| |
Согтуу жолооч хоёр хүүхэдтэйгээ явсан эмэгтэйг дайрч, амь насыг нь хохироожээ
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан тоо буурахгүй байгаа бөгөөд энэ үед гэмт хэрэгт холбогдох нь ихэсч байгаа аж. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өчигдөр хоёр хүүхэдтэйгээ явсан эмэгтэйг согтуу жолооч дайрч, амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна.
Энэ мэтчилэн гэмт хэргүүд өсөж байгаа учраас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүст ногдуулах хариуцлагыг чангатгах талаарх хуулийн төслийг яаралтай батлах шаардлагатай байгааг Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат хэллээ.
Он гарсаар эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн хэрэг 870 бүртгэгдэж, 554 хүн хүнд, хөнгөн гэмтэж, 141 хүн амь насаа алдсан байна. Амиа алдсан хүмүүсийн 15 нь хүүхэд бөгөөд өнгөрсөн жилээс өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Хөдөө орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, зогсоох арга хэмжээ авч чадахгүй байх, стандартын шаардлага хангаагүй мотоцикльтой хөдөлгөөнд оролцох, хамгаалах бүс, малгай хэрэглээгүй, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих зэргээс шалтгаалж байна.
Харин нийслэлд гарч буй ослууд нягтрал ихтэй үед хоорондын зай бариагүйгээс мөргөлдөх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулах, хамгаалах бүс, хүүхдийн хамгаалалтын суудал хэрэглэж хэвшээгүйн улмаар гарч байгаа аж.
Урин дулааны улирал эхэлж, амралт зугаалгын цаг эхэлж буйтай холбоотойгоор хөдөө орон нутгийн замд согтууруулах ундаа хэрэглэн хөдөлгөөнд оролцож, амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал нэмэгдэх хандлагатай байгаа тул Замын цагдаагийн газраас иргэддээ замын хөдөлгөөний дүрмээ сайтар биелүүлэхийг анхааруулж байна.