|
Видео

Шинэ мэдээ

Улсаа “Тасын сан”-д бариулахгүйгээр авч үлдэх боломжийг ярилцав

-Дэлхийн орнуудын Өрийг худалдаж авдаг тасын сангууд Монголд орж ирэх эрсдэл өндөр байна-

Манайх шиг гадаад өр ихтэй орнуудад "Тасын сан” орж ирэх эрсдэл өндөр байдаг гэнэ. Улс орнуудын өрийг худалдаж авдаг тусгай сангуудыг ингэж нэрлэдэг юм байна. Тас шувуу үхдэл иддэг амьтан. Тэр утгаар нь дэлхийд ийм нэршил гарчээ. "Тасын сан”-гуудыг оруулж ирэхгүйн тулд мөнгө олж өрөө төлөх боломжтой цорын ганц салбарынхаа засаглалыг сайжруулах хэрэгтэй гэсэн санааг Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлэв. Засаглал сайжруулах олон аргын нэг нь иргэд, шийдвэр гаргагчдыг зөв мэдээллээр хангах юм, сэтгүүлчид энэ утгаараа уул уурхайн засаглалд гол үүрэгтэй гэсэн гаргалгаа нь анхаарал татав. Том орд дээр гэрээ, хэлэлцээрийг хэр ашигтай хийх нь мэдлэгээс хамаардаг, мэдээлэл бага тал нь молигодуулахад амархан байдаг, Оюу толгой дээр гэхэд л "Рио”-той ижил түвшний мэдээлэлтэй байж амжилттай хэлэлцээр хийнэ гэх мэт тогтож сонсохоор жишээнүүд цөөнгүй дуулдав.

М.Энхсайхан сайд өчигдөр "Мэдээлэл бүхий иргэд ба уул уурхайн засаглал” сэдвээр сонирхолтой лекц уншсан юм. "Блю скай”-д болсон Хойд, баруун, өмнөд бүсийн сэтгүүлчдийн нэгдсэн уулзалтын үеэр лекцээ уншсан нь ийм учиртай аж. Уул уурхайн салбарын мэргэжилтэн, судлаачид оролцсон уг арга хэмжээний зохион байгуулагчид нь "The Mongolian Mining Journal” сэтгүүлийн редакцийнхан. Өнгөрсөн хавраас аймаг, сумдын сэтгүүлчдийг хамруулан хэрэгжүүлж эхэлсэн "Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийнх нь хүрээний ажил юм байна. Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-тэй хамтран хэрэгжүүлж буй төсөл аж. Ирэх жилээс Канадын UBC Их сургуулийн Уул уурхайн сургуультай хамтран орон нутгийн сэтгүүлчдийг уул уурхайн чиглэлээр мэргэшүүлэх сургалтаа үргэлжлүүлэх юм байна.

М.Энхсайхан сайд лекцэндээ өмнө нь хэд хэдэн удаа ярьсан супер циклээ бас онцлов. Сүүлийн 200 жилийн циклийг харахад уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр үе дунджаар арваад жил үргэлжилдэг аж. Сүүлийн супер цикл 2000-2012 онд дуусчээ. Тэгэхээр ирэх арван жилдээ лав өнгөрсөн жилүүдийнх шиг азтай үе Монголд тохиохгүй нь. Өөдрөгөөр төсөөлөхөд л 10-15 жил баялгийн үнэ гялалзтал өсөхгүй нь тодорхой болж. Улстөрчид өмнө нь иргэдэд өчнөөн гоё зүйл амлаад сонгуульд ялсныхаа дараа амлалтаа биелүүлж чаддаг байсан нь супер циклтэй холбоотой, одоо супер цикл дууссан учраас ирэх онд халамж амлах аргагүй, амлалаа ч бүтэх магадлал тэг хувь гэсэн санаа нь анхаарал татав.

Нэг талаас сэтгүүлчид Монгол ийм тийм баялагтай, төчнөөн тонн алт, зэстэй гэсэн мэдээлэл цацдаг, нөгөө талаас хөрөнгө оруулагчид хувьцаагаа өсгөхийн тулд дэвэргэсэн тоо хэлдгээс үүдсэн ташаа ойлголт популизмын амьдрах хөрс нь болдог гэж судлаач, эрдэмтэд үздэг юм байна. "Бид баян улс, баялгийнхаа мөнгөөр иргэдээ тэжээнэ, баялгийг минь ухаж аваад гарах нь” гэсэн популизм эндээс эхлэлтэй аж.

Нэг метр кв газрын доор байгаа байгалийн баялгийг үнэлгээнд оруулсан байдгийг илтгэгч сонирхуулав. Хөгжингүй орнуудын нэг метр кв газрын доорх байгалийн баялаг 125 мянган ам.доллар, хөгжиж буй орнуудынх 25 мянган ам.доллараар үнэлэгддэг байна. Харин Монголынх нэг ам.доллар. Нэлээд дээш татсан үнэлгээ гэнэ. Хайгуулаа сайжруулж, баялгаа баталгаажуулсан орнуудын л газрын доорх баялгийн үнэ цэн өсдөг байна.

Супер циклийн үе буюу 2012 он хүртэлх арав гаруй жилд нефть, хий худалдсан улсууд хамгийн их мөнгө олжээ. Орлогоороо тэргүүлсэн нь Ботсвани юм байна. Ботсвани улс дэлхийд алдартай компанитай сайн харилцаа үүсгэж алмазаа ашиглажээ. Ингээд нэг хүнд ногдох ДНБ нь 8000 ам.долларт хүрчээ. Энэ улсын иргэд манайхаас хоёр дахин илүү амьдралын боломжтой гэсэн үг. Ботсванитай адил алмазтай Угандад харин сүйрэл болжээ. Уул уурхайн менежмэнт буруу, буруу засаглалтай учраас тэнд юун их орлого, иргэний дайн л дэгджээ.

Манайх шиг байдалд орсон улс хэвтрийн эдийн засаг гэсэн нэр томъёонд багтдаг аж. Колумбийн их сургуулийн профессор Жефри Загсын гаргасан томъёолол бий. Ийм эдийн засгийн өвдсөн шалтгаан нь олон учраас онош тавихад хэцүү байдаг гэнэ. Тийм учраас эмнэлгийн нэр томъёо ашигладаг байна. Хэвтрийн эдийн засагтай орнуудын хувь заяанд эмчийн жор, зөвлөгөөнөөс гадна өөрсдийнх нь эмчлүүлэх сонирхол нөлөөлдөг юм байна. Өвчтөн асуудлаа зөв ойлгох ёстой, тэр асуудлын тайлбар нь сэтгүүлчдээр дамждаг гэсэн судлаачдын дүгнэлт байдаг аж. Бас системтэйгээр эмчлэхгүй бол бүрэн эдгэдэггүй байна.

Хөрөнгө оруулагчдын Монголыг орхисон том шалтгаан нь Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль баталсан явдал. Стратегийн орддоо төр хувь эзэмшинэ гэх хандлага ч хөрөнгө оруулагчдын эргэлзээний нэг нь. Баялгаа буруу ашиглаж хаширсан Африкийн орнууд стратеги гэдэг үгнээс татгалзаж эхэлсэн, Орос манай хоёроос бусад улсад стратегийн гэсэн ойлголт байхгүй, Америкт л стратегийн түүхий эд гэж бий гэх мэт стратегитай холбоотой жишээнүүд "Блю скай”-д болсон арга хэмжээний үеэр яригдав. Манай стратеги гадаадын хөрөнгө оруулагчдын стратегитай эвцэлдэхгүй байгаа учраас хөрөнгө оруулалт тасарсан, стратегиа эвцэлдүүлж байж гадаадаас мөнгө татна гэсэн хэрэгтэй санаа дуулдав. Уул уурхайд төрийн компани байгуулж илүү зардал гаргахын оронд компаниудаас авах татвар хураамжиндаа анхаарвал баялгаасаа дажгүй мөнгө олж бусад салбарыг хөгжүүлэх боломжтой гэж олон улсын судлаачид үздэг аж.

Чили улс зэсийн үнэ өссөн хэдэн жилд илүү олсон мөнгөө баялгийн санд хуримтлуулсан учраас өнөөдөр манайх шиг хямрахгүй байгаа. Уул уурхайн баялгаа ингэж бодлоготой ашигла цаг ирсэн гэж илтгэгч ярив. М.Энхсайхан сайд анх баялгаасаа хурааж хуримтлуулах санг "Зовох цагийн сан” гэж нэрлэх санааг гаргаж байж. Ингээд нэрлэчихээр Хүний хөгжил сан шиг авч үрээд байхгүй гэсэн гаргалгааг уулзалтад оролцогчид дэмжиж байв.

Үнэ нь хэзээ яаж өөрчлөгдөх нь мэдэгдэхгүй савлагаатай уул уурхайн зах зээл дээр тогтож үлдэх аргыг нэг бүрчлэн заагаад өгчихсөн "Байгалийн нөөцийн харти”-г орчуулсан гэсэн мэдээг илтгэгч энэ үеэр дуулгасан юм. 12 зарчимтай хартиг зөв ойлгоод бодлогодоо тусгачихвал уул уурхайгаа зөв хөгжүүлэх боломж байгаа гэнэ.

Ц.Сүрэн

 

Эх сурвалж:

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler