|
Видео

Шинэ мэдээ

Оюутны байр болон түрээсийн байрны үнэ ханш ийм байна

Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоногийн хугацаа үлдэж хөдөө орон нутгийн оюутнууд дотуур байрны эрэлд гараад байгаа. Гэхдээ тэднийг хүлээж авах их, дээд сургуулийнх нь дотуур байрны бүртгэл хараахан эхлээгүй байна. Нийслэлийн хэмжээнд их дээд сургуулийн 43 дотуур байр байдгаас дийлэнх нь маргаашнаас оюутнуудаа бүртгэж эхлэх юм. Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 19 мянган хүүхэд төгссөн нь урьд жилүүдээс хоёр дахин цөөн гэж албаныхан хэлж буй. Энэ хэрээр их дээд сургуульд элсэн сурагчдын тоо бага байгаа учраас дотуур байрны хүрэлцээ өмнөх жилүүдийнх шиг асуудал үүсгэхгүй нь бололтой.  Гэхдээ хүрэлцээ нь хүртээмжтэй болсон гэдэг сайн мэдээний хажуугаар саар тал ч гарч иржээ. Элсэгчид цөөн байгаагаас төрийн өмчийн их дээд сургуулиуд алдагдлаа нөхөхийн тулд сургалтын төлбөрөөс гадна дотуур байрныхаа үнийг ч нэмсэн байна. Тиймээс бид энэ жил оюутны дотуур байр болон халаасны өрөөний үнэ ханш хэрхэн нэмэгдсэн талаар сурвалжилсан юм.

Их, дээд сургуулиудын дотуур байр 385-850 мянган төгрөгийн ханштай байна

Эхлээд их, дээд сургуулиудын дотуур байрны үнэ ханшийг сонирхлоо. Дотуур байрнуудын зарим нь хичээлийн шинэ жил хаяанд ирчихээд байхад будаг нь хатаагүй, засвар нь дуусаагүй байв. Бид эхлээд МУИС-ийн дотуур байранд очиход "Энэ жил бүрэн засвар хийсэн. Оюутнуудаа маргаашнаас бүртгэж эхэлнэ” гэсэн юм. Харин төлбөрийн хувьд энэ жил бүрэн засвар хийсэн нэг, гурав гэсэн дотуур байрныхаа төлбөрийг бууруулах боломжгүй гэх шийдвэрийг өчигдөр болсон удирдах зөвлөлийн хурлаараа гаргасан байна. Харин бусад дотуур байрныхаа төлбөрийг 100 мянган төгрөгөөр багасгахаар болсон гэнэ. Үүний дараа бид МУБИС-ын "Оюутны өргөө” дотуур байраар зочилсон юм. Байранд оюутнууд нь ороод эхэлчихсэн хөл хөдөлгөөн ихтэй байсан юм. Тэд энэ сарын 26-наас эхлэн оюутнуудаа бүртгэж эхэлсэн аж. Төлбөрийн хувьд өөрийн сургуулийн оюутнуудыг 850 мянгаар харин гадны оюутныг 1 сая 50 мянган төгрөгөөр оруулж байгаа бөгөөд 1, 2-р байр нийлээд 1000 хүүхэд хүлээж авах боломжтой гэнэ. Бусад байрнуудын хувьд АШУҮИС дотуур байрны төлбөрөө 50 мянгаар нэмж 430, ШУТИС мөн 50 мянгаар өсгөж 450, МУБИС 65 мянгаар нэмэгдүүлж 385 мянган төгрөг болгожээ.

Оюутнууд түрээсийн байранд 3 сая төгрөг төлж байна

Ахлах курсын оюутнуудын хувьд дотуур байранд орно гэдэг бараг мөрөөдөл гэхэд буруудахгүй байх. Учир нь их, дээд сургуулиуд 1, 2-р курсийн оюутнуудыг байранд хамруулахыг илүүд үздэг. Тиймээс ахлах курсын ах эгч нарын хувьд халаасны өрөө  болон нийтийн байр түрээслэхээс аргагүйд хүрдэг байна. Үүнийг нь далимдуулж мөнгө хүүлэгсэд бол түрээслэгчид юм. Тэд хэдхэн сарын өмнө 150 мянгаар түрээслүүлж байсан умгар гал тогоогоо оюутнуудад 200 мянга гэж тулгана. Хот хүрээнд хамаатан, садан, танилгүй нэг нь тэдний хэлсэн үнээр нь түрээслэхээс өөр аргагүй. Тэгээд ч айлын тогоо өнгийж амьдарна гэдэг тийм ч амар зүйл биш. Ааштай эгч, ууртай ахын ая талыг харж, ходоодоо хонхолзуулж сууснаас умгар ч гэсэн хар гэртээ хаан нь болж суувал аятай юу. Даанч халаасны умгар өрөө, айлын гал тогоо, зөөврийн устай нийтийн байрны үнэ тэнгэрт хаджээ. Учир нь халаасны өрөө хотын төв, захын дүүрэгт байрлалтайгаасаа шалтгаалаад 180-350 мянга, нийтийн байр 100-250, гал тогоо-200-230 мянган төгрөгийн үнэтэй байна. Ахлах курсынхнээс гадна дотуур байргүй сургуулийн оюутнууд түрээслэгчидийн хувьд бөөн олз. Нэгэнт сургууль нь дотуур байргүй юм чинь халаасны өрөө хэсэхгүй яах билээ. Төлбөрийг нь авдаг хэрнээ толгой хоргодох оромж босгочихгүй байгаа нь харамсалтай. Халаасны өрөө болон нийтийн байрнаас өөр нэг хувилбар бол хашаа, байшин түрээслэх. Мэдээж үнийн хувьд хашаа, байшин, гэр түрээслэх нь хамаагүй хямд ч гэсэн өвлийн улиралд нүүрс, түлээ шаардах нь халаас нимгэн оюутнуудын хувьд бас л бэрхшээл. Өөр нэгэн хувилбар бол 2-3-уулаа нийлээд 1-2 өрөө байр түрээслэх. Одоогийн байдлаар нэг өрөө орон сууц байрлалаасаа хамаараад 400-700 мянган төгрөгийн ханштай байгаа  бол хоёр өрөө нь 500 мянгаас нэг сая төгрөг хүртэлх үнэтэй байдаг аж. Мэдээж боломжтой айлын хүүхэд бол ганцаараа юм уу ах, дүүтэйгээ 1-2 өрөө байр түрээслэнэ. Харин мөнгөө хэмнэх хүсэлтэй нэгнийх нь хувьд 2-3-уулаа нийлээд нэг өрөө байр түрээсэлсэн нь хавьгүй хямд тусна. 
 "Халаасны өрөөний үнэ 300 гарчихаж, дотуур байрны үнэ 50-100 мянгаар нэмэгдсэн байна. Одоо яах вэ, хүүхдээ орох оронтой болгоод нутаг буцна даа” гэх хүмүүс энд тэндгүй байв. Хэн ч гэсэн үр хүүхдээ  Улаанбаатарт толгой хоргодох байртай болгочихоод буцахыг хүснэ. Гэвч хүсэхэд хясахын үлгэрээр халаасны тэмтрүүл болсон нөхдүүд тэнгэрт хадсан үнэ хэлж, эцэг, эх, оюутнуудыг сандаргаж байна. Зарим нэг нь бүр төлбөрөө жилээр авна гэнэ. Өнөөдрийн энэ хямралтай нийгэмд байранд 3 сая төгрөг тоолоод өгөх боломж эцэг, эх ховорхон. Энэ мэт асуудлуудтай нүүр тулж байгаа оюутнууд маань хэзээ нэг байрны түрээсээ бодож шаналахгүй санаа амар хичээлээ хийдэг болох юм бол доо. Гадаадад бол сурч, амьдрах бүх орчин нөхцлөөр нь хангаад, дээрээс нь долоо хоногт ажил хийх цаг олгодог. Харин Монголын хувьд бүх зүйл эсрэгээрээ. Хаа холын Хөвсгөл, Ховдын оюутан бөөн зардал, мөнгө болж байж арай гэж нийслэлд хөл тавина, тэгээд сургалтын болон байрны төлбөрөө 100 хувь төлнө, дээрээс нь ном, дэвтэр, хоол унд, бусад зардлыг тооцоод үзвэл дөрвөн жил сургуульд сурахын тулд  дор хаяж 10 гаруй сая төгрөг зарцуулж байна. 

Т.Болор

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler