|
Видео

Шинэ мэдээ

МОНГОЛ ТӨРИЙН БОСГОНД БҮДРЭГСЭД

МОНГОЛ ТӨРИЙН БОСГОНД БҮДРЭГСЭДЗ.Энхболдын танхимын гуравдахь хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Хэлэлцэж батлах хуулийн төсөл нь толгойтой үснээс их байгаа. Байнгын хороодын дарга нарын ширээнд хуулийн төслүүд нь багтах зайгүй болчихсон дарааллаа хүлээн хэвтэж байна. Тиймээс энэ хаврын чуулган нэлээд ачаалал ихтэй, амаргүй ажилтай байх болов уу гэсэн хүлээлт байгаа юм. Нөгөө талаар жил бүхэн хэрэлдэж хэлэлцэж ирсэн Тавантолгой, Оюутолгойг тойрсон улстөржилт, Ноён уулыг ухуулахгүй гэх тэмцэл гээд уул уурхайг тойрсон асуудал хаврын чуулганы "халуухан" сэдвүүдийн нэг болох нь. Энэ боломжийг алдахгүй ашиглаж улс төр хийх хүмүүс ч З.Энхболдын танхимд цөөнгүй бий. Хууль тогтоох байгууллагын ажлаа эрхэлж чадахгүй атлаа УИХ дампуурлаа, улс орон хэцүүпдээ хэмээн шоу хийгсэд ч мэр сэр гарч ирнэ. Хууль тогтоох ажлаа мартчихсан хаана л жагсаал болж байна тэнд оччихсон төр ард түмнийг ядууруулж байна,

 

УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явж чадахгүй байна хэмээн шоу хийгсэд хэтэрхий ихэслээ. Уг нь хууль тогтоох байгууллагын энэ мэт дампуурлаас салгаж, ард түмнийг ядуу амьдруулахгүй гэж сонгогдсон атлаа ямар нүүрээрээ ингэж ярьж суудгийг таах аргагүй. Иргэдийн улс төрийн намуудад итгэх итгэл буурчихсан учраас нам гэхээс илүү хувийн улс төр хийж дараагийн сонгуульдаа бэлтгэх шоучид өөрсөддөө нэр хүнд олох гэж мушгин гуйвуулах асуудал ч энэ хавар чамгүй олон гарч ирэх нь мэдээж. Тэднийг нэр цохон дуудсан ч хатуудахгүй. Хэвлэл мэдээлэл үүнд тодорхой үүрэгтээ оролцож төрд ойртууламгүй улстөрчдийг ил тод нэрлэх цаг нь болжээ. УИХ-д сонгогдсон эхний хоёр жилдээ танилцах аялал хийж, танхимд "гөлийж" суудаг, үлдсэн хоёр жилд нь дахин сонгогдохын тулд шоу хийж, төрийн ажлыг хошин жүжиг, парламентын танхимыг урлагийн тайз болгож сэтгүүлчийн камер харахаараа харц нь догширч үг нь ихэсдэг хүмүүс энэ парламентад хэтэрхий олон болчихлоо.

 

Нийтлэлч Баабарын хэлсэнчлэн төрд ойртуулж боломгүй хүмүүс парламентын танхимд хэтэрхий олон байна. Тэрбээр, "Монголын эдийн засаг эх орончид нэртэй хорлогчид, шантаажчид, хувалзуудаасаа салах хэрэгтэй. Төрд ойртож болохгүй хүний жагсаалт гаргаж өгөх ёстой. Гол нь эх орончид нэртэй эдгээр хүмүүсийг улстөрчид өөрсдөө санхүүжүүлж, тэжээж, эдийн засгаа хорлон сүйтгэж байгаа нь харамсалтай. Эх орончид гэгдэх дээрэмчин, луйварчдаас салах цаг болсон. Дээрэмчин авирыг популизм, популист гэх мэтчилэн гадаад нэрээр нэрлэхгүй байхыг гуйж байна. Популист гэдэг бол ард түмэн эх орноо бодсон алдартай сайн хүнийг нэрлэдэг гээд ойлгочихсон, бүр хөөрчихсөн тунхаглаад явна, цаадуул чинь.

Хэрээг "хэрээ" л гэдэг болохоос "бүргэд" гэдэггүй биз дээ" хэмээн танхимын индэр дээрээс хатуухан сануулсан юм. Эдийн  засгийн чуулга уулзалтын үеэр төрд дөхүүлж боломгүй, төрийн ажлаар популизм хийж нэр хүнд олох гэдэг хүмүүсийг ил тод нэрлэж, төрд дахин ойртуулахгүй байх ажлыг Иргэний нийгмийн байгууллага идэвхтэй хийх учиртайг олон хүн сануулж байсан юм. Тухайлбал, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат "Хэтэрхий их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул гэдэг. Төрд ойртуулж боломгүй хүмүүсийн нэрсийг бид гаргах шаардлагатай болж Улс төр гэдэг хэн дуртай хүний хийх ажил биш. Улс төрийг хувийн эрх ашгаа гэж хардаг, энэ танхимд юу хүссэнээ хийж, ярьж болдог гэж сэтгэсэн хүмүүсээс болж монгол төр муухай харагдаж байна" хэмээсэн юм.

 

Хэтэрхий их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул гэдэгчлэн УИХ-ын гишүүнээр сонгогдохын тулд үнэ хүндээ баран шоу хийж, жүжиг тоглож байгаа хүмүүсээс бид зайгаа барих цаг нь болжээ. Хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчид хэзээ ч иим тэнэг зүйл хийхгүй. Сонгогдсон тойргийнхоо асуудлыг ба, бэ-гүй мэдцэг, хууль тогтоох ажлаа хэнээр ч заалгахгүй хийчихдэг туршлагатай улстөрчид манайд олон байна. Хуулийн салбарт шинэчлэл хийчихээд зоригтойгоор ажлаа өгчихсөн залуу улстөрчид ч олон бий. Монгол төр боловсон хүчний доройтолд орчихоогүй. Н.Энхболд Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ц.Баярсайхан, Х.Тэмүүжин, Х.Баттулга, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат гээд манайд сурталчилгаа хийж өөрийгөө дөвийлгөөд байхгүйгээр ажлаа мэддэг, асуудлаа ойлгодог улстөрчид хангалттай олон байна. Асуудлаа мэдэж байгаа атлаа албаар улс төр хийж, Үндсэн хуульд тусгаад өгчихсөн асуудлыг өөрийн зоргоор муш-гин гуйвуулагсадын үнэн төр-хийг ч бид өнөөдөр мэдээд авчихад гэмгүй. Ард түмэн гэнэн биш.

 

Ажлаа хийхгүй атлаа камер болгоны өмнө жүжиг тоглож эмнэлгийн хана цэвэрлэж яваа Д.Арвин мэтийн гишүүдийг дахиад сонгохгүй гэдгээ ойлгочихсон. Ноён уул ярьсан ч тэнд оччихсон пиараа хийж явдаг, Ц.Мөнхбаяраар дөрвөн жил шоудаж, Ерөнхийлөгчийг огцруулах яриа гарсан ч мушгин гуйвуулчихаад "эргүүтдэг", хайрын дуу дуулж, ард түмнийг жагсаал турхирч, босч тэмцэхийг уриалахаас өөр нэг ч хуулийн төсөл батлуулаагүй Г.Уянга мэтийн популистуудын хуурамч хайранд автах шаардлага алга. Унадаг дугуй унаснаа фэйсбүүкдээ оруулж лайк цуглуулдаг,

 

УИХ-ын танхимд "Самсунг галакси" утас барьж, ардын дунд очихоороо "Нокиа" утастай найзалж, автобусанд суучихаад зургаа татуулж, архичин тэвэрч  үнсдэг Б.Бат-Эрдэнэ мэтийн шоучдаас төрөө цэвэрлэх цаг нь болжээ. УИХ-ын гишүүний хууль батлах ажлыг маазрал мэт сэтгэж твиттерт нүцгэн зураг оруулж, энд тэндгүй хэрэн хэсч элдвийн зураг хөрөг татуулснаараа гайхуулж суугаа М.Зоригт шиг гишүүн олон битгий сонгогдоосой. Нэг сайд дагаж УИХ-д гарчихаад цэрэг хувцастай зураг өмсч, дөрвөн жилд хэнд ч танигдахгүй явсан Д.Ганбат нарын гишүүдэд хатуухан сануулга өгье. Туулай агнасан зургаараа фэйсбүүкээ гоёж, чуулганы танхимд мини юбкагаар гангарч, ТВ телевизээр дуулж, бүжиглэж урлагийн үзлэгт хамрагдсан Л.Эрдэнэчимэг шиг эмэгтэй улстөрчид олон битгий гараасай. Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, хүүхдийн эрхийн асуудлаар хууль батлуулж, нийгмийн орхигдсон асуудлыг эмэгтэй хүний нүдээр харж ажилла гэж явуулснаас биш дуулж бүжиглэж туулай агнаж, эмнэлгийн барилга цэвэрлэж, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд зул өргөсөн зургаараа гоё гэж сонгоогүй гэдгийг эмэгтэй гишүүддээ сануулах хэрэгтэй байна. Асуудлаа мэдэхгүй гурван  жил даргадаа загнуулж, чуулганы танхимд "кэнди краш" тоглож, гэр хороололд гал түлж амьдарснаараа гайхуулах З.Баянсэлэнгэ мэтийн улстөрчдөөс төрөө цэвэрлэх цаг нь болж.

 

Монгол төр гэдэг хэн дуртай шоучдын орогнодог газар биш. Оюутолгойг гацаах нэг том шалтгаан болж, цас цэвэрлэж, цэрэг хувцсаар гангарч яваа С.Ганбаатарт хийх ажлыг нь сануулмаар байна. Хэн нэг дарга дагаж гүйсэн О.Баасанхүү мэтийн хүмүүст босго нь өндөр байх учиртай. Тиймээс энэ мэт шоучдаас төрөө цэвэрлэж, хэтэрхий их хүссэн иймэрхүү нөхдүүдэд монгол төрийн босго өндөр шүү гэдгийг ойлгуулъя. Авгай хүүхний асууд-лаа зохицуулж чадахгүй атлаа УИХ-д суучихаад улс орны тулгамдсан асуудал ярьж суугаа Н.Номтойбаяр мэтийн "юм"-тай улстөрчдөөс төрөө цэвэрлэе. Улстөрд боловсрол юу юунаас илүү чухал. Мөнгөтэй нь биш мэдлэгтэй нь энэ суудалд очдог юм гэдгийг өнөөдрөөс эхлээд ард түмэн бид өөрсдөө харуулах хэрэгтэй байна. Үүний тулд сонголтоо зөв хийе. Өгсөн хэдэн төгрөгт нь хууртах бус үнэхээр бидний төлөө ажиллах хүн мөн үү гэдгийг нь харж сонгоё. Улс төр гэдэг урлагийн үзлэгт орохоос өөр шүү улстөрчдөө.

 

Ард түмнээ хайрлах гэдэг тэвэрч үнсэлдэж, эмнэлгийн байр цэвэрлэхээс ангид асуудал. Зурагчин хийх хүсэлтээ бол улс төр хийх нэгэнд нь зайгаа тавиад өгчих. Сайхан хүүхэн эргүүлэх бол төрөөс өөрсдөө явчихвал зүгээрсэн. Уул уурхай ярьж тэмцмээр байгаа бол гудамжиндаа гарч тэмцлээ хий. Улсын ажил урагшаа явж, ард түмэн баялгаасаа хувь хүртмээр байна. Хуурамч хайр, хуурамч төрх одоо та бүхэнд хэрэг болохоосоо өнгөрсөн.




Б.БАЛЖИР /МОНГОЛЫН МЭДЭЭ/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler