|
Видео

Шинэ мэдээ

Сангийн яамны хүнд суртал загас үржүүлгийн төслийг балласан уу

Улаанбаатар хотоос 35 километрийн зайд, Туул голын сав газрыг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг загас үржүүлгийн "Хилэм ост” компанийн өнгөрсөн зургадугаар сарын 04-нд Германаас оруулж ирсэн хилэм загасны 20.000 жараахай, долдугаар сарын 23-нд мөн л Германаас оруулж ирсэн 2500 жараахай гааль дээр саатсаны улмаас хүчилтөрөгч дутагдаж бүгд үхсэн гэх мэдээллийг тус компанийнхан хэлж байна. Тэд "Гаалийн байцаагч нар саатуулсан нь буруу биш. Харин Сангийн яамнаас холбогдох баримт бичгийг цаг алдалгүй бүрдүүлж өгөөгүйгээс болсон” хэмээж буй юм.

Бид Сангийн яамны холбогдох хүнээс энэ талаар тодруулах гэсэн боловч "Хилэм ост” компанийн хүмүүс өөрсдөө баримт бичгээ бүрдүүлж өгөөгүйгээс тийм зүйл болсон. Манай зүгээс өөр тайлбар хийх шаардлага байхгүй” гэх хариулт өгөв. Юу болсон талаар "Хилэм ост” компанийн  ажилтан А.Энхтуяатай ярилцлаа.

-ГУРВАН ЦАГ СААТСАНААС БОЛЖ ЖАРААХАЙНУУД ҮХСЭН-

-Сангийн яамны зүгээс ямар бичиг баримт бүрдүүлж өгөөгүй юм бэ?

-Манай компани Засгийн газраас гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй "Загас” дэд хөтөлбөрт хамрагдсанаар 1.7 тэрбум төгрөгийн зээл авсны 200 сая төгрөг нь Чингис бондын эх үүсвэрээс, 200 сая нь Улаанбаатар хотын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлээс санхүүжсэн. Мөн бид НҮБ-ын "Монгол Улсад цөөрмийн аж ахуйн загас үржүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд гаднаас экспортлож буй жараахайнуудаа гаалийн болон бүх төрлийн татвар, хураамж, төлбөрөөс чөлөөлж оруулж ирэх  эрхтэй байдаг юм. Гэтэл өнгөрсөн зургадугаар сарын 04-нд Герман улсаас оруулж ирсэн 20000 жараахайг гаалийн татвараас чөлөөлсөн тухай албан бичиг байхгүй гэх шалтгаанаар Гаалийн байцаагчид гурван цаг саатуулсан. Ингээд цаг алдсаны улмаас жараахайнууд бүгд үхсэн байсан.

-Загас үхсэнд гаалийнхан буруутай хэрэг үү?

-Гаалийнхан биднээс бичиг баримт шаардах нь зөв л дөө. Энэ асуудалд буруутгаад байх зүйл байхгүй. Зургадугаар сарын 04-нд Германаас 20.000 ширхэг жараахай оруулж ирэх талаар ХХААЯ-наас өмнөх өдөр нь Сангийн яаманд мэдэгдсэн боловч ямар ч арга хэмжээ аваагүй. Тэр даруйд нь бидэнд татвараас чөлөөлөгдөх хуудас гаргаад өгсөн бол гааль дээр тэгж саатах явдал үүсэхгүй байсан. Улмаар бид жараахайгаа яаралтай авч явахын тулд төлөх ёсгүй гаалийн татвар болох гурван сая төгрөгийг барьцаанд үлдээж байж жараахайгаа авсан.

-БҮХ ХАЙРЦГИЙГ ЗАДАЛЖ ҮЗСЭН ГЭДЭГ НЬ ХУДЛАА-

-Жараахайнуудыг үхсэнийг хэзээ мэдсэн юм бэ? Тухайн үед хяналт хийж байсан гаалийн байцаагчийн хэлж байгаагаар жараахайнуудыг бүгдийг нь нэг бүрчлэн хайрцгийг нь онгойлгож шалгасан. Хүлээлгэж өгөх үед бүгд амьд байсан. Танай компанийн ажилтан ч бүх жараахайг амьд гэж хүлээн зөвшөөрөөд хүлээж авсан гэж ярьсан байсан?

-Бид жараахайгаа үржүүлгийн газраа аваачиж задалж үзэхэд бүгд үхсэн байсан. Гаалийн байцаагч бүх хайрцгийг нээж үзээгүй. Эхний хайрцгийг нээгээд, дээр нь байсан хэдэн жараахайг харсан. Дээрээс нь өнгөцхөн харахад харагдаж байсан жараахайнууд хөдөлгөөнтэй байх нь байсан. Тэгээд л хүлээгээд авчихсан. Гэтэл очих газраа очиход аль хэдийнt үхчихсэн байсан. Угаасаа ч вакумжуулсан жараахайг нээж болдоггүй юм. Тэгэхээр бүх жараахайг хайрцгийг нь задалж, шалгаж үзсэн гэдэг нь худлаа. Аваачих газраа аваачиж, хийх усандаа шууд хийхгүй бол температур нь өөрчлөгдчихөөр болдоггүй юм. Жараахайнуудын амьд байх хугацаа нь минут, секундээр хэмжигддэг.

sangiin yam

-Энэ талаараа Сангийн яаманд хандаж, гомдол гаргасан уу?

-Бид маргааш нь буюу зургадугаар сарын 05-нд Сангийн яамны мэргэжилтэн н.Болороод үхсэн жараахайн импортын баримт, дагалдах гаалийн бүрдүүлэлтийг авчирч өгөөд татвараас чөлөөлөгдөх хуудсаа авч, өнөөх барьцаанд тавьсан гурван сая төгрөгөө авах гэтэл НҮБ, Монголын Засгийн газар хоорондын гэрээнд Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурсан хүн чинь ийм эрхтэй эсэх талаар лавлагаа авчир гээд өгөөгүй. Ингээд энэ шаардлагыг биелүүлэхийн тулд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт албан тоот өгч, мөн сарын 15-нд х/315 тоотоор хариуг аваад Сангийн яаманд очтол хариуцаж байсан мэргэжилтэн н.Болороо нь амралтаа аваад н.Амарбат гэдэг мэргэжилтэнд ажлаа хариуцуулсан байсан. Гэтэл өнөөх н.Амарбат нь Гаалийн ерөнхий газартай ярилцаад утсаар хариу хэлье гээд долоо хоног чимээгүй болсон юм.

-Холбогдох албаны дарга нарт нь хандав уу? 

-Бид арга ядаад дэд сайд С.Пүрэвтэй нь биечлэн уулзаж учир байдлаа хэлтэл мэргэжилтэн н.Амарбатад "Асуудлыг даруй шийд, аж ахуйн нэгжийг хохироож болохгүй” гэсэн үүрэг өгсөн боловч даргын өрөөнөөсөө "за” гэж гараад, мөн шийдвэрлэхгүй байсаар хэд хоногийн дараа амралтаа авчихсан. Долдугаар сарын 23-нд ирэх 2500 жараахайн холбогдох баримт бичгийг ч мөн зургадугаар сарын 22 буюу нэг сарын өмнө н.Амарбатад өгсөн боловч мэдэгдэл хийж өгөөгүйгээс өмнө нь ирсэн загасны баримтыг Сангийн яамнаас авчраагүй гэдэг шалтгаанаар гаалийн удирдлагууд ачааг гаргахгүй цаг 30 минут барьсан. Гэхдээ эхний 20000 жараахайг бодоход шуурхай өгсөн. Гэвч бас л үхсэн байсан. Аль зургадугаар сараас хойш өдийг хүртэл өнөөх 20.000 жараахайны татвараас чөлөөлөх мэдэгдлийг гаргаж өгөөгүй, одоо бүр хугацаа хэтэрсэн тул өгөх боломжгүй гэх хариулт өгсөн. Тиймээс гаалийн мэдүүлэг хийх боломжгүй болсон. Бидний зүгээс үхсэн загаснуудын гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх мэдэгдлийг яаралтай гаргуулах, хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаа.

-Танай компанид хичнээн төгрөгийн хохирол учраад байна вэ?

-Найман мянган еврогоор авчирсан жараахайнууд. Монгол мөнгөөр 16 орчим сая төгрөг гэсэн үг. Бид үхсэн загасныхаа мөнгийг биш юм аа гэхэд гаалийн татварт төлсөн мөнгөө авчихмаар байгаа юм. Тэртэй тэргүй цаанаасаа чөлөөлөгдөх ёстой юм шүү дээ. Ер нь эцсийн эцэст Сангийн яамны Зээл, тусламжийн хэлтсийн мэргэжилтэн н.Болороо, н.Амарбат нарын хүнд суртал, хариуцлагагүй, хайнга байдлаас болж, хугацаа их алдсан. Энэ хоёр мэргэжилтэн нь цаашаа дарга нартаа хэлэхдээ биднийг бичиг баримт, материалаа бүрдүүлж өгөөгүй гэж хэлдэг юм шиг байгаа юм. Төрийн байгууллагын ажилчид ингэж хүнд суртал гаргаснаас болж бид өчнөөн сая төгрөгөөрөө хохирчихоод байна.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler