|
Видео

Шинэ мэдээ

Хакухогийн эрин үе хэзээ дуусах вэ

 

 

        Японы мэргэжлийн сумод Монголын бөхчүүд ноёрхоод арав гаруй жил болжээ. Дээрх хугацаанд Хакухо Даваажаргал 35, Асашёорюү Дагвадорж 25, Харумафүжи Бямбадорж 6, Какүрюү Ананд 2, Кёкүтэнхо Цэвэгням, Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нар тус бүр нэг удаа эзэн хааны цом хүртсэн.

 

Энэ бол Япончуудад таагүй мэдээ. Сумо бөхийн холбоо ч өөрийн бөхийг дээшээ гаргах гэж янз бүрийн арга хэрэглэж байгаа ч төдийлөн үр дүнгээ өгсөнгүй. Дүрмийн дагуу нэг түрүүлэх буюу гурван башёд давсан тооны нийлбэр нь 33-д хүрвэл озэки цол, хоёр башё дараалан түрүүлбэл ёкозүна цол олгодог. Харин манай бөх Какүрюү Ананд нэг удаа түрүүлэхэд л ёкозүна цол өгсөн. Энэ бол дараа нь Япон бөх нэг удаа түрүүлбэл шууд их аваргаар өргөмжлөх бэлтгэл байлаа.

 

Гэтэл Япончуудын аз дутаж, 2006 оны нэгдүгээр сараас хойш Монгол, Болгар, Эстони улсын бөхчүүд түрүүллээ. Тэдний гол найдвар озэки Кисэносато, Котошёогикү, Гоэйдо нар түрүүлэх нь байтугай арслан цолныхоо хэмжээнд ч барилдаж чадахгүй байгаа аж.

 

 

Үүнээс гадна үндэсний бөхийнх нь дээд амжилт болох ёкозүна Тайхогийн 32 түрүүг Асашёорюү Дагвадорж эвдэх нь тодорхой байсан учир элдвээр хавчиж, гадуурхсаар зодог тайлуулсан. Монгол бөхчүүдийн хувьд 30 нас гэдэг бол ид барилдах үе нь билээ. Гэтэл сумо бөхийн холбоо Такасака ояката, Асашёорюү Дагвадорж хоёрыг дуудаж уулзаад шууд зодог тайл хэмээн тулгасан. Энэ шийдвэрийг нь хэн ч эсэргүүцэж чадалгүй "Өглөөний хөх луу” 2010 онд сумогийн дэвжээг орхисон аж.

 

 

Харин түүний дараа Монголын нөгөө их аварга Хакухо Даваажаргалыг Тайхогийн 32 түрүүг эвдэх нь тодорхой болоход сумо бөхийн холбоо дахин жүжиг тавихад утгагүй байлаа. Тэд бүх аргаа хэрэглэсэн учир энэ оны нэгдүгээр сард Хакухо Даваажаргал 33 дахь удаагаа эзэн хааны цом өргөж 800 гаруй жилийн түүхтэй их сумогийн хамгийн том рекордыг эзэмших болсон.

 

Манай их аварга Хакухо Даваажаргал 2014 оны нэгдүгээр сард домогт их аварга Тайхотой өөрийн биеэр уулзсан. Аргагүй өндөр насанд дарагдсан сүрлэг уул шиг их аварга Тайхо бурхны оронд одхоосоо нэг сарын өмнө Хакухотой ийн уулзсан бөгөөд "Миний рекордыг заавал эвдээрэй, барилдаан бүртээ хичээж, хэзээ ч битгий бууж өгөөрэй” гэж захисан. Хакухо ч энэ захиасыг 100 хувь биелүүлж, өдгөө 34 удаа түрүүлээд байна.

 

69 дэх ёкозүна Хакухо Даваагаргал мэргэжлийн сумод 35 буюу хамгийн олон удаа эзэн хааны цом хүртсэн, 11 удаа нэг ч уналгүй түрүүлсэн, зургаан удаа нэмэлт барилдаан хийж түрүүлсэн, нэг жилийн 90 барилдааны 86-д нь давсан амжилтыг хоёр удаа гаргасан, 63 барилдаан дараалан давсан зэрэг амжилтууд нь их сумогийн түүхэнд эхний нэг, хоёрт орох рекордууд билээ.

 

Өдгөө Япон хүн бүрийн анхаарлын төвд буй Хакухо Даваажаргал өнгөрсөн есдүгээр сарын тэмцээний эхний хоёр өдөр дараалан өвдөг шороодсон. Энэ бол түүний их аварга болсноос хойш эхний хоёр барилдаанд давж чадаагүй цорын ганц тохиолдол нь болов. Түүний зүүн өвдөг гэмтэлтэй байгаа учир ийнхүү унасан аж. Гэтэл Хакухогийн эрин үе дуусгавар болж магадгүй гэсэн яриа гарчээ.

 

Гэхдээ өнөөдрийн сүрлэг уулс шиг ноён гарах замыг туулахад Хакуход амар байгаагүй. Маш их хөдөлмөр, хичээл зүтгэл, олны эсэргүүцлийг давж өнөөдрийн оргилд хүрсэн. Харин Япон хүн биш гэсэн ганцхан зүйл нь өнөөдөр холбооны хүмүүсийн Хакухог шахах төлөвлөгөөний суурь болж байна. Их сумогийн оргилд хүрч, дэлхийн хэмжээний од болсон М.Даваажаргал, сумо бөхийн холбооны зөрчил хаана хүрч төгсөхийг бид хараад суухаас өөр гарц байхгүй аж.

Г.Төмөр

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler