|
Видео

Шинэ мэдээ

Бид далдагнуур үндэстэн биш

Ш.Даваадорж

Монгол  Улс  төвийг  байнга сахих статустай орон болох талаар өнгөрсөн сард НҮБ-ын 70-р чуулганы индэр дээрээс  Ерөнхийлөгч  Ц.Элбэгдоржийн хэлсэн үг  ёстой л загатнасан газар оноод  маажчих мэт  болсон. Загатнаад, бүр нэг болж өгөхгүй  байсан газраа олж, онож  маажуулахын  таашаал  ямар  байдаг билээ. Ганцхан  мань ч  бус, монголчуудын олонх  ийм таашаал авсан гэдэгт  нэг  их эргэлзэхгүй  байна.  Яагаад гэвэл  яг энэ асуудлыг  дэмжсэн  албан  бус хэлэлцүүлэг  нийгмийн  бүхий л  салбарт  ид өрнөж  байгааг  анзаараад үзээрэй. Сэтгүүлчийн  хувиар  би  ч гэсэн  үзэл  бодлоо  хуваалцахыг  хүслээ. НҮБ-ын  чуулганы дараахан  Үндэсний аюулгүй  байдлын  Зөвлөл  энэ санал, санаачлагыг хэлэлцэн  зөвлөмж  гаргаснаар Ерөнхийлөгчийн  зүгээс  хуулийн  төсөл  боловсруулан, УИХ-д  оруулахаар болоод  байгаа  нь  сайн  хэрэг. Төвийг сахисан  бодлого уг  нь  Монгол  Улсад  нэн  шинэ  зүйл биш  юм. Ерөөсөө  монголчууд  бидний  натур чанарт  "Эхийг  нь  эцээхгүй, тугалыг   нь  тураахгүй” байлгахыг  чухалчилсан  үзэл, баримтлал  оршсоор  ирсэн. 1921 оны  Ардын  хувьсгалын  дараа Зөвлөлүүдийн  орныг  дагах уу, Япон тэргүүтнийг  дагах уу  гэж  байхад  ч, Швейцарь  лугаа төвийг  сахисан  улс  болохын  зүйтэйг  хэлэлцэн  тунгааж  байсан  байдаг  шүү  дээ.  Монгол  Улс  1994 онд  Шинэ, ардчилсан  Үндсэн хуулиа  баталснаас  хойш  үндсэндээ хэлбэрийн  хувьд  хуульчлан  тунхаглаагүй л  болохоос,  агуулгын  хувьд  төвийг  сахисан бодлого  баримталж  ирсэн  гэвэл  маргаж, үгүйсгэх  нэгэн  нэг  их  гарахгүй  байх  аа. 
Одоо  бид  албан  ёсоор, Монгол  гэдэг  улс  энэ  цаг  мөчөөс  эхлээд  хэнийг  ч  дагаж  далбаганаад  байхгүй,  хэн  нэгний  эсрэг  чиглэсэн  цэргийн  ямар  нэгэн  эвсэл, холбоонд  харьяалагдахгүй, өөрийн  газар шороо, нутаг  дэвсгэр  дээр бусдын  цэрэг, зэвсэг, техникийг байрлуулахгүй, дамжин  өнгөрүүлэхгүй, хэн  нэгний  газар, нутаг, хил, хязгаар  луу  халдахгүй,  бусдыг  ч  өөртөө  халдуулахгүй, том, жижиг, баян, ядуу  гэж  ялгахгүйгээр  бүхий  л  улс  оронтой  өөрийнхөө   итгэл  үнэмшлээр  эрх  тэгш, найрсаг  харилцсан  улс  орон  болж   байна   шүү  гэдгээ  хуульчлан  тунхаглах  л  гэж   байгаа  хэрэг  юм.
Түүнээс  биш  зарим  нэгний  ярьж,  бичиж, гуйвуулаад   байгаа  шиг  бидэнд  танил  бус, огт  байгаагүй, тохирохгүй, таарахгүй  цоо шинэ  үзэл  баримтлалыг  Ц.Элбэгдорж  гаргаж   ирсэн  ч  юм  биш. Өөрөө  л  санаж, сэдээгүй  бол  өөрөөс  нь  түрүүлж  сэдсэн,  хийсэн,  хэлсэн,  хөдөлсөн  болгонд  хорсон,  чулуу  нүүлгэж, муулж  байж   дураа  хангадаг  болсон  өнөө  цагийн зарим улстөрчийн   муухай  араншин  энэ  бүхнийг  мушгин, хөндөлдчих  вий  гэдгээс  харин  монголчууд  бид   болгоомжлох  хэрэгтэй  юм.  Улс  маань  байнга  төвийг  сахисан  статустай  орон болж  байгаагаа  хуульчлан  баталгаажуулбал дэлхий дахинд нэр  хүнд  маань өсөн нэмэгдэж, гайхагдан  хүндлэгдэнэ  үү гэхээс биш  бусдын  эгдүү, дургүйцлийг төрүүлэхгүй. Тэр тусмаа   мөнхийн  хоёр  хөршүүдийн эрх ашигт  харшлахгүй. Хоёр  хөршүүдийн маань  харилцаа  зузааран, бараг  холбоотон  болж, стратегийн  түнш  орнууд  болчихлоо. Үүнээс  гадна, дэлхийн  олон  улсын  харилцаанд  дахин "хүйтрэл”  үүсч,  хүчирхэг  хоёр  туйлд хуваагдах хандлага бий болж эхэллээ.  Ийм  нөхцөлд  бидний  түүх,  газар  зүйн  байрлал, сонгож  авсан замын онцлог, эрх  ашигт  маань  төвийг  сахисан  статус  хамгийн өлзийтэй байх болно.  Нэг  жишээг зүйрлүүлэн  татахад хэрэв бид Сирид  болж  буй  үйл явдал дээр АНУ тэргүүтэй  барууны  холбоотны  талд  талтай  бодлого  явуулж байсан бол, Орос, Хятад гэсэн  хоёр  хөршийнхөө өмнө эвгүй  байдалд орох  байлаа шүү дээ.
Зөвхөн  эндээс харахад  л бидэнд Швейцарь мэт төвийг байнга  сахисан бодлого ямар чухал болохыг анзаарч  болно.  Монгол  Улсын  нэр  хүнд  сүүлийн  жилүүдэд  урьд   байгаагүйгээрээ олон улсын тавцанд  өсч, бид бүс нутагтаа идэвхтэй, том бодлого явуулдаг орон  болсон. Ирэх жил дэлхийн  53 улсын  төр, засгийн  тэргүүнүүд оролцсон АСЕАМ-н дээд хэмжээний  ээлжит  чуулганыг  манай улс  хүлээн  авна. Хэдхэн хоногийн өмнө гэхэд л Монгол  Улс  НҮБ-ын Хүний эрхийн хорооны гишүүнээр  сонгогдлоо. Энэ бүхэн дэлхий дахин  бидэнд хэрхэн ханддаг  болсны  нэг  жишээ. Тэд биднийг  анхаардаг, бас  бидний үгийг сонсдог, бидний  хүч, чармайлт олон улсын  харилцаанд нөлөөлдөг болсныг харуулж  байгаа хэрэг. Ийм үед  бид тогтвортой, байнга төвийг сахидаг, тэгсэн хэрнээ идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг орон болсноо зарлан тунхаглах нь хамгийн оновчтой гэсэн бодол Ц.Элбэгдорж  Ерөнхийлөгчид байгаа нь лавтай. 
Ганц, нэг судлаач хэрэв  төвийг   сахисан  статустай болвол Монголд орж ирэх гадны хөрөнгө оруулалт буурна, бид  өөрсдийн  хүчээр  хөгжиж  чадахгүй, батлан  хамгаалах асуудалд  бэрхшээл  гарна  гэх  мэт үндэслэлүүдийг гаргаж, тайлбарлаж  байгааг  уншсан. Уншаад   санал нийлсэнгүй  ээ. Хэдийгээр би стратегич, улс төр судлаач  биш ч гэлээ Монгол Улсынхаа хөгжлийн шалтгаан, хүчийг дандаа  бусдаас эрж, хайж, өөрсдийгөө ингэж  үгүйсгэн, доош хийж байдаг хандлагатай ердөө ч эвлэрмээргүй байна. Бусдыг дагаж далдганасан биш, асуудлаа өөрсдөө шийдсэн, бусдын гарыг харж, халаасанд багтаж бус, өөрсдөө өөрсдийн үнэт  зүйлээ бүтээж, хөдөлмөрлөж, бусдад  бахархагдсан, эдийн засаг, санхүүгийн төдийгүй  шинжлэх  ухаан, оюуны  салбарт  хүчирхэг хөгжилтэй улс  орон болохсон хэмээн бид хэчнээн ихээр мөрөөдөж  ирлээ дээ. 
Энд тэндгүй, хаа сайгүй энэ л сэдвээр  бид ярилцаж суудаггүй гэж үү. Өмнөд  Солонгос, Сингапур  өнөөгийн  хөгжилдөө  хүрсэнтэй адил хугацааг бид туулсан  хэрнээ тэдэнтэй  адил болоогүй  л  байна шүү дээ. Болдоггүйн шалтгаан  нь ердөө л бид  өөрсдийнхөө  хүчинд  огт  итгэхээ  байсантай холбоотой. Хөгжихсөн, хүчирхэгжихсэн гэж ярьж, бодохоос цааш гарахаа байсантай холбоотой. Гаднын хөрөнгө оруулалт, зээл, тусламж зогсчихвол яанаа гэхээс өөрсдөө бүтээе, өндийж  босъё  гэж огтхон ч оролддоггүй болохоор бид унжгар, сул дорой хэвээр байхаас яах  билээ.
Харин ч Монгол Улс байнга төвийг  сахисан  бодлого, үзэл,  баримтлалтай  орон  болсноороо  хөгжлийнхөө  гараанд  гарна. Манай ахмад, мэргэжлийн дипломатч, эдүгээ Геополитикийн хүрээлэнгийн  захирал Ж.Чойнхор гуай Монгол Улс  байнга төвийг сахисан статустай орон болохын  чухлыг  хөгжлийн  шинэ  гарц, улс, орны аюулгүй байдлын бас нэг баталгаа  гэж  тун ч оновчтой  тодорхойлсон  байсан.
"Үндэсний  үйлдвэрлэлээ  хөгжүүлцгээе”, "Үндэсний брэндтэй болцгооё” гэсэн  огт хэрэгждэггүй бодлогууд бодитоор  биеллээ олох  боломж  үнэхээр гарч  ирнэ.  Швейцарьчууд чухам төвийг  сахисан  орон болсноороо л  цаг, хутга, цэргийн  технологи, банк, санхүүгийн  брэнд  орон болж чадсан юм. Төвийг сахисан  орон гэдгээ зарласнаас хойшхи 200 жилийн түүхэнд тус улсын  нутаг  дэвсгэр  дээр нэг ч дайн, дажин гараагүй гээд  бод. 
Өнөөдөр эдийн засгийн өрсөлдөх чадвараараа Швейцарь улс дэлхийд нэгдүгээрт  бичигдэж  байна. Энэ жишгээр хөгжиж буй арав гаруй орон бий. Төвийг сахина гэхээр хамгийн гол  нь тухайн улс  орон хамгаас түрүүнд өөрийн  хүчиндээ найдна гэсэн  үг. Өөрсдөө бүхнийг бүтээнэ, бүтээхийн тулд толгой, тархи, гар, хөлөө  хөдөлгөхөөс аргагүй болж  л  таарна  биз  дээ. Тэгэхээр хөгжлийн шинэ гарц гээд  байгаа  нь энэ  юм. Хамгийн гол нь төвийг сахисан бодлоготой  улс болсноороо  монголчууд бидэнд хамгаас үгүйлэгддэг санхүүгийн сахилга бат тогтоно. Бид хариуцлагатай, илүү бүтээлч, ажил  хэрэгч улс орон  болох  ёстой  болно.  
Ипотекийн зээлээр орон сууцанд  орсон нөхрийн санхүүгийн сахилга бат,  мөнгөний тооцоо маш сайн болчихдог. Тэр  нөхөр урьдынх шигээ олсноо хамаагүй  зарцуулахаа байж, ууж, идэх, өмсөж,  зүүхээ хүртэл илт хямгадаад ирдэг. Үр дүнд нь мань хүн байртай  болно. Улс орон яг үүнтэй ялгаагүй. Цэрэг, батлан   хамгаалах салбарт ч гэсэн хөгжил ахиц  гарна. Гарцаагүй өөрийгөө хамгаалах  цаг тулвал хамгаалж л таарна биз дээ. Тэгж ярьвал цэрэг, дайны  урлаг гэж юу  байдгийг, цөөн  хүчээр  олныг  яаж  номхтгож болдгийг  монголчууд  л  дэлхийд таниулсан  үндэстэн  биш юм   гэж  үү.  Швейцарь  шиг  хүчирхэг армитай болж  яагаад  болохгүй гэж. Тэгээд  ч төвийг сахисан статустай улс орон дайн тулаанаас ангид байдаг. Хэнтэй ч дайсагналцахгүй, хэнийх нь ч талд орж хавсаадахгүй болохоор тэр. Гарцаагүй тохиолдолд НҮБ төдийгүй хэнээс ч, хаанаас ч туслалцаа авах, хамгаалуулах  эрхтэйгээрээ давуу. Төвийг сахисан  орон  болсноор аюулгүй байдлын бас нэг  дархлаатай  болохын учир  энэ  юм.
Төвийг сахисан  статустай  болсноороо  харин ч хөрөнгө оруулалт нэмэгдэх  болохоос буурах, багасах магадлал бага. Сүүлийн 25 жилд Монгол Улсын маш амжилттай  хэрэгжүүлж ирсэн олон  тулгуурт  гадаад бодлогын  үндсэн зарчмыг томруулвал ердөө л төвийг сахисан  бодлого  харагддаг. Амжилт олж  байгаагийн нууц нь энэ юм. Үүнийгээ албан болгож  хуульчилснаар бидний гадаад харилцаа энэ бүхэн зогсчихгүй. Төвийг сахисан зарим орон  зөвхөн  улс төр, цэрэг, дайны  хувьд аль нэг тал, эвсэлд  орохгүй  гэж  заахаасаа  гадна соёл, боловсрол, шинжлэх ухаан гэх мэт нийгэм, хүмүүнлэгийн салбар ч  бусадтай хамтрахгүй төвийг сахина гэж  хэт туйлшран хуульчилснаараа гадаад харилцаагаа  хумьсан  жишээг  харин  бид  дагахгүй  байх  хэрэгтэй.
Олон  улсын  хурал, чуулган, маргаантай  асуудлаарх улс хоорондын гэрээ, хэлцээ, хэлэлцээр, зуучлалыг харин ч төвийг сахисан улс орныг сонгож зохион  байгуулахыг аль  болох  эрмэлздэгийг бодсон ч хөрөнгө оруулалт, гадаад харилцаанд  үүсэх эерэг тал нь илүү  юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler