яасан ч уйтгартай,
гунигтай байгаа юм бэ дээ гэж бодогдож байлаа.
Орой нь 17 цаг өнгөрсхийгээд ачаа сургуулиас нь тосохоор га¬рахад
шатан дээр зогссон хэвээрээ л байсан. Харин даваа гарагт ямар нэгэн
сэжигтэй хүн харагдаагүй.
Гурав дахь өдрийн (1998.09.30/ лхагва гараг) орой 18 цаг арай
болоогүй байхад би ачтайгаа та-лий¬гаачийн байшингийн булан¬гаар гараад
гэр рүүгээ ирж явтал нөгөө залуу, нөгөө хувцастайгаа аптекийн үүдний
тагтанд, бид хоёр руу хараад диагнольдсон байдалтай зогсож байсан. Тэр
өдөр бороо шивэрч байлаа. Би ачдаа, «Өчигдөржингөө манай орцонд зогсоод
байсан нөгөө залуу чинь тэр байна» гэж хэлсэн юм. Тэгтэл аптекийн хаалга
налаад зогсож байсан нөгөө залуу бид хоёрыг хармагцаа хаалганы араар
ухарч далд орсон. Тэгэхэд надад, яагаад намайг хараад зугтаж, нуугдаж
байгаа юм бол доо гэх бодол төрсөн, ер нь их сэжигтэй санагдсан юм.
Дөрөв, тав дахь өдрүүдэд (1998.10.01-02) үүгээр байсан эсэхийг
мэдэхгүй, манай орц хавиар лав харагдаагүй. Тэгээд тэр аймшигт явдлын
дараа дэлгүүр орж яваад сониноос Зоригийг алуулсан тухай мэдэж, сонин
худалдаж авсан юм. Элдвийг бодоод гэр рүүгээ явж байтал нөгөө залуу
гэнэт бодогдоод, сонин дээр гарсан алуурчны ам зургийг харвал нөгөө
залуутай их төстэй, адилхан санагдсан.
Тэгээд аптекийн хүүхнээс, «Тэр өдөр танай энэ хаалганы тагтан дээр
тийм хувцастай хүн байж байгаад намайг хараад нуугдсан. Тэр хүн өдөржин
манай үүдэнд байсан, ямар учиртай хүн байв аа, мэдэв үү» гэтэл аптекийн
хүүхэн, «Хүүе ээ, тэр хүн чинь манай нөгөө хүүхний ээлжин дээр өдөржин
энд зогсож, гадагшаа хараад л өнжсөн гэнэ лээ, та өөрөөс нь асуу» гэсэн.
-Тэр явдлаас хойш танд сэжигтэй зүйл мэдэгдэв үү?
-Зоригийг нас барснаас хойш дөрөв хоногийн дараа шөнийн 01 цагийн
үед манай хаалгыг цо¬хиж, хонх дараад болихгүй бай¬санд би жаахан айсан.
Хаалгаа тайлж өгөөгүй.
Маргааш орой нь 10 цагийн үед бас хонх дараад салахгүй болохоор нь
хөрш айлын хүүхэн рүүгээ утастаж, «Чи хаалганы дурангаараа манай үүдэн
дээр хэн байгааг хараадахаач» гэтэл, «Лам хувцастай хүн байна аа,
хоёулаа зэрэг хаалгаа тайлаад, учрыг нь асууя» гээд хаалгаа зэрэг
онгойлготол үнэхээр халзан толгойтой, дөч эргэм насны лам зогсож байсан,
биднээс айл асуусан.
Бид хоёр ч манай байрны тавдугаар давхарт байдаг ламыг сураглаж
байгаа юм байлгүй гээд зааж өгсөн. Тэр лам доошоо харж ярьж байснаа
доошоо уруудсанаа бид хоёрыг гэртээ ормогц дээшээ хурдан гүйчихсэн.
Дараа нь 11 дүгээр сарын дундуур нэг орой согтуу хүн манай хаалгыг
цаг шахам нүдсэн. Тэр хүн миний ярихыг ч сайн мэдэхгүй байгаа бололтой
болохоор нь их согтуу байна даа гэж би бодсон юм. Тэгээд цагдаагийн 102
руу утастаад, согтуу хүн үүд нүдээд байна гэтэл дүүргийн эрүүлжүүлэхийнх
гээд утас өгч тийшээ ярь гэсэн.
Тэр дугаар руу нь ярьсан чинь бид таван минутын дараа очлоо гэсэн.
Надад хамгийн сэжигтэй санагдсан юм нь гэвэл, манай утас коридорт
үүдний ойролцоо байдаг, тэр утаснаасаа, хаалганы цаана намайг цагдаа руу
утсаар ярьж байсан яриаг бүгдийг нь сонсчихсон бололтой, «Та намайг
сэргийлэх дуудаж бариулж байх шив дээ» гэж шал согтуу, миний өмнө нь
хэлсэн зөндөө үгийг дуулаагүй мөртлөө тэгж хэлсэн нь. Тийм их согтуу юм
шиг байсан хэрнээ намайг «та» гэж бүр хөгшин хүн гэдгийг мэдэж байгаа
юм.
Тэр үед манай бэр гаднаас ирж, би бэрээсээ «Орцонд согтуу хүнтэй
таарав уу» гэтэл, «Таарсан, муухай орилсон хүн хажуугийн гуравдугаар орц
руу орлоо» гэсэн. Удалгүй цагдаа ирсэн. Түүнд тийшээ орсон тухай хэлтэл
цагдаа араас нь гүйгээд явсан. Яасныг нь мэдэхгүй. Талийгаачийн хэрэг
явдлаас хойш манай хаалгыг шөнө 12 цагийн үед цохих юм уу, хүн асуух
явдал гараад л байдаг байлаа. Өмнө нь тэгдэггүй байсан.
-Та дахин тэр залууг хараагүй биз?
-Ингээд бодоод байхад, өөр хүн ч юм уу, айлын охин хүлээж байсан юм
бол мэдээж ахиж үүгээр үзэгдэж, эргэлдэж л таарна, гэтэл хэрэг гарснаас
хойш ерөөсөө харагдаагүй, би битүүдээ их л хайдаг. Энд тэнд тааралдвал
залуу¬чуудад хэлж байгаад бариад авна гэж бодоод л явдаг юм. Тэгээд эгч
нь тэр хүнийг цагдаад хэлж шал¬гуулъя гэж бодоод цагдаад хэлсэн.
-Тэр хүний тухай та дүрсэлж өгнө үү?
-Үсээ зүүн гар тийшээ налуулсан, царай, нүдний хэлбэр нь анхны ам
зурагтай тун төстэй, давхраагүй нүдтэй, 34-35 орчим насны, 169-172 орчим
см өндөртэй, яльгүй махлагдуухан, задгай энгэртэй ноо¬лууран цамцтай,
чернилэн ягаан брюктэй, ботинктай, догшин, хогийн биш жирийн л нэг
байдаг л хүн. Тэгсэн атлаа уйтгартай, гунигтай юм шиг бор царайтай
хүү¬хэд байсан. Дуу хоолой нь шин¬гэвтэр, намуухан, зөөлхөн ярьж байсан.
Одоо бодоод байхад надад их сэжигтэй санагдсан зүйл гэвэл, гурав
дахийн орой хүү бид хоёрыг байшингийн булангаар ирж явахад тэр холоос
таниад, хаалганы завсраар нуугдмагц нь шууд хэртхийсэн явдал. Одоо би
харвал тэр хүнийг танина аа.
-Та тэр хүнийг Зориг агсныг алсан этгээд мөн гэж үзэж байна
уу. Баттай мөн гэж хэлж чадах уу. Гарцаагүй биш юм аа гэхэд ямар нэгэн
баримжаатай батлан хэлж чадахсан болов уу?
-Хамсаатан байж болзошгүй юм аа.
-Сонирхолтой мэдээлэл өгсөн танд баярлалаа.
2-Р ГЭРЧ ЮУ ЯРИВ?
-Та Зориг агсныг хөнөөсөн байж болзошгүй хүнийг харсан, тэр байтугай ярьж үзжээ. Тэр өдрүүдэд болсон явдлын тухай ярина уу?
-Тэр хүн миний мэдэхээр, манай энэ хавиар даваа, лхагва, пүрэв
гарагт өдөржингөө эргэлдсэн. Мягмар гарагт 33 дугаар байранд өнжсөн гэж
сонссон. Баасан гарагт би хотод байгаагүй учраас тэр залуу энэ хавиар
байсан эсэхийг мэдэхгүй. Тэр хүн эсвэл манай орцон дотор, орцны үүд
хавиар, эсвэл аптекийн үүдэнд зогсоод байсан.
Лав л өглөө хүүхэд цэцэрлэгт хүргэж өгөхөөр гарахад байдаг, өдөр ч
харагддаг, харин орой би гардаггүй учраас орой хэд хүртэл зогсдог
байсныг нь мэдэхгүй юм.
Түүнийг тэгж удаан зогсоод байхаар нь би, «Чи хэнийхийг хүлээгээд
байгаа юм бэ, би орцныхоо бүх айлыг мэднэ, онц хэрэггүй бол эндээс гар»
гэж хэд хэдэн удаа загнахад, «Би хүн хүлээж байна, хэнийхийг мэдэхээ
байчихаад байна, хүн хүлээж байгаа юм аа» гэж хэлсэн. Би зөндөө их
байцаахад нэг их юм яриагүй, ганц хоёр үгээр л хариулж байсан. Лхагва
гарагт би нэлээн загнаж хөөсөн.
Дөрөв дэх өдөр намайг хэд хэдэн удаа дөхөхөд шууд л зөрөөд гараад
явчихаж байсан. Өмнө нь, өнгөрөгч долоо хоногийн ням гарагт (1998.09.27)
манай хаалгыг хулгайч хөшсөн байсан. Тийм учраас би тэр залууг
хулгайчийн хамсаатан байх гэж сэжиглэсэн юм. Би тэр залууг эргэлдэж
байгаа тухай хэсгийнхээ цагдаад хэлсэн ч тоогоогүй.
Олон өдөр, өдөр дараалан зогссон. Мөн манай орцны хоёр давхарт
гараад хойшоогоо нэгдүгээр сургуулийн тийшээ зам руу, эсвэл орцны үүдэнд
гадагшаа хараад, гараа хармаандаа хийгээд зогсдог байсан. Гарт нь ч,
хармаанд нь ч сэжигтэй юм байна гэж надад харагдаагүй. Манай эндээс
талийгаачийн байр, тагт нь маш сайн харагддаг, хойшоо орцны цонхоор бол
нэгдүгээр сургуулийн өмнөх машин зам харагддаг. Талийгаачийн тагт модоор
ялимгүй хаагддаг. Тэр үед тэдний тагт сараалжгүй байснаа тэр явдлын
дараа сараалжилсан байна билээ.
Надад тэр залуу Зоригийг алсан болов уу гэсэн сэжиг төрөөд байсан.
Учир нь, хэрэг гардгийн орой зурагтаар сэжигтний ам зураг гармагц шууд л
нөгөө хүн мөн байна гэж толгойд буусан, тэр тухайгаа гэрийнхэндээ би
ярьж байсан. Тэр ам зурагтай нөгөө залуу их адилхан байсан.
-Тэр хүний тухай та дүрсэлж өгнө үү?
-Дунд зэргийн нуруутай, махлаг биш, бас тийм ч туранхай биш, анхны
ам зурагтай их төстэй, бор ноосон цамцтай, чернилэн өнгөтэй брюктэй,
буржгардуу, тачирхан үстэй, зүүн гар тийшээ үсээ налуулсан, нас нь лав
гуч гарсан, тийм ч унжгар бус биетэй, зөрөөд өнгөрөхөд анхаарал
татахааргүй, бөглүүдүү дуутай, жирийн л байдаг царайтай, хүйтэн, зэвүүн
харагдахааргүй, хүн рүү эгцэлж хардаггүй тийм хүн байсан.
Тэр хүний дуу хоолой нь миний чихэнд одоо ч байна. Би харвал шууд
танина. Харин би түүнтэй ярьсан хирнээ тэр хүний нүд миний санаанд
буухгүй байна, тэр ерөөсөө миний нүд рүү харж яриагүй юм байна.
-Та тэр залуутай дахин тааралдаагүй биз?
-Би тэр залуутай урьд нь ч тааралдаж байгаагүй, тэр хэрэг явдлын дараа ч дахин тааралдаагүй.
-Тэр аймшигт хэрэг явдлын дараахан Булганыг гадаад руу цагаачлахсан гэж ярьж байсан тухай таныг сонссон гэж дуулсан юм байна?
-Тэгж ярьж байсан гэсэн. Тэр явдал Зоригийн оршуулгаас хэд хоногийн
дараа, 49 хоногоос нь өмнө болсон байсан. Булганы гадаад паспортыг
цагдаа хураагаад авчихсан, боломжтой бол гадагшаа явчихмаар л байна,
хүний паспортоор ч хамаагүй явчихмаар байна гэсэн байсан. Бүр юм хумаа
боогоод, бэлдээд тавьчихсан байсан гэдэг.
-Чухам хаашаа гэдгийг нь та мэдээгүй биз?
-Гадагшаа л гэж ярьсан байсан. Чухам хаашааг нь мэдэхгүй ээ.
-Та тэр хүнийг Зориг агсныг алсан этгээд мөн гэж үзэж байна
уу. Баттай мөн гэж хэлж чадах уу. Гарцаагүй биш юм аа гэхэд ямар нэгэн
баримжаатай батлан хэлж чадахсан болов уу?
-Чадна.
-Сонирхолтой мэдээлэл өгсөн танд баярлалаа.
3-Р ГЭРЧ ЮУ ЯРИВ?
-Та Зориг агсныг хөнөөсөн байж болзошгүй хүнийг харсан, тэр байтугай ярьж үзжээ. Тэр өдрүүдэд болсон явдлын тухай ярина уу?
-Би өглөө 10.30-ийн хавьд аптекаа дөнгөж нээгээд байж байтал 11
цагийн үед нэг харсан чинь тагтан дээр эрэгтэй хүн цаашаа хараад зогсож
байсан. Манай тэр тагтан дээр хүүхдүүд эсвэл янз бүрийн хүмүүс орж ирээд
зогсож л байдаг учраас юу ч санаагүй. Өдөр 13 цагийн үед хартал нөгөө
залуу байж л байсан. Би аптекдаа ганцаараа байсан болохоор жаахан айж
байлаа.
Тэр хүн дандаа цаашаа л хараад байсан. Удалгүй манай дүү охин ирж,
би гэдэг хүн зориг орчихсон, дүүтэйгээ тэр залуугийн тухай яриад,
авгайгаа л нэг хүнтэй хамт барих нь дээ, тэгэх л гэж байна гэж
ярилцчихаад, ер нь юу хийж байгааг нь мэдэх санаатай очиж, наад талын
хаалгаа онгойлгоод, «Хөөе, чи наанаа юу хийгээд байгаа юм бэ, яах гээд
байгаа юм бэ?» гэхэд над руу биеэрээ бус толгойгоороо эргэж хараад, хүн
хүлээж байна гэл үү, хүн харж байна гэл үү, тухайн үедээ ач холбогдол
өгөөгүй учраас хэлсэн үг нь хоногшсонгүй, тиймэрхүү л хариу хэлэхээр нь
би тоглоом шоглоом хийж, «Чи арай тагнуулын газраас хүн амьтан тагнаж
байгаа юм биш биз» гэхэд, «Үгүй ээ, үгүй» гээд инээсэн, тэгээд л би
хаалгаа хаасан. Асууж байцаахад их дургүй байсан. Тэгж байж байгаад
16-17 цагийн үед алга болчихсон.
Удалгүй манай дүү охин, «Хөөе, нөгөөдөх чинь тэндээс ийшээ гүйж
байна» гэж хэлсэн. Тэр талийгаачийн байрны зүүн урд байдаг цэцэрлэгийн
тэндээс манай байшингийн баруун өнцөг рүү гүйж байсан. Тэгээд би орой 19
цагийн үед аптекаа хааж байхдаа харсан чинь тэр залуу манай байрны
баруун захын орцны өмнө зогсож байсан. Түүнээс хойш дахиж хараагүй.
-Тэр хүний тухай та дүрсэлж өгнө үү?
-Зоригийг алсан гэх хүний эрэгтэйнх нь анхны ам зурагтай их төстэй
хүн байсан. Адилхан юм шиг санагдаж байлаа. Харин үс нь арай өөр
харагдаж байсан. Тэр залуу 169-170 орчим см өндөртэй, эрэгтэй хүний,
задгай энгэртэй тэмээний ноосон цамцтай, хар бараан өнгийн брюкэн
өмдтэй, жижигхэндүү үстэй, үсээ зүүн гар тийшээ налуулж самнасан,
ерөнхийдөө, нарийн хэлбэл, гонжгордуу, зууван царайтай, царайлаг биш,
том биш жартгайдуу нүдтэй, харц нь айхавтар муухай сэтгэл сэвтээхээр
биш, нүдний шилгүй, овойж товойсон булчин, шөрмөсгүй, ганган биш,
навсгар ч бас биш, том биетэй гэж хэлэхээргүй, 67-68 кг жинтэй болов уу
гэмээр, насны хувьд 32-33, сайндаа л 35 настай, сахалгүй, үсэрхэг хүн
биш, айхавтар айлгахаар төрхгүй, тийм содон бус хүн байсан.
-Таныг талийгаачийн гэргий Булгантай хамт ажиллаж байсан гэж сонссон юм. Энэ үнэн үү. Та Булганы тухай юу хэлэхсэн бол?
-Би Эх нялхсын төвд талийгаачийн гэргий Булгантай хамт ажиллаж
байсан. Би Булганыг муу хэлэхгүй, ямар ч байсан аягүй цайлган, хамаагүй
инээж хөхөрсөн, угаасаа их темпераментный хүн. Тэрнээс биш муу санаатай
юм бол байхгүй дээ. Булганыг хүмүүс халамж нь ихдээд нөхрөөс салдаг, бүр
дэндүү, эрэгтэй хүнийг залхтал нь халамжилдаг хүн гэж ярьцгаадаг
байсан.
-Та тэр залуутай дахин тааралдаагүй биз?
-Тэр хэрэг явдлыг дараа би өөрөө бараг цагдаа болчихоод, энэ хавиар
тэр хүн байна уу гэж хараад, хайгаад ер тааралдаагүй. Би одоо тэр
хүнийг зургийг үзвэл дөхүүлэх болов уу, ерөнхий дүр нь цээжинд байгаа.
-Сонирхолтой мэдээлэл өгсөн танд баярлалаа.
Дээрх гурван гэрчийн ярианд анхаарлаа хандуулбал, үнэхээр тэр
этгээд алуурчин байсан, эсвэл алуурчидтай холбоотой байсан гэж үзвэл,
алуурчид С.Зориг агсныг үгүй хийхийг эртнээс төлөвлөж, ул суурьтайхан
үзэж, урьдчилан судалж, нарийвчилсан төлөвлөгөөний дагуу аймшигт
санаагаа гүйцэлдүүлсэн бололтой.
Хэрэг явдал болохоос өмнө талийгаачийн байрны эргэн тойронд
сэжигтэй үйл явдлууд болсон байж болзошгүй. Одоогоор олдсон мэдээллээс
үзвэл, С.Зоригийн амьдардаг байрыг таван өдрийн турш хэн нэгэн хүн хянан
ажиглаж байсан бололтой.
Бидэнд мэдэгдэж байгаа энэ хүн зөвхөн талийгаачийн байрны ар буюу
зүүн талаас нь хянах үүрэгтэй байсныг үгүйсгэх аргагүй. Мэдээж, өөр
хүмүүс талийгаачийн байрны бусад талаас ажиглаж байсан байж магадгүй юм.
Гэрчүүдийн ярианаас үзвэл, тэд бүгд нэгэн дуугаар байрных нь хавиар
эргэлдэж байсан хүнийг алуурчны анхны ам зурагтай тун адилхан төдийгүй
алуурчин мөн байх гэдэгтэй санал нийлж байгаа юм.
Тэр этгээд долоо хоногийн эхний дөрвөн өдөр тэр хавиар эргэлдснийг
гэрчүүд баттай нотолж байгаа бөгөөд тав дахь өдөр буюу баасан гарагт
түүнийг гэрчүүдээс хэн нь ч хараагүй ба гэрчүүдийн зарим нь хотоос
гадагш явсан байж.
Гэрчүүдийн ярианд өгүүлсэн цэгүүдээс талийгаачийн байр болон машины
зам, орчин тойрон хэрхэн харагдаж болохыг бид туршилт хийн ажиглаж
үзсэнийг фото болон бүдүүвч зургаар үзүүлснийг та анзаараарай.
Аллага болдгийн өмнөх долоо хоногийн ням гарагт тавдугаар байранд
хулгай орохоор завдсан бөгөөд зөвхөн хаалгыг нь хөшсөн байдаг. Тэгээд
энэ тухай хэсгийн цагдаа ирж үзсэн гэдэг. Энэ явдал нь цагдаа ямар
хугацаанд ирж болохоос эхлээд ямар нэгэн байдлаар иргэдийн анхаарал,
сонор сэрэмжийг сарниулах, тандах хэлбэр байсан байж болох тухай хуулийн
нэгэн ахмад ажилтны таамагласныг энд өгүүлэхэд илүүдэхгүй биз.
Хачирхалтай нь, тавдугаар байрны хавьцаа хэн нэгэн эргэлдээд байгаа тухай хэсгийн цагдаад хэлсэн ч анхаараагүй, ирээгүй гэдэг.
Гэрчүүдийн ярианд таныг анхаарлаа дахин хандуулахыг хүсье.
33 дугаар байрны эмэгтэйг лхагва гарагт гэртээ орохоор 200 орчим
метрийн зайтай явж байхад нь тэр этгээд таньснаар барахгүй түүнээс
нуугдсан байдаг. Эндээс анзаарвал, тэрээр тун гярхай, анхааралтайгаар
хяналт тавж байсан, өөрийгөө нэг хүнд дахин дахин харуулаад байх
сонирхолгүй байсан байж болох юм.
Сайшаалтай нь, шударга иргэд харсан эдгээр явдлынхаа тухай
цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ба мөрдөгчид нэг л удаа тэднээс
байцаалт авсан гэж ярьж байлаа.
Гэрчүүдийн ярьж буй этгээд үнэхээр Зориг агсныг егүүтгэсэн
алуурчин, эсвэл тэдний хамсаатан байж болохыг үгүйсгэх аргагүй ч бас яг
таг батлах баримт одоогоор бидэнд байхгүй байна. Магадгүй, дээрх гурван
хүн, Булганаас гадна тэдгээр алуурчидтай ярилцсан, нүдэлж авсан, үнэтэй
гэрч байж болох талтай.
Д.Булган: С.Зориг маань баггүй хүн байсан
УИХ-ын гишүүн асан С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ганц амьд гэрч
байдаг нь түүний гэргий Д.Булган юм. Монголчуудын сэтгэлийг
сэртхийлгэсэн аллага болс¬ны дараахан буюу 1998 онд Д.Булгантай сэтгүүлч
Р.Даваажавын хийсэн ярилцлагыг хүргэж байна. Энэ бол Д.Булганы хэвлэлд
өг¬сөн цорын ганц ярилцлага юм.
-Та хоёр хэтэрхий жаргалтайн хэрээр хэтэрхий богино амьдарч гэж нэгэн хүн дурссан байна билээ?
-Хүмүүс гом¬дож магадгүй, гэхдээ л ийм жаргал хүн бүрт тохиодоггүй
юм. Би өвгөндөө, «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий
дээ» гэж хэлэхэд миний шар, «Юу гэж дээ хайрт минь, ингээд л хоёулаа
эмгэн, өвгөн болтлоо хамт байна за юу, хоёулаа хөгшрөөд тэтгэвэртээ
гараад, уулын манаач болно за» гэдэг байж билээ. Бид хоёр үнэхээр л ойн
манаач болно гэдэг байсан юм.
Би тэгэхэд, ойн манаач нь гэртээ суугаад л, би хоолоо хийгээд л
гээд эцэс төгсгөлгүй олон сайхан юмыг төсөөлдөг, олон сайхан бодолд
умбадаг байлаа. Би өвгөн¬дөө, «Тэгэлгүй яах вэ, хайрт минь, ойн манаач
болоод хоёулаа дүнзэн бай¬шин барьчихна. Чиний бүх юмыг чинь би ажил
хийгээд л олоод өгнө, чамайг сүүтэй байлгахын тулд нэг үнээтэй байна.
Бүх төрлийн ногоо тарина, бас тахиатай байна, чи хэвтээд л номоо
уншаад л, телевизороо үзээд л, хөгшрөхийн үед чи бид хоёр сансрын антенн
авчих мөнгөтэй болох байх аа, чи минь найз нөхдөө уриад л, инээж
хөхрөөд, шатраа тоглоод сууж байгаарай, ми¬ний хайрт» гэдэг байлаа.
(Уйлав)
-Таныг мөнгөө хэмнээд таксинд суудаг¬гүй, тэр байтугай урагдсан гуталтай гадуур явж байсан гэдэг?
-Би тоодоггүй байсан. Надад, манай гэр бүлд илүү зарах юм байх¬гүй.
Би зах ороод хаана хямд¬хан юм байна, хаана 100 төгрөгийн татуу байгааг
хайж явдаг байсан, ихэнх цагаа тийм зүйлд үрдэг байлаа. Би өвгөнийхөө
ца¬лингийн хэдийг нь амьд¬ралдаа сайн хүргэх ёстой. Тэглээ гээд өвгөнөө
жимсээр тасалж байсангүй. Одоо эр¬гээд бодоход, энэ бол миний амьдралын
хамгийн гоё үе байсан. Ийм сайхан хүнтэй зургаан жил амьдрахын тулд
хэдэн ч жил амьдарч болно.
-Зориг гэж хэн байсан юм бэ?
-Хамгийн хүнлэг хүн. Энэ бол түүний хамгийн гол чанар нь. Бүх хүнд
тэр хүнлэг ханддаг байсан. Хүний дайтай хүн байсан. Байгаа байдал нь
ямар ч дүр эсгээгүй, жүжиг тоглоогүй, баггүй, байгаа нь л тийм хүн.
Зорилгодоо үнэнч, ганцхан хүнлэг л гэж хэлнэ. Энэ үг бол агуу том үг. Их
зоригтой.
-Яг тэр үед хадмууд тань танд хэрхэн хандаж байсан бэ?
-(Уйлав). Миний хадам ээж ухаантай, ховорхон хүн шүү дээ. Ээж маань
тэр үед надад, «Миний охин битгий уйл даа, чи л миний хүүг энэ хорвоо
дээр дэндүү жаргаасан юм шүү» гэж байсан. Оюунаа Англиас ирээд шууд над
дээр ирэхдээ, би бүх л замынхаа туршид чамайг л яана даа гэж бодож явсан
гэж билээ. Yнэхээр манай гэр бүл сайхан гэр бүл шүү.
-Та өвгөнийхөө дүүг улстөрд орохоор шийдэхэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Оюунааг улс¬төрд орно гэхэд нь би хамгийн их айж байсан ч дотроо
далдхан тэгж ший¬дээсэй гэж хүсч, горьдож байсан. «Улстөр рүү ор» гэж
хэлэхээс би их айж байсан.
Аймшигтай гашуун туршлага надад бий шүү дээ. Энэ мэдээг дуулаад ийм
гашуун зовлонг амссан хүний хувьд би дотроо шаналж л байсан. Оюунаа
надад, «Би ахынхаа тойрогт, ахыг минь сонгосон тэр хүмүүстээ нэрээ
дэвшүүллээ» гэсэн. Ингэж хэлэхэд нь би, дэвш гэж хэлж чадахгүй, гэхдээ
дэвшвэл баярлана. Хэрвээ энэ аймшигтай байдал да¬хиад давтагдвал маам
(ээж) дийлэхгүй, би ч бас дийлэхэд хэцүү гэж хэлэхэд би шийдсэн гэж
байна лээ.
-Оюунааг ахынхаа үйл хэргийг сайн үргэлжлүүлнэ гэсэн үүднээс та дэмжсэн байх нь ээ?
-Миний өвгөн байнга тэмцэгч байсан. Ми¬ний өвгөнийг хар хүч ирээд
аваад явчихсан. Энэ хүн шу¬дарга амьдарч болдог юм байна, амьдрал мөнгөн
дээр тогтдоггүй юм байна гэдгийг надад ойлгуулж өгсөн. Миний өвгөн
үнэний төлөө тэмцэгч лидер байсан. Зоригийг дэмждэг зөндөө хүн байсан.
Одоо Оюунаа маань цаашид өвгөний минь хэр¬гийг үргэлжлүүлж, дуусгаагүйг
нь гүйцээнэ ээ. (уйлав)
-Танд их баярлалаа.
Эх сурвалж:"Өглөөний сонин"