![]() |
Чингис хаан “Монгол тулгатны 100 эрхэм”-д орно
Манайхны
гавьтай хийж чадаагүй "Чингис хаан” киног өвөрмонголчууд монгол
туургатан болгоны сэтгэлд хүртэл нь бүтээсэн билээ. Монголчуудын оюуны
сод бүтээл болох "Монголын нууц товчоо” шастирын утга агуулгыг
өөрчлөхгүйгээр түүхэн үнэнийг бодитоор нь харуулсанд уг киноны мөн чанар
оршиж байгаа билээ. Уг кинонд Эзэн Чингисийн дүрийг бүтээсэн
Өвөрмонголын нэрт жүжигчин Б.Баасанжав онцгой үүрэг гүйцэтгэсэн
гэдэгтэй маргах хүн гарахгүй л болов уу. Түүний ухаантай харц,
жүжигчний ур чадварт ч өндөр ач холбогдол өгсөн хүмүүс цөөнгүй юм.
Дараа нь жүжигчин Б.Баасанжав Чингисийн аравтын цэргийн зохион байгуулалт, аж амьдралыг нь өгүүлсэн "Аравт” уран сайхны кинонд мөн чадварлаг тоглосон нэгэн. Киног бүтээх явцад элэг нэгт монгол ахан дүүстэйгээ хамтран ажиллахаар сэтгэлдээ баяр тээж ирсэн Б.Баасанжав манайхны хувийн зохион байгуулалт муутай, ажилдаа эзэн шиг хандаж чаддаггүй байдлыг хараад ихэд харамсаж, толгой сэгсэрсэн гэдэг. Зураг авалтын баг нь шөнө дөл болтол сархад хүртэж, маргааш нь босож чадахгүй нам унтаж, зургийн талбайдаа ч гарч ирдэггүй тэр сонин занд нь Б.Баасанжав ихэд бачуурч, бухимдсан сурагтай байдаг.
"Херо” энтертайнмент студийн чадварлаг залуучууд "Монгол тулгатны 100 эрхэм” хэмээх телевизийн цуврал нэвтрүүлгийг бэлтгээд нэлээн хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа. Тэд уг төсөлдөө чамбай хандан Монголын сор болсон хүмүүсийг оролцуулж байгаа билээ. Сонгуулийн үеэр ганц нэг хэтэвч зузаантай хүмүүс уг нэвтрүүлэгт увайгүй дайрч орсныг эс тооцвол ер нь боломжийн гэж үзэгч түмэн үнэлэх болсон билээ. Төслийн залуучууд нэвтрүүлгийнхээ нэрийг бодсон ч тэр цаашид уг нэвтрүүлэгтээ дэлхий даяар оршин сууж буй Монгол тулгатны мундаг төлөөлөгчдийг оролцуулахаар болсон гэнэ шүү. Энэ ажлын эхлэл болгож өдгөө БНХАУ-ын ӨМӨЗО-ы нутаг дэвсгэрт жүжигчин Б.Баасанжавыг оролцуулсан нэвтрүүлгийн зураг авалтыг хийгээд эхэлжээ. Цаана нь мөн Өвөрмонголын хэд хэдэн хүн нэвтрүүлэгт зочноор оролцох аж. Эдгээр нэвтрүүлгүүд ирэх Сар шинийн баярын өмнөхөн цэнхэр дэлгэцээр гарах юм.
Эх сурвалж www.wikimon.mn