| |
Видео
Шинэ мэдээ
Ашигт малтмалын тухай хуулийг нийтлэв
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс эрхлэн гаргадаг "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 24 дэх дугаарын хэвлэгдэн гарчээ.
Эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.10 дахь хэсгийг " Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүнд ногдох тухайн улирлын төлбөрийг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор төсөвт төлнө” гэж өөрчлөн найруулжээ.
Мөн дугаарт Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Түүнд тухайлбал, " Цахим баримтыг тодорхойлох, түүнд тавих шаардлагыг тогтоох, цахим баримтыг хадгалах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэсэн агуулгатай хэсгийг нэмж, энэ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.13 дахь заалтыг "татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах” гэж өөрчлөн найруулсан байна.
"Албан татвар төлөгчийн тухайн улиралд шинээр эзэмшсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг дараагийн улирлын эхний өдрөөс эхлэн тооцно”, "Барилга угсралтын шатанд байгаа үндсэн хөрөнгийг ашиглалтад оруулсан өдрөөс эхлэн шинээр эзэмшсэнд тооцож элэгдэл байгуулж эхэлнэ” гэсэн агуулгатай хэсэг нэмсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг нийтэллээ.
Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолыг түүнчлэн Иргэнд 2015 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг тус тус нийтэллээ. Энэ тогтоолд, өмчлүүлэх газрын байршил болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэх газрын, аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх газрын нийт хэмжээ, одоо эзэмшиж байгаа газрын болон шинээр өмчлүүлэх газрын нийт хэмжээ зэргийг нийслэл, аймаг тус бүрээр гаргасан байна. Тухайлбал, 2015 онд иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ улсын хэмжээнд 7154.34 га байхаар тогтоожээ.
Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг бүрэн эхээр нь нийтэллээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт "Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.
Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна” гэж заасны "... Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.” гэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”,
Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/ дахь заалтын "давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...” гэснийг тус тус зөрчсөн байх тул дээрх заалтыг хүчингүй болгосон шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргажээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.