|
Видео

Шинэ мэдээ

Хэлэлцэх асуудлаа дуусгасан ч, үүссэн хүлээлтийг тайлсангүй

Хэлэлцэх асуудлаа дуусгасан ч, үүссэн хүлээлтийг тайлсангүй

-Асуудлыг зөв тал руу эргүүлэх боломжийг гишүүд ашигласангүй-

Засгийн газрын гишүүдийг нөхөн томилох, Өршөөлийн хуулийн зарим зүйл, хэсэгт хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх төлөвлөгөөтэй эхэлсэн ээлжит бус чуулган завсарлалаа. УИХ-ын Тамгын газраас баталсан хуваарийн дагуу шийдвэрүүд гарсан ч, нийгмийн зарим хэсэгт үүсээд байсан хүлээлтийг тайлж чадсангүй.

Өөрөөр хэлбэл Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан ч, шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг батлалгүй тарсан нь өршөөлд хамрагдах иргэд шоронгоос суллагдах боломжгүй болоод байна.

Хэлэлцүүлгийн явцад Хууль зүйн байнгын хорооноос өгсөн мэдээллээр нийт 2000 гаруй иргэн суллагдах боломж Өршөөлийн хуулийн хүрээнд нээгдсэн байсан аж. Бүр Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх тусгай комисс байгуулагдаж, хуулийн хэрэгжүүлэх хүрээнд авах арга хэмжээний талаар хэдэнтээ хуралдаж байсан юм.

Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц. Оюунбаатар ахалж буй. Тэдний боловсруулсан төсөл дахин хориг тавьж болзошгүй зүйл, заалтыг тусгасан байгаа талаар Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр мэдэгдсэн. Гэхдээ нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцээгүй шалтгаан нь энэ биш. Харин хэдэнтээ зарлагдсан байнгын хорооны хуралдаанд гишүүдийн ирц бүрдээгүй гэвэл Та итгэх үү. Гэвч энэ хамгийн гол шалтгаан. Ажлын хэсгийн боловсруулсан төсөл, УИХ-ын хүлээн авсан хоригийн үзэл санаатай зөрчилдөж болох ч, асуудлыг зөв тал руу эргүүлэх боломж хэлэлцүүлгийн явцад нээлттэй. Харамсалтай нь энэ боломжийг Их хурлын гишүүд ашигласангүй.

Тус байнгын хорооны хуралдаанд хамгийн багадаа 11 гишүүн ирсэн тохиолдолд, хуралдааныг эхлүүлэх боломж бүрдэнэ. Гэвч Хууль зүйн байнгын хороонд харьяалагддаг гишүүдийн 11 нь хуралдаандаа ирэх байтугай, Их Хурал ээлжит бус чуулганыг хаах үед ердөө төдий тооны гишүүн л танхимд цугласан байжээ. Түүнээс гадна энэ удаагийн ээлжит бус чуулганыг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хааж байв.

Харин УИХ-ын дарга З.Энхболд ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал бүхий захирамж гаргасныг Тамгын газраас мэдээлэв. Уг захирамжид нийт 27 асуудлыг тусгасан бөгөөд, хамгийн эхнийх нь Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг багтаажээ. Мөн намрын чуулганы онцлог нь ирэх жилийн төсөв, мөнгөний бодлогыг баталдаг. Тиймээс арваннэгдүгээр сарын 15-наас өмнө 2016 оны улсын төсөв, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг баталж таарна. Гэхдээ энэ оны төсвийн орлого одоогийн байдлаар 670 гаруй тэрбум төгрөгөөр сох дутчихаад буй. Оны эцэс гэхэд энэ үзүүлэлт нэг их наяд төгрөгт хүрнэ гэдгийг Ерөнхий сайд Ч. Сайханбилэг мэдэгдсэн байгаа. Тиймээс ирэх оны төсвийг хэлэлцэж эхлэхээс наана буюу намрын чуулган нээсэн даруйд төсөвт тодотгол хийх ажил УИХ-д бий. Холбогдох өөрчлөлт бүхий төсвийн тодотголын төслийг Сангийн яам боловсруулчихсан, өргөн барихад бэлэн талаар эх сурвалжууд мэдээлсэн.

Харин захирамжид зааснаас бусад төслүүдийг тухай бүрт нь Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар болсон байна.

Б.Энхжаргал

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler