|
Видео

Шинэ мэдээ

Даншиг наадам даамай сайхан боллоо

 Даншиг наадам даамай сайхан боллооМонголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа "Даншиг наадам-Хүрээ цам -2015” наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Даншигийн үеэр хүчит бөх барилдаж, дөрвөн насны морь уралдаж, сур харвах тэмцээнээс гадна бурхан шашны зан үйл болох цам харайх ёслол, лам хуваргуудын дунд ном хаялцан ур чадвараа гайхуулах, унзад голч нарын тэмцээн мөн лам нарын дунд балин, тосон урлалын тэмцээн, "Монголын өнгө’ нэртэй урлагийн тоглолт гээд Монголын шашны уламжлалыг сонирхуулсан сайхан арга хэмжээнүүд боллоо.
 
 
600 гаруй лам сүсэгтэн олонд зориулж ном айлдлаа
 
"Даншиг наадам- Хүрээ цам 2015” наадамд сүсэгтэн олон түмэнд зориулж ном айлдах үйл ажиллагаагаар эхэлсэн юм. Тодруулбал, өнгөрсөн бямба гарагийн өглөө 06:00 цагаас эхлэн Чингисийн талбайд 600 гаруй лам нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж ном айлдсан билээ. Итгэл, Ганданлхавжаа, Дашчирэв сан, Дөрвөн уулын сан, Даллага, Жанлавцогзол, Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Шашин дэлгэрэхийн ерөөл зэрэг ном айлдав. 
 
Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа даншиг наадамд Нарванчин гэгээн, Сарайдорж Номунхан, Жононба хувилгаан, Дилав хутагт, Халимагийн Шажин лам болон Өвөрмонгол, Тувагийн хамба лам ирж оролцсон юм.
 
Даншиг наадам нээлтээ хийснээс хойш Очирваан шүтээнийг тахих, Соёмбот туг залах ёслол, Өндөр гэгээний дүрийг залах ёслол, Унзад голч лам нарын тэмцээн, лам нарын ном хаялцах тэмцээн зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болсон. Балин болон тосон урлалын тэмцээний хувьд лам хуврагууд болон сүсэгтэн олон өөрсдийн шүтэн биширдэг бурхан шүтээндээ зоог өргөж буй идээг балин хэмээдэг.
 
Энэ хүндэтгэлтэй идээг бүтэн жил бурханд өргөсөн ч огт мууддаггүй аж. Учир нь үүнийг усаар бус шар тосоор зуурч бэлэн болсон балингаа адисладаг гэнэ. Адисласан балингаа бурхандаа тавих нь өдөр бүр зоог барьж байгаа утгыг илэрхийлдэг хэмээн мэргэд тэм дэглэсэн байдаг байна. Бурхандаа өргөж байгаа балингаа чамин болгож чимэглэдэг нь сайхан идээ өргөж байна гэсэн утгатай бөгөөд чимэглэлийг тосоор хийдэг бөгөөд тун нарийн ур дүй шаарддаг аж.
 
Маш удаан буцалгасан тосоо янз бүрийн өнгөнд оруулдаг. Бүтэн жил бурхан шүтээнээ тахисан балингаа нунтаглаад арцтай хольж, хүмүүст тараадаг юм байна. Энэ нь өвчин зовлонд маш тус дэмтэй байдаг. Тосоор хийсэн чимэглэлийг нь аваад хайлуулаад хүмүүст өгдөг. Энэ нь хүний бие дээр гарсан элдэв яр шархыг анагаадгаараа онцлогтой гэнэ.
 
 
Н.Мөнхбаясгалангийн зээрд халзан түрүүлэв
 
Даншиг наадмын эхний өдөр буюу өнгөрсөн бямба гарагт азарга соёолон насны морьдын уралдаан болсон юм. Азарганы уралдаанд  Төв аймгийн Баянцагаан сумын уяач Х.Баярбатын Хээр азарга түрүүллээ. Булган аймгийн Дашинчилэн сумын уяач Д.Зоригоогийн Бор азарга аман хүзүүдэж,Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Б.Шагдаржавын Хүрэн халзан азарга айргийн гуравт, Булган аймгийн Орхон сумын уяач Б.Батсайханы Сайхан саарал айргийн дөрөвт, Завхан аймгийн Идэр сумын уяач Ш.Үнэнбатын Дэлбэг хээр айргийн тавд хурдалсан юм. 
 
Харин соёолон насны уралдаанд 13 аймгийн 112 соёолон шандасаа сорьсоноос Төв аймгийн Бүрэн сумын Ө.Жамаагийн "Хул” соёолон түрүүлж, Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Б.Мөнхтүвшингийн "Хонгор халзан” үрээ аман хүзүүдэн торгон жолоогоо өргүүллээ. Мөн Дундговь аймгийн Адаацаг сумын уяач О.Ганбаагийн "Хонгор халзан” айргийн гуравт, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уяач Ж.Хоролбаатарын "Ембүү хээр” айргийн дөрөвт, Төв аймгийн Сэргэлэн сумын уяач У.Ганхүүгийн "Хул” айргийн тавд тус тус хурдалсан юм.
 
Даншиг наадам зориулсан Их насны морьдын уралдаан өчигдөр болж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн уяач Н.Мөнхбаясгалангийн зээрд халзан морь түрүүлж, торгон жолоогоо өргүүлэв. Уралдаанд 121 их насны морьд шандас сорьсноос НЗДТГ-ын уяач С.Очирбатын хүрэн халзан аман хүзүүдэв. Төв аймгийн Лүн сумын уяач А.Эрхэмбаярын хүрэн айргийн гуравт, Төв аймгийн Борнуур сумын Ч.Буянхүүгийн хул айргийн дөрөвт, Төв аймгийн Баянчандмань сумын уяач С.Чинбатын сартай хүрэн морь тус тус айрагдааа. Дашрамд дуулгахад, Даншиг наадмын бөх, морь, сурын бай шагнал нь улсын наадмын байтай адил байсан юм.
 
 
Р.Пүрэвдагва түрүүлж, "Даншгийн Арслан” цол хүртлээ
 
Даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд нийт 256 бөх зүлэг ногоон дэвьжээнээ уран мэхийг уралдуулан хүчийг үзэн барилдлаа. Даншиг наадмын хүчит бөхийн барилдааныг сонирхолтой болгож байсан зүйл нь бөхчүүд төрийн наадмын цол харгалзахгүйгээр сугалаагаар барилдсан нь ёстой л бөхчүүдийн эр чадлыг шавхсан явдал байв. Тиймээс ч бөх сонирхогчдын хувьд хэн нь хэнтэй таарах бол, ямар барилдаан гарах бол гэсэн хүлээлтээр дүүрэн барилдаан болж байлаа.
 
Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Хамбын шийдвэрээр, түрүүлсэн бөхөд Даншгийн Арслан, үзүүрлэсэн бөхөд Заан, зургаа давсан бөхөд чимэгтэй Начин, тав давсан бөхөд Начин цолыг тус тус олгож, үнэмлэх, тэмдгийг гардуулах шийдвэргарсан. Гэхдээ энэхүү цол нь зөвхөн "Даншиг Хүрээ цам” наадамд л хүчин төгөлдөр үйлчлэх юм.
 
Ийнхүү 256 бөх хүч бяраа үзсэнээс тав давж "Даншгийн начин” цолны болзолыг .О.Хангай, Э.Энхбат, Бо.Батжаргал, Р.Пүрэвдагва, Б.Гончигдамба, Д.Амарсайхан, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан нар хангасан. Улмаар долоогийн даваанд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Улсын гарьд Б.Гончигдамба, Архангай аймгийн Булган сумын уугуул Улсын начин Р.Пүрэвдагва, Булган аймгийн Могод сумын харьяат Улсын начин Э.Энхбат, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Улсын харцага Ц.Содномдорж нар зургаа давж шөвгийн дөрөвт үлдсэн юм.
 
Долоогийн даваанд Ц.Содномдорж, Э.Энхбат нар өвдөг шороодож, Б.Гончигдамба, Р.Пүрэвдагва нар үзүүр, түрүү булаацалдлаа. "Даншиг наадам-Хүрээ цам 2015” наадамд Улсын начин Р.Пүрэвдагва найм даван түрүүлж, "Даншгийн Арслан” цол хүртсэн бол Улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэж "Даншгийн Заан” цол хүртлээ.
 
Ийнхүү Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан "Даншиг наадам-Хүрээ цам -2015” наадмын хүчит бөхийн барилдаан үзүүштэй сайхан болж монгол түмнээ баясгалаа. 
 
 
Монгол Улсын Мэргэн харваач Б.Батбаатар түрүүллээ
 
"Даншиг наадам-Хүрээ цам-2015” шашин, соёлын наадмын Сур харваанд нийт 340 орчим харваач хоёр өдрийн турш цэц мэргээ сорив. Эрэгтэй 230, эмэгтэй 110 харваач сум тавьж нум эвшээлгэснээс Эрхий мэргэн харваанд эрэгтэй 230, эмэгтэй 110 харваач сум тавьж нум эвшээлгэсэн юм. Үүнээс эрэгтэй харвааны төрөлд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул Апдар спорт, Жим интернэшнлийн тамирчин Монгол Улсын мэргэн харваач Б.Батбаатар 38 оноогоор тэргүүн байрт шалгарав. 
 
Харин удаах байруудад Ховд аймгийн Булган сумын уугуул Монгол Улсын гоц мэргэн Л.Отгон, Дундговь аймгийн Сайхан овоо сумын харьяат Баянгол дүүргийн харваач МУ-ын дэд мастер Ч.Эрдэнэ-Оюун, Баян - Өлгий аймгийн Аитанцөгц сумын харьяат Монгол Улсын мэргэн Х.Болдбаатар, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, Уурхайчин клубын харваач Н.Өлзийбилэг нар шалгарлаа. 
 
Харин эмэгтэй харвааны төрөлд Баяндалай сумын харьяат Баянгол дүүргийн харваач МУ-ын Спортын мастер Х.Дэдэнмаа 39 оноогоор түрүүлсэн бол удаах байранд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат, Баянгол дүүргийн харваач Д.Батзаяа, Дорнод аймгийн харьяа Шинэ Налайх багийн харваач МУ-ын Спортын мастер Ч.Гандаваа нар шалгарч наадамчин олныг баясгалаа.
 
 
Даншиг наадмын уламжлалыг алдагдуулахгүй байвал ч...
 
"Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын үйл ажиллагаа нь баяр гэхээсээ илүү түүх, ёс заншил, соёл уламжлалаа сэргээсэн чухал үйл явдал юм. Нөгөө талаар "Найрсаг-Улаан-баатар” хөтөлбөрийн хүрээнд гадны жуулчдыг татах, Монгол Улсаа сурталчлах бас нэгэн чухал хөтөлбөр болон цаашид хэрэгжүүлэх болсон гэдгийг албаныхан онцолж буй.
 
Даншиг наадам нь зуу орчим жил бараг бүдгэрээд байгаа зөвхөн дээх нь үеийн кино төдийхнөөс хардаг болоод байсан бидэнд үзэж, харах зүйл элбэг сайхан наадам боллоо. Энэ жил нэлээд хэл ам дагуулан байж зохион байгуулагдсан ч наадам маш сайхан болсон гэдгийг наадамчин олон сэтгэл дүүрэн хэлж байсан юм. 
 
Тухайлбал, хүчит бөхийн барилдааны даваа бүр сугалаа сугалах зуур урлаг соёлын арга хэмжээ үргэлжилж, нэг арга хэмжээнээс нөгөөд шилжих зуур Хүй мандлын дэнжид зассан төв талбайг цаг алдалгүй цэвэрлээд, жил бүр Үндэсний баяр наадмаар хэл ам дагуулдаг нийтийн бие засах газруудыг ойр ойрхон байршуулсан байсан гээд зохион байгуулалт маш сайтай байв. 
 
Тэгээд ч Даншиг наадамд зориулан байгаль эх дэлэгнэсэн үү гэлтэй Хүй долоо худаг буюу Хүй мандлын дэнж ногоон зүлгээр хучигдаж, бөх нь найраагүй, морьд нь будилаангүй Үндэсний их баяр наадмаас илүү сайхан, илүү тайван, цэвэрхэн наадам болж байгааг магтах хүн цөөнгүй байлаа. Тиймээс ч энэ эрчээ алдахгүй жилээс жилд Даншиг наадмын үеэр шашины болон соёлын уламжлалын олон үйл ажиллагааг сэргээж, зөвхөн жуулчид гэхээсээ илүү монголчуудад түүх, ёс заншил, соёл уламжлалаа мэдэхэд туслах "том хөдөлгүүр” болгох хэрэгтэй. 
 
Түүнээс сонин дээрээ соотолзон гэдэг шиг эхний жил нь ийм сайхан байгаад дараа дараагийн жилээс Үндэсний баяр наадмаас ялгарах зүйлгүй болгочихвол нээрээ л жилдээ хоёр наадаж хийж, мөнгө үрэхийн хэрэг юу билээ.
 
Энэ жилийн хувьд цамын ёс заншил, утга учрыг Монголын сүсэгтэн олон болоод гадаадын < жуулчид судлаачдад зориулан англи, монгол хэл дээр тайлбарлан хүргэсэн. Хүрээ цамыг тусгай бэлтгэгдсэн лам нар дэг, дэгийнх нь дагуу харайдаг учиртай уг ёслолыг гадаадынхан ихэд сонирхон үзэж байсан юм. Тиймээс ч энэ удаагийн наадам "байгаа оносон” гэж хэлж болохоор байна. Цаашид ч монголын уламжлалт соёлыг дахин сэргээх, түүнийг дэлхий дахинд сурталчлах наадам маань өргөн дэлгэр сайхан болоосой.
 
Ж.Отгон
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler