|
Видео

Шинэ мэдээ

“Голомт” банк үйлчлүүлэгчийнхээ данснаас мөнгө авсан уу?

“Голомт” банк үйлчлүүлэгчийнхээ данснаас мөнгө авсан уу?"Голомт” банк үйлчлүүлчдээ мэдэгдэлгүй данснаас нь  мөнгө авч байжээ. Данснаасаа мөнгөө  алдсан  тэрхүү харилцагч компани нь  "Дун Өргөө” гэх мэдээлэл хэвлэлээр гарч  байна. Үйл явдлын мөрөөр хоёр талын байр суурийг тодрууллаа. 

 

О.Буяннэмэх /”Дун Өргөө” компанийн захирал/:

"ГОЛОМТ БАНК БИДЭНД МЭДЭГДЭЛГҮЙ  МАНАЙ ДАНСНААС  17.8 САЯ ТӨГРӨГ АВЧИХСАН

 

-"Голомт” банк харилцагч  "Дун Өргөө” компанийн данснаас зөвшөөрөлгүй мөнгө авсан гэх юм. Энэ үнэн үү?

-"Дун Өргөө” компани "Голомт” банкинд харилцах данстай. Хамтарч ажиллаад 5-6 жил болж байна. Өөрсдийн орж байгаа орлого, бүх гүйлгээгээ харилцах дансаараа явуулдаг. Өнгөрсөн хугацаанд нэг харамсалтай зүйл болсон нь таны асууж буй асуудал. Манай "Өргөө” зочид буудлын захиалга, картын гүйлгээтэй холбоотой юм. "Өргөө” зочид буудал бол та бүхэн мэдэх байх, НҮБ, Элчин сайдын яамдтай гэрээтэй, тэдний шугамаар зочдыг угтаж авч, үдэж өгдөг. 2016 онд АСЕМ-ийн чуулга уулзалтын хүрээнд өндөр хэмжээний зочдыг хүлээж авах, тэдний шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэхэд  анхаарч ажиллаж байгаа хамт олон. Гэтэл бидний харилцагч "Голомт” банк маань өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн бидэнд мэдэгдэхгүйгээр 18 орчим сая төгрөг авч, ккомпанийг  96-хан мянган төгрөгийн үлдэгдэлтэй үлдээсэн байна.

 

-АНУ-аас танай зочид буудалд онлайн захиалга өгч мөнгө шилжүүлсэн гүйлгээ нь луйврынх байсан учраас банк ийм арга хэмжээ авсан гэх юм? 

-Манай компани олон улсын хэмжээнд бүх захиалгаа картаар хийдэг. АНУ-ын иргэн өнгөрсөн арванхоёрдугаар сард манайд хандан 2015 оны нэг, гуравдугаар сард зориулж зочид буудлын өрөөнд захиалга өгсөн.Тэр дагуу бид интернэтээр захиалгыг хүлээн авч, тэр хүрээнд зочид ирэх ёстой байсан.Ингээд дотоод журмынхаа дагуу тэр хүмүүсийн хувийн мэдээлэл, кредит картын хуулбарыг авч гэрээний дагуу төлбөрийг урьдчилж авсан. Гэтэл үүнийг луйврын гүйлгээ болчихсон байна гээд бидэнд ийм байдлаар хандаж байна.

 

-Луйврын гүйлгээ гэдгийг урьдчилж мэдэх боломж байдаг уу?

-Боломжгүй. Мөн  луйврын гүйлгээ байвал Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа "Голомт” банк, "Дун Өргөө” компани хоёр хохирох ёсгүй юм. Гэтэл хэт нэг талыг барьсан байдалтай хандаад байх юм.  АНУ-ын иргэн яагаад өөрийн улсын банкнаас хувь хүний мэдээллийг авч, тухайн хүний бичиг баримтын хуулбар, кредит картны мэдээллийг авч нэр дээр нь захиалга өгч, Монгол Улсыг залилчихаад байна вэ. Үүнийг олж тогтоох ёстой. Хэн нэгэн гэм буруутай этгээд тогтоогдоогүй тохиолдолд  банк бидэнд хэлэлгүй,  нэг ёсондоо хулгай маягаар, компанид мэдэгдэлгүйгээр  мөнгө татаж авсанд асуудал байна.  Манайх Монгол Улсын үндэсний компани, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон зочид буудлын нэг. Тиймээс үйл ажиллагааг нь санаатайгаар яагаад доголдуулав гэдэг асуулт бас байна.

 

-Хоёр талын хооронд байгуулсан  гэрээний дагуу асуудлыг шийдсэн гэж "Голомт” банкны хуулийн хэлтсээс тайлбарласан. Та юу гэж үзэж байна?

-"Голомт” банк нэг гэрээ яриад байгаа. Гэтэл хуулиас давсан гэрээ гэж байдаггүй. Кубын гүйлгээ хийгээд алдаа гарвал та нарт мэдэгдэлгүй бид тэртэй тэргүй мөнгөө авчихдаг юм гэдэг байдлаар хандаад байна.  Ер нь бол иргэн, аж ахуй нэгжийн данснаас нэг төгрөгийг ч зөвшөөрөлгүй авах ёсгүй.  "Голомт” банкны зүгээс АНУ-ын банкны нэрийг барьж биднийг залилсан тэр этгээдийн эрх ашгийг хамгаалаад  5-6 жил тогтвортой харилцаж ирсэн харилцагч биднийг  үл хүндэтгэж, буруутгаж байгаад гайхаж байна.

 

Баяраа /"Голомт” банкны Хуулийн хэлтсийн захирал/:

ХАРИЛЦАГЧИЙНХАА МӨНГӨНД ХАЛДАХ ЭРХ БИДЭНД БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ

 

-"Голомт” банк "Өргөө” зочид буудалтай холбоотой сүүлийн үеийн мэдээлэлд албан ёсны  хариу өгнө үү?

-"Дун Өргөө” компанийн гүйлгээний данс манайд байршдаг, манай  харилцагч. Ер нь бол банкны зүгээс харилцагчийнхаа дансыг хууль бусаар битүүмжилсэн зүйл байхгүй. Болсон явдал  юу вэ гэвэл "Өргөө” зочид буудалд гадаадын иргэнээс 30 сая төгрөгийн өрөөний захиалга орж ирсэн. Бид гүйлгээ хийсний дараа тухайн карт эзэмшигчийн данснаас мөнгө нь хасагдсан. Тэр нь хууль ёсны эзэмшигчийнх нь  картыг хакердаж хийсэн гүйлгээ болох нь тогтоогдож, тэр гомдол нь манай дээр ирсэн. Буудал захиалга, гүйлгээ нь бусдын хулгайд алдсан, магадгүй тухайн хүний хакердуулсан мэдээллийг ашигласан хуурамч луйврын гүйлгээ болж таарсан. Энэ нь гадаадын банкнаас ирсэн баримтаар нотлогддог. Ингээд манайх "Өргөө” зочид буудалтай хийсэн гэрээний дагуу луйврын гүйлгээ тул бид хуулийн байгууллагаар асуудлыг шийдэгдэх хүртэл тэр гүйлгээгээр хийгдсэн мөнгөн дүнг битүүмжилсэн. Түүнээс биш "Өргөө” зочид буудлын өөрийнх нь мөнгийг бид битүүмжлээгүй. Тухайн гүйлгээ нь луйврынх болж таарсан.

 

-"Дун Өргөө” компанийн захирал банк, компани хоёр хоёулаа хо­хир­сон гэж хэлж байна лээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-"Өргөө” зочид буудлыг хохирсон гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл луйврын гүйлгээ хийсэн учраас мэдээж тэнд хүн ирж буухгүй нь тодорхой. Хүн ирж буугаагүй, захиалгаа өөрсдөө цуцалсан байдаг. Тэгсэн атлаа банкнаас тэр мөнгийг шилжүүл гэдэг. Бид асуудал шийдэгдэх хүртэл мөнгө шилжүүлэх боломжгүй. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт бид гомдол гаргасан, шалгаж байгаа. Хуулийн байгууллага асуудлыг эцэслэн шийдэх байх.

 

-Хуулийн байгууллага асуудлыг шалгаж шийдээгүй байхад зочид буудлын өдөр болгоны орлогыг  өнгөрсөн сарын 1-нээс эхлэн 160 мянга, 200 мянга гэхчлэн картаар орж ирсэн бүх мөнгийг  авсан гэж компанийн зүгээс асуудал тавьж байгаад ямар хариу өгөх вэ?

-Тийм биш. Зөвхөн өрөө захиалгын хууль бусаар орж ирсэн мөнгийг  хаасан. Ер нь бол хоёр талын гэрээн дээр энэ асуудлыг зохицуулсан байдаг. Луйврын гүйлгээг зогсоосон болохоос бид "Өргөө” зочид буудлын мөнгө рүү халдаагүй. Тийм эрх ч байхгүй шүү дээ.

 

-Хуулиас давсан гэрээ байж болох уу гэсэн асуултыг харилцагчийн зүгээс бас хэлж байсан?

-Гэрээ хуулиас давсан эсэхийг шүүх тогтооно. Одоогоор энэ бол зөвхөн тэдний зүгээс тавьж байгаа асуудал болохоос гэрээний нөхцөл хууль зөрчсөн эсэх нь тогтоогдоогүй байгаа.

 

-АНУ-ын банк энэ асуудал ямар нэгэн хариуцлага хүлээхгүй юм уу. Тийм бол яагаад?

-Үгүй. Тэр гүйлгээ манай банкаар хийгддэг. Цаад талын нэхэмжлэгч хууль бус гүйлгээ хийгдсэн талаар хандахад хоёр банкны хоорондын дүрмийн дагуу манай банкны дундын данснаас  30 сая төгрөгийг шууд хасаад авчихсан. Хохирогч нь бид. Үүнээс 13 саяыг нь бид "Өргөө” зочид буудал руу шилжүүлсэн байсан. 17 саяыг нь шилжүүлж амжаагүй байхад маргаан үүссэн тул бид  луйврын гүйлгээ болсон гээд шилжүүлээгүй. Энэ бол дэлхий нийтийн банкны жишиг. Өөрөөр хэлбэл, банк өнөөдөр 13 сая төгрөгөөр хохирчихсон, "Өргөө” хохироогүй, учир нь захиалгаа цуцалсан байдаг. Асуудлыг шалгасан хуулийн байгууллагынхан хохирогчийг тогтоох байх. Нарийвчилсан мэдээлэл буюу цаад иргэнтэй хол­боотой мэдээллийг олон нийтэд гаргах боломжгүй. Мөрдөн шалгах шатанд байгаа учраас ийм байна.

 

 

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler