|
Видео

Шинэ мэдээ

Монгол хүмүүжил бүдгэрсээр

Хуучин "соц” нийгмийн үед "орос ч биш, монгол ч биш” хүүхдийн бүхэл бүтэн давхарга байв. Орос дунд сургуульд сурдаг байсан хүүхдүүдийг ийн гоочилдог байсан хэрэг л дээ. Тэд хэдийгээр монгол хүүхдүүд боловч үеийнхэнтэйгээ харьцуулахад монголоор тааруухан ярина, бичнэ, уншина.
 
Нэг зүйл тайлбарлах гэж "элэг аваад хаячихдаг”, захиа бичиж чаддаггүй тийм хүүхэд олон байсан тухай ах минь хуучилдаг юм. Гэхдээ асуудалд хүн бүр шүүмжлэлтэй хандаж, нэлээд арга хэмжээ авсны хүчинд байдал өөрчлөгдсөн гэдэг.
 
Харин одоо энэ байдал дахин давтагдаж байна. Гэхдээ бүр өргөн цар хүрээг хамарч эхэллээ. Үндсэндээ энэ нь гадаадад ажиллаж, амьдардаг монголчуудын үр хүүхдийн тухай ярьж байгааг Та ойлгосон байх.
 
 
Гадаад харилцааны яамны мэдээлэлд дурдсанаар өдгөө 125 мянга орчим монгол хүн харь оронд ажиллаж, амьдарч байгаа аж. БНСУ-д хамгийн олон буюу 26 мянган монгол, АНУ-д 25 мянга, Казахстанд 15 мянга, БНХАУ-д 10 мянган манай иргэн байна. Мөн Англи, Швед, Герман зэрэг Европын орнуудад ажиллаж, амьдардаг монголчуудын тоб улам нэ- мэгдсээр байгаа.
 
Албан ёсны дүн ийм ч албан бусаар буюу хараар яг хэд байгааг бас хэлж мэдэхгүй. Амьдралын эрхээр харь орныг зорьсон хүмүүс тэндээ байр сууриа олж, ажил хөдөлмөр эрхэлж, тодорхой хэмжээний орлоготой болсон нь манай эдийн засагт сайнаар нөлөөлснийг мэргэжилтнүүд онцолдог. Харин энэ завсар монгол хүмүүжил улам бүр бүдгэрсээр байна.
 
Сургуульд орсон хэрнээ монгол хэлээ сайн мэдэхгүй хүүхэд олон бий. Төрөлх хэлээ мэдэхгүй байгаа хүүхэд монгол ёс заншил, монгол ахуй, Монголын түүхээ бүр ч мэдэхгүй нь тодорхой. Иймэрхүү монгол ч биш, гадаад ч биш хуүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгааг хүн бүр халаглан ярьж байна. Гэвч цаашид яах вэ гэсэн төрийн бодлого, хэтийн төлөвлөгөө алга.
 
"Монгол ахуйгаа мэдэхгүй хүүхэд их болж байгаа нь хүмүүсийн амьдралтай нь холбоотой. Уг нь гадаадад олон жил ажиллаж, амьдарсан хүмүүс хүүхдээ бодоод Монгол руугаа буцах хүсэл их байдаг. Гэвч нутагтаа очоод юу хийх вэ гэхээр хэцүү болчихож байгаа юм. Тиймээс дассан газартаа үлдэхээс аргагүй” хэмээн Америкт хоёр жил сурч байгаад ирсэн Б ярилаа.
 
Харин хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ gogo.mn сайтад өгсөн ярилцлагадаа "Монголчууд арваад жилийн өмнөөс гадагшаа гарч амьдарч эхэлсэн гэж үзвэл одоогийн насанд хүрсэн хүмүүс нэгдүгээр үе. Хүүхдүүд нь хоёрдугаар үе. Гэтэл дөнгөж хоёрдугаар үеийнхэн нь монгол хэлээ мартчихна гэдэг хэтэрхий хурдан уусаж байна гэсэн үг. Тэгэхэд хятадууд, солонгосчууд 100 гаруй жилийн өмнө энэ улсад ирсэн түүхтэй. Одоо дөрөв, тав дахь үе нь явж байхад эх хэлээ ерөөсөө мартаагүи.Тэр нь цаад улсынх нь бодлого сайн байж ирсэнтэй холбоотой хэмээн өгүүлжээ. 
 
Монголчууд бид цөөхүүлээ. Гэтэл цөөн хүн амынх нь арав шахам хувь нь амьдралын мөр хөөн харь оронд ажиллаж, амьдарч байна. Өөр улсыг зорьсон элэг нэгтнүүдээ буруутгах үндэсгүй. Харин хүүхдээ монгол хүн болгон хүмүүжүүлж чадаагүйнх нь төлөө тэднийг зэмлэмээр. Ядаж л төрөлх хэлээр нь яриулж сургах, түүх, ёс заншил, ахуй амьдралын талаар ерөнхий ойлголттой болгох нь тэдний үүрэг байлтай. Гэвч энэ үүргээ гүйцэтгэж буй эцэг, эх дэндүү цөөн гээд хэлчихэд буруудахгүй болов уу. 
 
"Америкт гурван сар сурахдаа ахындаа амьдардаг байлаа. Нэг удаа хүүхдийг нь загначихсан чинь цагдааруу утасдана гээд бөөн юм болсон" хэмээн нэгэн танил ах маань ярьсан. Ийм зан монгол хүүхдээс яавч гарахгүй. Харин америкжсан монгол хүүхдүүдийн тухайд арай өөр бололтой.
 
Англид олон жил амьдарсан нэгэн хос гурав дахь хүүхдээ төрүүлэхээр шийджээ. Ингээд хүүхдүүддээ хэлэхэд зургаан настай бага нь "Та хоёр тэнэг юм уу. Бид хоёрыг тэжээх гэж зүдэрч байж дахиж хүүхдээр яах гээд байгаа юм” гэж хэлээд ээж, аавыгаа цус харвуулах дөхсөн тохиолдол ч бий. "Бид чинь дүүтэй болно гээд баярладаг биз дээ. 
 
Гэтэл гадаадад олон жил амьдрахаар хүүхэд ийм хувиа хичээсэн, сонин зантай болчихдог юм байна” гээд аав нь толгой сэгсэрч байв. Харь оронд олон жил ажилласны эцэст эх нутагтаа ирсэн хүний хүүхэд жирийн монгол хүүхдүүдтэй хамт суралцахад шоглуулж гоочлуулахаас эхлээд хүндрэлтэй зүйл тохиолддог тухай Шведээс ирсэн нэгэн эмэгтэй ярьсан юм. Эх хэлээрээ зөв ярьж чадахгүй болохоор ангийнх нь хүүхдүүд шоолно. Үүнээс болж хүүхэд хичээлдээ явах хүсэлгүй болдог тухай тэрбээр учирласан. Бас бодох л асуудал.
 
Монгол, гадаадын "холимог” хүүхдийн арми нэгэнт бий болчихлоо. Одоо бид яах ёстой вэ?
 
Олзуурхууштай нь, сүүлийн үед энэ асуудалд боловсролын салбарынхан анхаарлаа хандуулж, бага ч болов ажил хийж эхэлжээ. Тухайлбал, Америкт амьдарч буй монгол хүүхдүүдийг ном, сурах бичиг, багшлах боловсон хүчнээр хангах ажил гараанаас гарсан. Энэ хүрээнд гадаадад байгаа монгол хүүхдүүдийг сургах сургууль байгуулах ажил ч яригдаж байна. Мөн ТББ, хувь хүмүүс ч эрвийх дэрвийхээрээ ажиллаж буйг дурдах ёстой.
 
Хамгийн гол нь яамны зүгээс ач холбогдол өгөх нэг асуудал. Үүний цаана хүүхдээ монгол хүн болгон өсгөх ажил эцэг, эхэд хамгийн их хамаатаай. Ингэснээр бид "холимог” хүүхдүүдээ эх оронч сэтгэлгээгээр хүмүүжүүлэх хойч үеэ бэлдэх учиртай. Тэд чинь ирээдүйд Монгол Улсыг авч явах хүмүүсийн нэг хэсэг шүү дээ. 
 
Г.Баярсайхан [ЗГМ]

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler