| |
Баабар ахын “солонгос ах” нар дэндүү даварч байна
Одоогоос арваад жилийн өмнө нийтлэлч Б.Батбаяр Өдрийн Сонин дээр "Солонгос ахтай болвол ямар вэ” гэсэн томоохон нийтлэл хэвлүүлж байсныг санах хүн хэр олон байгаа бол. Нийтлэлийн агуулга нь "Монголчууд бидэнд орос, хятад, америк, японы аль нь ч сайн ах, сайн хөрш болж чадахгүй юм байна. Тэрний оронд солонгос ахтай болвол ямар вэ” гэсэн санааг дэвшүүлсэн байсан.
Тэр цагаас хойш арав гаруй жил өнгөрч. Баабар эл нийтлэлээ бичиж асан тэр цаг үед монголд өмнөд солонгосчууд өнөөдрийнх шиг ийм олуулаа байгаагүй. Өмнөд солонгост ажиллаж амьдардаг монголчууд ч одоогийнхоос хамаагүй цөөхөн байсан үе. Товчхондоо бол солонгост хар ажил хийхийг хүссэн монголчууд солонгосын визийг яаж гаргуулах вэ гэдгээс өөр сүйдтэй асуудал хоёр орны ард түмний хооронд үүсдэггүй байсан цаг үе л дээ. Гэтэл арваад жилийн дараа.
Харин өнөөдөр өмнөд солонгосчууд арай дэндүү даварч байна гэж хэлэхэд бараг багадахаар үйл явдлууд манай хоёр орон, ард түмний хооронд өрнөх болж. Солонгос эзэнтэй хоолны газрууд, баар, караокенууд, саун массаж, урдаа барьдаг цөөхөн кино театруудын нэг болох "Тэнгис” кино театр гээд Улаанбаатар хотын бизнесийн орон зайд тэр чигээрээ өмнөд солонгосчууд өөрийн ноёрхолыг тогтоож эзэнт гүрнээ зарлан тунхаглачихжээ. Цаашлаад монголын барилга, бүтээн байгуулалтын олон ажлууд, олон бизнест солонгосчууд гар дүрэх болсон. Хэрвээ эдгээр солонгос бизнесмэнүүд ном журмынх нь дагуу монгол улсын хуулийг хүндэтгэж үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол өөр хэрэг. Гэтэл захын солонгос монголд ирээд бизнес хийх нэрийдлээр монголчууд биднийг арай л дэндүү доромжлох боллоо.
Солонгос хоолноос жоом гарсан. Нохойн махаар хийсэн. Солонгос эзэнтэй караоке, саун массажны газрууд монгол охидын биеийг үнэлүүлсэн. Эрх баригчид, төрийн албан хаагчдад авилга өгсөн гээд энэ хар жагсаалтыг цааш нь үргэлжүүлж болно. Ингээд зогсохгүй монголд ажиллаж, бизнес хийж байгаа солонгосчууд өөрсдөө ч дотроо маш их асуудалтай гэх. Товчхондоо бол монголд бизнес хийдэг солонгосчуудыг дагаад солонгосын мафи монголд үйл ажиллагаагаа явуулах болсныг нэг бус баримтаар жишээ аван дурдаж болно. Пак Чоль Гю гэж нэг алдартай дуулианы эзэн байх. Мань солонгос хэдэн жилийн өмнө монгол дах өөрийн улсын элчин сайдын яаманд давхиж ороод ажилтных нь өмнө хуруугаа тайрч хаясан нь тухайн үедээ монголын төдийгүй солонгосын хэвлэл дээр бичигдэж байлаа. Учрыг тодруулбал энэ Пак Чоль Гю гэгч нь өмнөд солонгосын мафийн бүлэглэлийн зүгээс монгол дах солонгосчуудаа дарамтлуулах гэж томилсон хүн. Нэг ёсондоо монголд бизнес эрхлэгч нутаг нэгтнүүдээ айлган сүрдүүлж, хууль бусаар татвар авдаг рецедив гэмт хэрэгтэн болж таарсан. Иймэрхүү маягаар солонгосчууд манай нутаг дээр нэг нэгнээ дарамтлаад зогсохгүй манай иргэдтэй ч зодоон цохион, танхай, дээрмийн хэргийг байнга өдүүлэх болсон.
Солонгосчууд монголчууд биднийг дээрэлхэж, дээрэнгүй ханддаг нь зөвхөн эх оронд маань өрнөөд зогсохгүй өмнөд солонгосын нутаг дэвсгэр дээр ч хэрээс хэтэрснийг хүн болгон мэдэж байгаа. Монгол эмэгтэйчүүдийг солонгос эрчүүдтэй гэр бүл болгохоор зуучилдаг байгууллагууд нэлээд хэд бий. Харамсалтай нь мөрөөдлийн гэр бүлээ зохионо гэсэн сайхан мөрөөдөлд умбасаар тэнд очсон монгол эмэгтэйчүүдийн багагүй хувийг нь амиа яая гэсэн амьдралтай мөртлөө архичин, хүчирхийлэгч солонгос эрчүүд угтан авдаг тухай нэг бус баримтыг монголын хэвлэлүүд ил болгосон. Энэ тухай кино хүртэл дэлгэцэнд гарсныг хүмүүс мэдэж байгаа. Цаашлаад солонгост ажиллаж байгаа монгол иргэдийг үйлдвэрийнх нь эзэд хэрхэн дарамталдаг. Солонгосын цагдаа, цагаачлалын алба нь хүртэл ямар дээрэнгүй ханддаг тухай дуусашгүй урт яриаг өрнүүлж болно. Үүгээр ч тогтохгүй олон баримт, фактыг дурдах бломжтой.
Солонгос руу төдийгүй ази, европын олон орон. Америкийг зорьж байгаа болон эдгээр газруудаас ирж байгаа монголчуудын дийлэнх нь солонгосын иргэний агаарын тээврийн Корэйн Эйр компанийн онгоцоор үйлчлүүлдэг. Харамсалтай нь дэлхий дахинд соёлтой үйлчилгээгээрээ гайхагддаг гэх Корэйн Эйр компани онгоцны буудлынхаа ажилчдаас эхлээд монголчуудтай зүй бус, дээрэнгүй харьцдаг талаар сүүлийн хоёр жил манай хэвлэлүүдээр хангалттай бичих болсон. Тэр ч бүү хэл Корэйн Эйрийн онгоцонд монголчуудад зориулсан хоолны тусгай порц гарсан тухай хүртэл манай сэтгүүлчид хөндөж тавьсан нь саяхных. Гэвч энэ юу ч биш байжээ.
Мянга мянган монгол эрсийн цусаа урсган, амиа өгч хамгаалан тэмцсэн Халх Голын газар нутгийг маань хэдэн мянган гаагаар нь өмнөд солонгосчууд худалдан авах гэж байгаа тухай яриа эх орноо гэсэн сэтгэл зүрхтэй хүн болгоны эгдүүцлийг энэ өдрүүдэд төрүүлээд байна. Олон жилийн өмнө харийн дайсан буу зэвсэгтэй ирээд булааж авч дийлээгүй газар нутгийг маань хэдэн солонгосчууд хэдхэн халтар доллартай ирээд худалдаж авна гэж байгаа нь өөрийгөө монгол гэж үздэг хүн болгоны дургүйцэл, бухимдыг дээд цэгт нь тултал хүргэж байна.
Хамгийн сүүлийн жишээ "Монголын Төмөр Зам” Төрийн өмчит хувьцаат компанитай бүтээн байгуулалтын гэрээ байгуулсан өмнөд солонгосын хоёр томоохон компанийн авилгын хэрэг хэдхэн хоногийн өмнө сөхөгдчихлөө. Дахиад л солонгосчууд. Өшөө дээр нь монголд ирсэн христийн шашны солонгос номлогч нар христэд итгэгч монгол залуусын хувийн амьдралд хөндлөнгөөс хэрхэн оролцдог. Зааж зааварладаг тухай христэд итгэгч монгол залуус өөрсдийнхөө фэйсбүүк дээр бичиж тавьсныг дурдаж болно. Иймэрхүү жишээ, баримт дуусашгүй олон. Бодит байдал ийм байхад юуны чинь "солонгос ахтай болох”. Ямар юмных нь "сайн ах”, гуравдагч хөрш вэ.
Эх сурвалж: Б.Түвшин. Fact.mn