| |
Бурхан Буудай уулын домог
Молон тойн гэгч байжээ. Тэрбээр ээжийнхээ нүглийг нимгэлэх гэж ном уншаад суудаг байж, эрлэгийн элчийг ирэхээр хөмөрсөн бадар аяган доороо нуучихаад, дээр нь суугаад номоо уншаад бясалгадаг байжээ. Тийн уншиж байгаад нэг үзэхнээ нь ээж нь алга болчихож. Тэгээд би ингэж их ном бясалгаж, буян үйлдсэн юм хойно, ээж маань лавтай тэнгэрийн орноо төрсөн буй за хэмээн сэтгээд ээжийгээ тэнгэрийн орноор хайсанд олдсонгүй. Аргаа ядаад тамын орноор хайсанд ээж нь эрлэг тамын хамгийн ёроол тамд нь оччихсон байж гэнэ.
Тэндээс ээжийгээ сугалж үүрээд явах гэтэл ээж нь "Миний суудлыг хадгалж байгаарай” гэж тамынханд захиж байжээ. Ээж нь ер их болдоггүй хүн байсан юм гэдэг. Түүнээс суудлаа захих нь нүгэл болдог ёс тогтсон гэнэ билээ. Угтаа бол ээж нь тэнгэрийн орны бодисатва нарын нэгэн бөгөөд Молон тойны номын чадлыг гүйцээх гэж зориуд тэгдэг байсан гэнэ билээ.
Тэгээд ээжийгээ үүрээд тэнгэрийн орноо хүргэхээр явж байтал ээж нь нүцгэн хөлийнхөө хуруун завсараар арвай буудайн түрүүг шувтарч унагаад явж байна гэнэ. Тэр цагт буудай түрүү өнөө цагийнх шиг үзүүр дээрээ хэдхэнтэй байсангүй, газраасаа үргэлжилсэн түрүүтэй байжээ. Молон тойн сандраад ээждээ "Ээжээ нохойн хувь үлдээгээрэй” гэсэнд ээж нь за гэж... Тэр цагаас хойш буудайн түрүү үзүүр дээрээ хэдхэн юмтай болж үүрд үлдсэн хийгээд түүнийг "Нохойн хувь” гэдэг болсон гэнэ.
Тийнхүү Молон тойн ээжийгээ үүрээд Тэнгэрийн орон зүг явж байх зуурт ээжийнх нь хөлийн хуруун завсар хавчуулагдаж үлдсэн нэг буудайн үр Алтайн нэгэн шовх уулын оргил дээр унаж үлдсэн учир тэр уулыг Бурхан Буудай уул гэх болсон гэнэ. Үнэхээр Бурхан Буудай уулын оргил дээр буудайн үр шиг хэлбэртэй онцгой нэгэн чулуу байдаг ажээ. Энэ түүхийг бидний өвөг дээдэс олон үе дамжуулан ярьж ирсэн болно хэмээн Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн харьяат, Бурхан Буудай уулын унаган хүү Ядамцоогийн Сэсээр Улиастайн голын савд, Баатархайрханы баруун сугад тухлангаа хуучилсныг тэмдэглэн авлаа.
2015 оны 8 сарын 25-ны өдөр
Б.Номинчимэд.