| |
ГРЕК ӨРӨӨ ТӨЛЖ ЧАДСАНГҮЙ
Грек улс Олон улсын валютын санд 1.6 тэрбум евро шилжүүлэх ёстой байсан ч хугацаандаа өрөө төлсөнгүй. Тус улсын Засгийн газар шинэ өрийн дүрмийг батлалцах саналтай байгаа тул Евро бүсийн эрх баригчидтай дахин нэг удаа ширээний ард суух хүсэлтэй байна. Хэрэв эдгээр яриа хэлэлцээ, ойлголцлууд нэг ч шат ахихгүй бол Грек улс Европын холбооноос гарах магадлал улам бүр өснө.
Грек нь ОУВС-аас авсан зээлээ хугацаанд төлж чадаагүй цорын ганц улсаар нэрлэгдэж байна. Өмнө нь ОУВС-ын удирдлагууд өнгөрсөн мягмар гарагийн 22:00 цаг гэхэд 1.6 тэрбум еврогийн өрийг шилжүүлэх ёстой гэж үзэн, энэ тал дээр Афины эрх баригчидтай хангалттай ойлголцсон гэж мэдээлсэн билээ. "Бид Грекийг зээлсэн мөнгөө төлөх хугацаанаас хэтэрсэн тухай Гүйцэтгэх зөвлөлөөр дамжуулан хуралдаж байна. ОУВС-д цагтаа төлөөгүй өрийн үлдэгдэл байгаагүй бөгөөд энэ нь Грекийн үнэлгээг бууруулж байна” хэмээн ОУВС-ын мэргэжилтэн Гэрри Райс ярьжээ.
Грект ард иргэд дэлгүүр, супермаркетуудаас хүнсний бүтээгдэхүүн, ахуйн өргөн хэрэглээний барааг маш ихээр худалдан авч байгаа гэнэ. Афин хотын захын хорооллын "Carrefour” супермаркетын сүлжээнд мах, тахианы мах, гоймон зэрэг хүнсний бүтээгдэхүүний лангуу суларчээ. Дэлгүүрийн кассыг дугаарласан хүмүүсийн урт цуваа Грект ердийн үзэгдэл болсон байна. Түүнчлэн урт хугацаанд хадгалах боломжтой өргөн хэрэглээний ахуйн барааг иргэд их хэмжээгээр худалдан авдаг болжээ. "Сүүлийн үед ийм байдал үүсээд байна. Ард иргэд нөхцөл байдал муудна гээд айж буй. Зарим нэг шуналтай хүмүүс ямар ч хэрэгцээгүй барааг худалдан авч байна” хэмээн дэлгүүрийн худалдагч ярьсан байна. Харин эрх баригчид Грекийн ард түмэнд хандаж хүлээцтэй тайван байхыг уриалжээ.