|
Видео

Шинэ мэдээ

Эвсэл задарч, засаг огцрох уу?


Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулиар Монгол улсын нийт сонгогчдын 20 гаруй хувийн санал авч, парламентад 11 гишүүнтэй болсон МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслийн бүлэг задрахад хүрээд байна.

Тус бүлгээс өмнө нь Д.Батцогт гарч хуучин дош болох АН-ыг зорьж, тус намын дарга З.Энхболдын "Шонхор” фракцид багтах болсон.

Тэгвэл энэ удаа тус эвслийн бүлэгт харьяалагддаг 10 гишүүнээс МАХН-ын мандаттай УИХ-ын дэд дарга Л.Цог, гишүүн О.Баасанхүү, МҮАН-ын мандаттай гишүүн Г.Уянга нар гарна гэх мэдэгдлийг хийгээд байна.

Хэрвээ "Шударга ёс” эвсэл задарвал Засгийн газар ч задарч унах эрсдэл өндөртэй юм. Бүлгээс нь гурван гишүүн гарсан нөхцөлд эрх зүйн чадамжгүй болно. Хуульд зааснаар УИХ дахь намын бүлэг нь наймаас дээш гишүүнтэй байж, эрх зүйн чадамжтай болдог билээ.

Эвслийн бүлгээ задлахаа мэдэгдэн намын бүлэгтээ шахалт үзүүлэх болсон О.Баасанхүү гишүүний хувьд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурь барьж байгаа.

Харин УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Г.Уянга нар Дубайд зурагдсан Оюутолгойн санхүүжилтийн төлөвлөгөө нь Монголд ногдох ашгийг муутгасан гэж үзэн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах ёстой хэмээн гарын үсэг цуглуулж эхэлсэн хүмүүс.

Үүнээс гадна УИХ дахь эвслийн бүлгийн гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар ч Дубайн гэрээний асуудал дээр Г.Уянгын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсээр ирсэн.

Нэр бүхий эдгээр хүмүүсийг ч төрхөмдөө буцахаар ярилцаж байгаа гэх мэдээлэл байнга гарсаар байгаа. Нөгөө овоо босгоогүй бол шаазгай суухгүй гээчийн үлгэрээр бол хоёр гишүүн МАН-ынхантай яриа хөөрөө хийж байгааг үгүйсгэхэд хэцүү юм.

Ийнхүү эвсэл задралын ирмэгт ирээд байна. Энэ нь тус эвслийн дарга Н.Энхбаярын толгойны өвчин болж байгаа нь зайлшгүй. Үүний зэрэгцээ тэр өөрөө эвслийнхээ нөгөө нам болох МҮАН-ын дарга М.Энхсайхантай тар тур хийчихсэн байж байгаа.

Учир нь тэрбээр тус намын даргын суудлыг М.Энхсайханаас салгаж Н.Батцэрэгт өгөхийг санаархсан гэх. Гэвч М.Энхсайхан ийм доромжлолыг тэвчихгүй нь ойлгомжтой. Тэгэхээр байдал бас л хэцүү талдаа байгаа нь ойлгомжтой хэрэг.

Мөн УИХ дахь эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг БОНХАЖ-ын сайд болсноор гурван давхар дээлтэй болсон. Ядаж эвслийн бүлгийн даргын суудлыг нь авах гэхэд өгчих хүн алга шиг. Эвсэл тойрсон асуудлуудаас цухас өгүүлэхэд ийм байна.

Г.Самбаа

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler