|
Видео

Шинэ мэдээ

Өвөлжилтийн бэлтгэл бус өөрийнхөө тав тухыг хангасан сайд

Өвөлжилтийн бэлтгэл бус өөрийнхөө тав тухыг хангасан сайд

 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны сонгуулийн үеэр Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Сайд нарын "давхар дээлийг дан болгох” тухай)-ийг  санаачлан өргөн барьсан. Өргөн барьсан цаг хугацаа нь сонгуультай давхацсан учраас олон нийт хуулийн төслийг нь сонгуулийн бас нэг шоу гэж үзэж байлаа. Гэтэл энэ нь Ерөнхийлөгчийн шоу бус АН-ын шоу болж хувирсныг өнгөрсөн хаврын чуулганы хугацаанд харлаа. Тулгын гурван чулуу шиг хамтарч ажиллана хэмээн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийнхээ сурталчилгааг хийсэн АН-ынхан эцэст нь түүний өргөн барьсан хуулийн төслийг батлагдахын даваан дээр нь унагачихсан. Маргааш нь хуулийн төслийг Засгийн газрын гишүүдээс ганцаархнаа батлах саналтай байсан Х.Баттулга сайд албан тушаалаасаа татгалзаж, "давхар дээл”-ээ тайлсан. Үйлдвэр, хөдөө аж ахуйн дараагийн сайд хэн байх вэ гэдэг нь тухайн үед анхаарал татаж байлаа. АН-аас сонгогдсон "ардчилсан” Ерөнхийлөгчөө хүндэтгээд ядаж л "дан дээл”-тэй сайд томилно гэж жирийн иргэд итгэж байсан. Гэсэн ч АН-ынхан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжээгүйгээр барахгүй "давхар дээл”-ээ тайлсан сайдын оронд мөн л "давхар дээл”-тэй нэгнийг томилсон юм. Тэгэхдээ Хууль зүйн байнгын хорооны дарга, хурлаа ч удирдаж чаддаггүй, хуралдаа суудаггүй Ш.Түвдэндоржийг томилсон юм.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн шинэхэн сайд Ш.Түвдэндорж бол Байнгын хорооны дарга байхын л ажлаа хийдэггүй, хийдүүлдгээрээ алдартай нэгэн. Ямар сайндаа л Ж.Батзандан гишүүн "Энэ Байнгын хорооны дарга нь хэн юм бэ. Уг нь дарга нь гээд нэг хүн байдаг биз дээ. Гэтэл Р.Гончигдорж, С.Баярцогт хоёр л  байнга удирдаж байх юм. Ажлаа хийвэл хийсэн шиг хийж, хуралдвал хуралдсан шиг хуралдах хэрэгтэй. Иймэрхүү байдлаар хуралдаж байгаа Байнгын хорооны хуралд суух хүсэл алга” гээд хаалга савж гарах билээ дээ. Ийм хөдлөшгүй баримт байгаа болохоор түүнийг "давхар дээл”-ндээ түүртэнэ гэдэгт бооцоо тавьж ч болох юм. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндоржийн ирэх намрыг төсөөлөхөд нэг иймэрхүү байна. Ийм л хүнийг Н.Алтанхуягийн Засгийн газар, АН төрийн тэргүүнээс зөрсөөр байж сайдаар томилсон хэрэг. Ер нь АН Ш.Түвдэндоржид ямар өртэй юм, яагаад заавал тэр албан тушаалын бялуунаас хүртэж байдаг юм. Бүү мэд. УИХ-ын мэргэжлийн Байнгын хороог удирдаж чадахгүй, олон цоорхой хуулийг өлгийдөн авах үндэс суурийг нь тавилцсан Ш.Түвдэндоржид хариуцлагын асуудал ярихын оронд харин ч улс оронд хамгийн чухал салбараа атгуулж орхих нь тэр. Уг нь Ш.Түвдэндорж мэргэж­­лийн Байнгын хороог удир­даж чадахгүй гэдгээ Хууль зүйн байнгын хорооны даргаар ажил­ласан жил гаруйн хугацаанд, салбарын сайдаар ажил­лаж хүчрэхгүй гэдгээ Батлан хам­гаалахын сайдаар ажиллахдаа харуулчихсан хүн шүү дээ.

 

 


Харин одоо ажлаа хэрхэн хүлээж авсныг нь сонирхуулъя. Тэрээр өөрийг нь сайдаар томилсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр яамныхаа нэрийг хоёр удаа "Үйлдвэр, худалдааны яам” гэж андуурсан. Ажлаа хүлээж авахаар яамандаа очихдоо энэ алдаагаа гурван удаа давтсан байна. Үүнийг нь учир мэдэх хүмүүс дуугүй л харж суужээ. Гэтэл дараа нь телевизийн ярилцлаганд орохдоо бас л хоёр удаа "Үйлдвэр, худалдааны яам” гээд хэлчихсэн. Үүнээс нь түүнийг яамныхаа нэрийг ч мэддэггүй сайд гэж дүгнэж болох юм.

 Яамны нэрээ мэддэг, мэддэггүй байх нь чухал биш байж болно. Хамгийн гол нь ажлаа сайн хийдэг байх нь л чухал. Гэхдээ л "Мордохын хазгай” гэж Монголын зүйр цэцэн үг байдгийг мартаж болохгүй.  Ш.Түвдэндорж сайд яамныхаа нэрийг мэддэггүй шигээ ажлаа бас мэдэхгүй байгаа бололтой. Тэрээр яамаа "Үйлдвэр, худалдааны яам” гэж нэрлээд зогсохгүй жинхэнэ худалдаа хийгээд эхэлжээ. Тухайлбал, тэрээр "албан тушаалын худалдаа” хийж, үе үеийн сайд нарын хэтэвч болж ирсэн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлаар өөрийнхөө хүнийг томилсон байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сан ашигтай ажилладаг гэдгийг олон нийт андахгүй. Ялангуяа, намрын ургац хураалтаар жинхэнэ сизоны үе нь эхэлдэг гэдэг юм билээ. Тиймээс үүнийг угтуулан халаа сэлгээ хийсэн бололтой. Уг нь намар хаяанд буучихсан энэ үед халаа сэлгээ хамгийн сүүлчийн асуудал. Хадлан тариаланд л толгойгоо гашилгаж суух цаг байлтай. Харамсалтай нь "Үйлдвэр, худалдааны сайд” Ш.Түвдэндорж дээрх байдлаар "албан тушаалын худалдаа” хийснээс гадна эд материалын худалдаа хийжээ. Уг нь Засгийн газар өнгөрсөн тавдугаар сарын 10-нд Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай 147 дугаар тогтоолоо баталсан. Энэхүү тогтоолд заасны дагуу төсвийн байгууллагууд бүх төрлийн зардлаа бууруулах ёстой. Тухайлбал, автомашины зардлаа 20 хүртэл хувиар хэмнэх үүрэгтэй. Гэвч Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж өмнөх сайдынхаа унаж байсан цоо шинэ шахуу машиныг голж 200 сая төгрөгөөр "Ланд крузер-200” маркийн шинэ автомашин худалдан авч унажээ. Өөрөөр хэлбэл, сайдаар томилогдсон даруйдаа л Засгийн газрынхаа тогтоолыг зөрчсөн гэсэн үг. Эсвэл өөрийнх нь батлалцаагүй тогтоол өөрт нь үйлчлэхгүй гэж бодсон бололтой. Энэ бүхнээс үзвэл Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл хангахын оронд хувийн бэлтгэл, тав тухаа сайн хангажээ. Мөн түүний найр наадам, амралт нь дуусаагүй байгаа аж. Учир нь, тэрээр албан ажлаар уулзах гэсэн хүмүүст олдохоо больжээ.

200 саяын үнэтэй  "Ланд крузер-200” хөлөглөсөн сайд хаана, юу хийж явна вэ.

 

С.Шийлэгтөмөр

 

 

Өвөлжилтийн бэлтгэл бус өөрийнхөө тав тухыг хангасан сайд

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler