| |
Хүүхдүүд тэвчишгүй хөдөлмөр эрхэлсээр байна
"Аав хүнд өвчтэй хэвтэрт байдаг. Цэцэрлэгийн насны хоёр дүү, дунд сургуулийн нэг дүүтэй. Аавын өндөр үнэтэй эм тариаг авахад ээжийн цалин хаана ч хүрдэггүй. Тиймээс сургуулиасаа чөлөө аваад "Хүчит Шонхор” зах дээр мах ачигч, барилгын туслахаас эхлээд олдсон бүхий л ажлыг хийдэг” гэж 15 настай Г.Наранбаатар хүү ярилаа.
Энэ бол зах худалдааны төв, машин угаалгын газар гээд хаа сайгүй та бидэнтэй тааралдаж, худалдаа эрхлэгчдэд шоовдорлогдон байж хэдэн төгрөг олж, амьдралаа залгуулдаг хүүхдүүдийн нэг.
Хүүхдийн хүмүүжил гэр бүлээс маш их шалтгаалдаг.
Та 7-16 насны хүүхдээ эрхлүүлж, хүссэн зүйлийг нь авч өгч, гадуур тэнээд хүн амьтанд дээрэлхүүлэх вий гэж эмээдэг бол таны хүүхдээс, дүүгээс өөрцгүй тэд аав, ээж гэр бүлийн хайранд өлгийдүүлж, эрдэм ном сурах насандаа ийнхүү хүнд хэцүү амьдралд нухлагдаж явна.
Гэхдээ энэ амьдрал бол "тэнэмэл” гэх тодотголтой тэдгээр хүүхдүүдийн буруу биш, эрх, үүргээ ухамсарладаггүй, хариуцлагагүй эцэг, эхчүүд цаашлаад эх орны ирээдүй болсон хүүхдээ гэх сэтгэлгүй төр засгийн нэгдсэн бодлогогүйн алдаа гэдгийг хэлэх хүн олон.
Үүнийг дурдсаны учир нь өчигдөр Хөдөлмөрийн яамны дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвөөс тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, сургалтад суулгаж үндэсний түүх соёлыг таниулах үүднээс музей үзүүлсэн юм.
Өөрөөр хэлбэл нийслэлийн зургаан дүүргийн хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан наснаасаа ахадсан хөдөлмөр эрхэлж байгаа 30 хүүхдийг сонгож тэднийг эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд хамруулсан юм.
Энд нэг зүйлийг дурдахад улсын хэмжээнд, нийслэлийн хэмжээнд тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгаа нэгдсэн тоо байхгүй нь Монгол Улсын хүүхдийн төлөөх бодлого хүндээ хүрч үйлчлэхгүй байгааг харуулж байна. Тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн тоо, судалгааг Хөдөлмөрийн яамны дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвөөс хийж, хүүхдүүдийг нийгэмшүүлэх ажлыг ч бас хэрэгжүүлж эхэлжээ.
Энэ талаар тус төвийн тэргүүн дэд захирал Л.Амгалан "Манай байгууллага дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтарч тэвчишгүй хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийг бүртгэж судалгаа хийж байна. Улаанчулуутын хогийн цэгээс 15 хүүхэд авчирсан.
Тэдгээр хүүхдийн заримыг нь "Абука” сургалтын төвөөр дамжуулан мэргэжилтэй болгож байна. Хамгийн эмзэг, хамгийн өргөн хүрээтэй сэдэв болох хүүхдийн асуудлаар яамд, энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд хамтарч дорвитой ажиллах цаг болсон байна. Хүүхдийн хүмүүжил гэр бүлээс маш их шалтгаалдаг.
Тиймээс төр хүүхдийн, гэр бүлийн асуудлаар цогц бодлого гаргахгүй бол өнөөдрийн ажил үр дүнд хүрэхгүй. Хэдийгээр бид албан бус сургалтын төвүүдээр дамжуулан бичиг үсэг заалгах, бичиг баримтжуулах, тэвчишгүй хөдөлмөрөөс нь хөндийрүүлэх ажил хийж байгаа ч төрийн бодлого зайлшгүй шаардлагатай байна” гэв.
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн төвөөс тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийг гэр бүлд нь хүлээлгэж өгөх, сургуульд нь явуулах ажил хийж байгаа ч өвчтэй эцэг, эх, гэр бүлээ тэжээж байгаа, орон гэргүй тэнүүчилж амьдардаг хүүхдүүдийн цаад асуудлыг шийдэхгүй бол хөдөлмөрлөхийг нь хорьж цагдаад нэмэргүй гэдгийг албаныхан онцолж байв.