| |
Хас банк харилцагчаа “шахаанд оруулдаг уу?”
Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн бөгөөд эдийн засаг хямарсан энэ цаг үед арилжааны тэр дундаа Хас банк иргэдийг хохироож байгааг хэллээ.
-Сайн байна уу? Та Хас банк иргэд харилцагчаа хохироож байна гэсэн? Яагаад ингэж үзэх болов?
-Би үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхэлдэг. Санхүү эдийн засгийн энэ хямрал бизнес эрхлэгч бидэнд маш их нөлөөлж байна. Үүнийг далимдуулаад Хас банк хэрэглэгч, үйлчлүүлэгч, иргэдийнхээ талд ажиллаж чадахгүй, хохироож байна.
Миний хувьд Хас банкнаас зээл аваад ямар ч хоцрогдолгүй, асуудалгүй зээлээ төлөөд явж байсан. Гэвч хямралын энэ үед зээлийнхээ хугацааг жаахан сунгаад эргэн төлөлтөө бага төлөхгүй бол болохгүй байна гэсэн хүсэлтийг Хас банканд тавихад урдаас маш олон шаардлага тавьж байна. Тухайлбал танайх цалингаа манай дансаар тавь, харилцах дансаа манай банканд нээгээд гүйлгээгээ харилцах дансаар хий, барьцаагаа нэм, таны байр, машин хаана байгаа вэ?, байр, машины гэрчилгээгээ авч ирээд барьцаанд тавьчих гэх зэргээр эдийн засаг хямарсан энэ цаг үед иргэд, харилцагчдаа улам л хүнд байдалд оруулж байна. Бид зээл авахынхаа хэрээр банканд хангалттай хүү төлж байгаа шүү дээ. Санхүүгийн хүнд, хэцүү ийм цаг үед иргэдийг бодох биш эсрэгээрээ дарамталсан бодлого, шаардлага тавьж байгаа нь харамсалтай байна. Зөвхөн Хас банк гэлтгүй Монголд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны цөөхөн банкнууд бүгд ижилхэн. Бизнес эрхлэгчид бүх зүйлээ банканд барьцаалж, дандаа зээлээр үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулж байна. Банкны зээлийн хүүнд зөвхөн нэг бизнес эрхлэгчийн төлсөн мөнгийг бодоод үзэхэд маш их мөнгө болно. Банкны хүүний хүлээсэнд иргэд, бизнес эрхлэгчид үнэхээр сөхөрч байна. Тийм учраас гаднаас банк орж ирэх гэж байгаа бол үүнийг бараг дэмжиж, банкыг олон бас өрсөлдөөнтэй болгох хэрэгтэй. Хэдхэн банк монопол эрх тогтоогоод үүндээ давраад одоо Хас банк мэтийн банкнууд зээл авсан харилцагчаа бараг дарамтлах маягтай байна.
-Тэгээд таны хүсэлтийг Хас банкнаас хүлээж авсан уу? Ямар хариу өгсөн бэ?
-Бид зээлийн хугацааг сунгаж өгөх хүсэлтийг 2 сарын өмнө өгсөн. Зүгээр үргэлжилж байгаа зээлийн хугацааг нь сунгах гэж 2 сар гаруй хугацаанд судалсан нэртэйгээр эцэст нь танайхыг сонгох боломжгүй, нэмж барьцаа өг гэсэн хариу өгсөн. Мөн цалингаа манай дансаар тавь, манай бүх үйлчилгээг ав гэхчлэн урдаас заавал хариу нэхдэг. Өнөөдөр би жирийн нэг бизнес эрхлэгчийн хувьд нэрээ хэлэхгүйгээр, зориуд зургаа нийтлэхгүйгээр ярьж байна. Магадгүй маргааш, нөгөөдөр маш олон бизнес эрхлэгчид энэ талаар ярьж эхлэх байх.
Дөнгөж бизнес эрхэлж байгаа хүн банкнаас зээл авахад 3.5 хувиар эхэлдэг бол 10 гаруй жил бизнес эрхлээд банктай харилцсан 2 хувь, 1,8 хувиас доошоо орж чадахгүй байна. 10 гаруй жил бизнес эрхлэхдээ олж байгаа орлогынхоо тал хувийг банканд өгсөөр байгаад өдий хүрч байна ш дээ. Дээрээс нь банк хүний хөрөнгийг маш багаар үнэлж авдаг. Зах зээлийн ханшаар 500 сая төгрөг хүрэх эд хөрөнгийг хэдхэн сая төгрөгөнд барьцаанд авдаг. Санхүүгийн хүнд цаг үед биднээс барьцаалсан зүйлийг үнэгүйдүүлнэ гэж боддог юм уу? Яагаад зээлийнхээ хугацааг нь сунгаж болохгүй гэж?
-Та Хас банктай хэдийнээс харилцагчийн холбоо тогтоосон бэ?
-Ганзгын наймааны дараах үеэс буюу хүн бүр чадах ядахаараа үйлдвэрлэл эрхлэх гэж явсан тэр цагаас хойш өнөөг хүртэл тасралтгүй үйлдвэрлэлээ амжилттай явуулж ирсэн. Хас банктай сүүлийн 3-4 жил хамтарч ажиллаж байна.
-Таны нэрээ нууцалж байгаагийн шалтгаан юу вэ?
-Мэдээж шалтгаантай. Үүний цаана шахалт, дарамт зэрэг олон зүйлээс гадна бизнесийн нэр хүнд хамаарах учраас энэ удаад нэрээ нууцалж байна.
-Хаа хаана баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогын асуудал яригддаг. Гэвч банкны зээлийн бодлогын асуудалд үнэхээр мөлжлөгийн шинж чанартай зүйл гарч байгаа гэж та үзэж байвал холбогдох байгууллага болон ШӨХТГ-т гомдол санал гаргах эрхтэй шүү дээ?
-ШӨХТГ-т би хандана. Хэрэглэгчийнхээ төлөө биш хэт даварсан үйлдэл явуулж байгаа асуудлыг тавина. Ер нь Засгийн газрын түвшинд бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдээ дэмжих биш хавчих бодлого барьж байгаа нь олон зүйл дээр илэрч байна шүү дээ. Энэ улс төрчид анх нэр дэвшиж байхдаа олон сайхан зүйл амалдаг ч бодит амьдралд биеллээ олж байгаа зүйл алга байна. Бизнес эрхлэгчдийн зээлийн хугацааг сунгах арга хэмжээг авахад ядаад байх зүйл байхгүй л баймаар. Мөнгөө төлөхгүй биш, төлнө, гэхдээ төлөх хугацааг сунгаад өг гэсэн санал тавьсан. Одоо банканд зээлтэй байгаа бизнес эрхлэгчдийн зээлийг төслийн, бага хүүтэй зээл болгох гэхээр ямар ч боломж байдаггүй. Та банканд өртэй буюу зээлтэй нөхцөлд төсөл болгохгүй гэдэг. Өнөөдөр жижиг, дунд бизнес эрхэлж байгаа хүмүүс банканд зээлгүй байгаад төслийн зээл авна гэдэг хүнд. Мөн анхлан бизнес эрхэлж байгаа хүнд зээл өгөхгүй гэдэг. Бид шинэ компани байгуулаад арай өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэхэд эх үүсвэр олдох нөхцөл байхгүй. Энэ мэтчилэн ярихад бизнес эрхлэгчдийг дэмжих биш мөлжсөн төрийн бодлого явсаар байна. Хэдхэн банк монополчилсон, тэдгээрийн ард улс төрчид байгаа гэдэг нь харагдаж байгаа байхгүй юу.
-Та сүүлийн 4 жил Хас банктай идэвхитэй харилцаж байгаа гэлээ. Гэхдээ олон жил идэвхтэй үйлчлүүлж байгаа харилцагч, үйлчлүүлэгчдээ үзүүлэх банкны үйлчилгээ бүр илүү сайжрах бус уу?
-Бусад үйлчилгээний талаар сайн мэдэхгүй байна. Хамгийн гол нь зээлийн асуудалд шууд манай байгууллагын эрхэнд халдаж байна гэж үзэж байна. Танай байгууллага цалин хэд вэ?, манай банканд ажилчдынхаа цалингийн харилцах дансаа нээ гэх зэргээр шаардлага хэлж байгаа юм. Жилийн өмнөхтэй өнөөдрийн үл хөдлөх хөрөнгийн үнэ тэгж их зөрүү гарна гэж байхгүй?. Жилийн өмнө авсан зээлэнд хугацаагаа сунгая гэсэн хүсэлт тавьсны төлөө эргээд шахаад орж байна. Банкны энэ дарамтаас гарахын тулд манай бизнес эрхлэгчид нэгдэх хэрэгтэй.
-Та яриандаа хямрал гэж нэлээдгүй дурдлаа. Таны хувьд хямрал яаж нөлөөлж байна вэ?
-Хүмүүсийн худалдан авах чадвар буурч байна. Хүн бүрт л эдийн засгийн хүнд нөхцөл байдал ямар нэгэн байдлаар мэдрэгдэж байгаа. Хорооллын дэлгүүрүүд, захын лангууг харахад ямар байдалтай байгаа нь шууд анзаарагдана. Хүмүүс бүгд бүсээ чангалж байна. Энэ хямралын үед монопол эрхээ тогтоож иргэд бизнес эрхлэгчдийг зээлээр дарамтлан барьцаалж дураараа дургиж байгааг хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Эрдэм