![]() |
Юун ажил хаялт, цаана чинь тэрбум тэрбумын луйвар яригдаж байна
Нийтийн тээврийн унаагаар үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардал болох нөхөн олговрын мөнгийг нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээнд явсан автобусны тоо, рейс нэг бүрийг тусгай тоног төхөөрөмжөөр бүртгэж үүний үндсэн дээр санхүүжилтийг олгодог журамтай. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь үйлчилгээнд гараагүй автобусны "МТ-150” төхөөрөмжийг хувийн суудлын автомашинуудад олноор байрлуулан тухайн автобусыг үйлчилгээнд гарсан мэт маршрут, чиглэлд явж, автобусны тоо болон рейс цагийг өсгөх замаар улсад онц их хэмжээний хохирол учруулсан хууль бус үйлдлийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлэн шалгаж байгааг бид удаа дараа мэдээлж байна.
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс "Тэнүүн огоо”, "Тулга огоо”, "Тэнүүн дэлгэр” гэсэн автобус компани, аж ахуй нэгжид шалгалт явуулахад хууль бусаар он гарснаас хойш буюу эхний дөрвөн сарын байдлаар улсад 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.
Өнгөрсөн пүрэв гаригт энэ
хэрэгт холбогдуулан есөн иргэнийг саатуулан шалгаж байсан бол өнөөдрийн
байдлаар дөрвөн иргэнийг ШШГЕГ-ын харьяа 461-р ангид цагдан хорьжээ.
Гурав нь тухайн компаниудын урдирдлага бол нэг нь нийтийн тээврийн
газрын ахлах мэргэжилтэн юм байна. Харин суллагдсан таван этгээд бол
тухайн компаниудтай үгсэн хуйвалдаж, хувийн машинаараа автобусны рейс
гүйцээж өгдөг таксины жолоочид юм.
Дээрх хэргийг шалгаж байх явцад эдгээр аж ахуй нэгжүүд нь автобусанд суулгадаг "МТ-150” төхөөрөмжийг 20 ширхэгийг л гэхэд нэг жижиг тэргэнд суурилуулаад тухайн автобуснуудын явах ёстой чиглэлд өдөржин явуулдаг байсан нь тогтоогджээ. Ингэхдээ тухайн машины банкыг нь дүүргэж, урамшууллын мөнгө төгрөг хүртэл олгодог байсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Ингээд бүтэн өдрийн турш зүв зүгээр хотын төвөөр сэлгүүцэж, автобуснуудын явах ёстой чиглэлүүдээр явснаар тухайн машинд байх автобусны төхөөрөмжүүд хотын төвүүдэд байх автоматаар хянагч станцуудад бүртгэгддэг байсан байна. Өөрөөр хэлбэл хорин автобус тээвэрт явуулахын оронд нэг жижиг тэрэг хөлсөлж хотын төвөөр явуулдаг байсан нь өдгөө бүлэг, зохион байгуулалттай гэмт хэрэг болчихоод байгаа юм.
Хамгийн сонирхолтой дээрх хэрэг багахан хугацаанд хормын төдийд илчлэгдсэн. Гэтэл Монгол Улсад Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 21 аж ахуй нэг байгууллага ажилладаг. Энэ бүхэн бүгд улсын төсвөөс нөхөн олговрын мөнгө авдаг. Тиймээс Эрүүгийн цагдаагийн газраас эдгээр газруудыг бүгдийг нь шалгах шаардлагатай байгаа аж.
Дашрамд хэлэхэд, нийтийн тээврийн газрын ажилчид цалин хөлснөөсөө болж ажил хаялт зарлаад байгаа. Иргэдэд маш их төвөг учруулсан тэдний эл үйлдэлд дорвитой хариу өгөхгүй байгаа талаар одоо ч онцолсоор байна.
Гэтэл нийтийн тээврийнхний суултаас илүү асуудал нийтийн тээврийнхэн
дунд үүссэн буйг дээрх мэдээллээс анзаарч байгаа биз ээ. Магадгүй ажил
хаялт зарлаад байгаа ажилчдын удирдлагууд цагдаагийн байгууллагын
шалгалттай "нүүр тулах”-аар сандчиж, юун ажил хаялт, юун цалин мөнгө
байгаа биз ээ.
