| |
Ёс ёмбогор төр төмбөгөр байя
Гэтэл сүүлийн үед Төр маань их л гар султай болж, ямар нэг баяр наадам, тэмдэглэлт өдрүүдээр шагналаар үер буулгадаг болоод удлаа. Нэг дор 30-40 хүнийг шагнаж, тэр өдөртөө 300-400 хүнд тарааж байгаа нь Төрийн шагналын нэр хүнд, чанар чансаа, эрэмбэ дарааллыг гээсээр байх аж. Өөрөөр хэлбэл Төрийн шагналын ард тухайн Төр улсын нэр хүнд нуугдаж байдгийн учир эрт үеэсээ энэ бүхэд өндөр босго, тодорхой шалгуур тавьж ирсэн байдаг.
Тийн атал энэ бүхнийг умартан Төрийн үйл хэргийг энэ мэтээр хоморголон залгуулж байгаа нь олон мянган жилийн төрт ёсоо умартсан, саар муу бүхний дохио болохыг эрхэм төрийн түшээд маань анзаарахгүй нь харамсалтай.
Тэр ч бүү хэл Улсын ерөнхийлөгч маань айлын эхнэрт гэрт нь очиж Төрийн одон медаль гардуулахыг ч үзлээ. Нэг л ёозгүй санагдасныг нуух юун.
Тодруулбал өнөө жилийн наадмаар Монгол төрийн тэргүүн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн галаар зочлохдоо эхнэрт нь алдарт эхийн одон зүүж өгсөн юм.
Тэрчлэн хэдхэн жилийн өмнө тухайн үед л олныг шуугиулж, од болж байсан зохиолын дууны нэгэн үеийн төлөөлөл болох С.Жавхлан, Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнэ нарыг гавьяат цолоор шагнаж байсан нь тухайн үедээ шуугиан тарьж, олны эгдүүцэл дургүйцлийг хүргэж, залуу гавьяатуудыг ч багагүй бантуулж байлаа.
Гэтэл өнөө үед телевизийн нэвтрүүлэгт амжилттай оролцосныхоо төлөө СТА тэмдэгээр энгэрээ цоолдог болж, Төрийн шагнал хэрхэн хавтгайрсаныг UBS телевизийн дууны тэмцээнд оролцож байсан хэдэн үл таних залуусын СТА болсон явдал гэрчиллээ.
Шагнаж байгаа, шагнуулж байгаа хэн хэнийг өрөвдөх шиг. Хэн ямар шалгуураар хэний ямар гавьяа зүтгэлийг хэрхэн үнэлсэн бэ? Энд ямар ч тодорхой зүйл алга. Нэн ялангуяа урлаг спортынхоны байгуулсан ялалт амжилт гавьяа зүтгэл ямагт олны нүдэн ил байдаг. Гэтэл энэ мэт нөхдүүдийн гавьяа зүтгэл хаана байна вэ?
Үнэхээр л тийм шагнуулах дуртай юм бол авсан шагналаасаа иргэний эр зориг гарган татгалзаж орхивол гавьяа чинь тэр болж, алдар чинь мандахыг саахь залуучуудад сануулмаар.
Өмнөх засгийн үед халамжийг хавтгайруулж байсны хар гайг одоо бид эдлэн, эдийн засгийн хямралд ээрэгдэж сууна. Тэгвэл энэ засгийн үед хавтгайруулсан Төрийн шагналын балаг юу байх бол.
Энэ мэт зүйлээс үүдэлтэйгээр нэн даруй төрийн шагнал олгох журмыг өөрчлөх, шинэчилсэн хууль гаргах, шагналын тоог цөөрүүлэх зэргээр Төрийн шагнал, урамшуулалын талаарх Төрийн бодлогыг шинэчлэхгүй бол Төр нь түмэн олондоо нэр нүүрээ барах нь байна.
Харин энэ үед хэн Төрөө хүндлэх гэж.
undesten