|
Видео

Шинэ мэдээ

"Олсоор оосорлоод Орост өгнөө"


Путин бол Монгол Улсад нэг их ач холбогдол өгдөггүй шинэ орос удирдагчдын нэг. Монголыг Амеркийг дагаад байхаар их л дургуй байдаг. Путины Монгол Улс дахь айлчлал алс дорнод, Алтайн хязгаарт байгаа өөрийн газар нутгаа нэг эргэж далимдаа Монголоор дайраад буцсан юм. Гэхдээ алс дорнод, Алтайн хязгаарын бүс нутгуудаараа бараг бүх сайдаа дагуулж их л сүр бараатай явсан.

Манайхан их горьдсон. Орос ах нефтиэ дотоодынхоо үнээр хэдэн жил өгч магадгүй, манай махыг маань өндөр үнээр авна, хийн хоолой Монголоор дайрч бид зүгээр суугаад баяжина гэж их хүлээлттэй байсан. Харин Путин "Оросууд визгүй танайд орно. Max өгөх гээд байгаа юм бол бид шалгаж Улаан-Үдэд "малиндаж" авна, газ танайхаар дамжуулахыг судална" гэсхийгээд яваад өгсөн.

Манай эрх баригчид Путинаас айгаад махаа яая гэхэв танай хүссэнээр салам "малиндуулж" гаргая. Харин "визгүй орж ирэх" оросууд дотор чинь хүнд гарууд, "улаан арми" ороод ирнэ. Бид "малиндаж" оруулна гэж хэлж чадаагүй ажээ. Оросууд манай мал махыг зүгээр аваад сурчихсан түүхтэйг өнөөгийн эрх баригчид даанч мэдэхгүй гэсэндээ энэ өгүүллийг бичив.

Монгол төрийн эрх баригчид үеэс үед Орос гэхээр ухаан нь гарч үхтлээ айдаг юм. Аргагүй дээ зайлуул. Хичнээн ч Ерөнхий сайдыг Оросын Дотоод яам цааш нь харуулав. Тэгээд л манай томчууд цаанаа бол Оросоос айсандаа, наанаа бол "найрамдал" гэж халхавчин доор Оросын юу хүссэн есөн хүслийг нь биелүүлэх хэрэгтэй болдог. Харин оросууд бол өөр.

Тэд түүхийн туршид Буриад, Тува, Алтайн монголчуудыг өөртөө нэгтгэж, Барга монголыг Японд өгч, Өвер монгол, шинжааны монголыг Хятадад өгч, (Ар монголыг) манайхыг тоглоомын тусгаар улс болгосон нь их учиртай. Оросууд манайхыг буфер улс болгохдоо махаар хангах мал бааз гэж үзэж ирсэн юм. Тэгээд социализм байгуулж байх үед Ю.Цэдэнбал даргыг маань Москвагийн мал фермийн дарга гэж шоолж байв.

Москва "Ар монголыг дуулгавартай бат бэх ар тал гэж үзэж цэвэр махаар хангах үүргийг манайд оноож байсан. Монгол Улс енөөдөр гурван сая хүндээ бол олон малтай боловч, Оросын 120 сая хүнд бол манай мал юу ч биш. Ар монгол бэлчээрийн мал аж ахуйгаа эрхэлж мал бааз эайх ёстой гэдэг бодлого Сталины үед дэвшигдэж Брежневийн үед хэрэгжсэн байдаг.

Сталин монголчуудыг 200 сая малтай бол гэж үүрэг болгож байв. Анхдугаар таван жилийн төлөвлөгөө биелэхэд 200 сая малтай болно гэсэн МАХН-ын хурлын баримт бичиг байдгийг уншсан биз дээ. Монголын малыг амьдаар нь үнэгүй шахуу авах бодлогыг Л.И.Брежневийн үед хэрэгжүүлж эхэлсэн.

Жаран жилийн турш Оросын авсан малын тооцоо доктор Д.Пүрэвбаатар гуайд байсан. Ер нь социализмын үед дарга байгаагүй, коммунист биш, Оросын Дотоод яамны тагнуул биш томоохон эрдэмтэд Монголын өгсөн мал махыг тооцоод Монгол Орост өргүй гэж зориггүйхэн ч гэсэн хэлж байжээ.

Монгол Улс бод мал \үхэр, адуу\-аа амьдаар нь дунджаар 170 төгрөгөөр буюу 30-аад ам.доллартай тэнцэх шилжих рублиэр тооцсон болж Орост өгдөг байсан ажээ. Харин Улаан-Үдэд үйлдвэрлэдэг байсан үхрийн махан консерв "Говядина" хоёр төгрөг 80 мөнгө, "шпрот" гэдэг загасан консервийг манайх таван төгрөг 60 мөнгөөр тооцон авдаг байсан. Бүхэнд ойлгогдохоор тайлбарлая гэвэл тэр үед Монгол Улс нэг үхэр, адуугаа ойролцоогоор 30 ширхэг загасны консервоор сольж байсан түүхтэй юм билээ.

Өнөөгийн 40-60 насныхан сайн мэднэ дээ. Бид таван төгрөгийн шпрот, хоёр тегрөг 80 мөнгөний алаг үхрийн зураггай "Говядина" гэдэг консерв идэж өссөн дөө. Орост сурдаг оюутнууд хүртэл гэртээ үхрийн махан консерв захина. Тэр коисервуудын амтыг санахаар одоо ч шүлс гоождог юм. Гэвч бид ийм л үнэтэй авч байжээ.

Оросын төрийн бодлого үеэс үед манай газар нутаг, уул уурхайн бүтээгдэхүүнд шунахаасаа илүү бэлчээрийн мал түүний мах, түүхий эд, ангийн үс, түүнийг бэлтгэн нийлүүлж үйлдвэрлэдэг малчин иргэдийн маань хөдөлмөрийг авах гэж шунаж байсан юм. Тэгээд Монголд зөвхөн малчдыг үлдээн Чингэсийн удмын ноёд, лам нар, сэхээтнүүд хэрэггүй, ердөө л 200 сая мал малладаг малчин хэрэгтэй гэсэн харгис бодлого явуулж ирсэн түүхтэй.

Сталин тооцоо хийн Монголын удирдагчдад малаа 200 саяд хүргэх болзол тулгаж байв. Сталины энэ харгис бодлогыг Брежнев үргэлжлүүлж 1967 оноос эхлэн Монгол Улсад мал сүрэг нь хэзээ ч өсөхгүйгээр мах экспортлох, түүний дотор адуу, үхрийг амьдаар нь экспортод гаргах хатуу гэрээ байгуулжээ.

Уг гэрээг зөвхөн Улаан-Үдийн мах комбинат хариуцна. Монгол малыг амьдаар нь авахын тулд Оросын мэргэжилтнүүд Монголд ирж бүх адууг "малин"-даж авна. Бүх махыг газар дээр нь ирж шалгаж авна. Энэ зардлыг бэлтгэн нийлүүлэгч тал хариуцна гэж хатуу заажээ. Зөвхөн энэ гэрээ Монголыг сүйрүүлсэн юм.

Монгол Улс малаа өсгөх гэж яаж ч гүрийгэд 25 саяас хэтрээгүй. Үнэндээ сум бүрээс агт бэлдэх, хойшоо гаргах мах бэлтгэх гэж Монгол Улс сүйрч модоо барьсан түүхтэй. Харин ардчиллын жилүүдэд мал 60 сая хүрч өссөн. Уг гэрээ ёсоор жилд 70-130 мянган адуу вагонд ачиж амьдаар нь экспортолж байв. Зөвхөн зуд турхан болсон нөхцөлд 70 мянган адуу өгнө. Энэ олон мянган адууг Мааньтаас Цанатын мал баазаас вагонд ачиж байсан болохоор би сайн мэддэг юм.

Монголын бүх сумд агт бэлдэнэ. Сум болгоноос Орос руу ачуулах адуугаа туугаад Төмөр замын Мааньт өртөөн дээр ирнэ. Адууг оросууд үзэж нэг бүрчлэн малиндаж авна. Зевхөн малин даасан адууг вагонд ачаад Орос явуулна. Улаан-Үдэд хүрүүт амьдаар нь давстай усаар услаад консерв болгоно.

Малиндана гэдэг нь оросууд адууны даланд тариа хийдэг байсан. Тариа хийж гурав хонуулаад тарианы тэнд овойх юм бол малин даагаагүй гэж голоод тэр голсон адууны оронд заавал өөр адуу өгч, тэр өвчтэй гэсэн адууг монголчууд хүнсэнд хэрэглэдэг байсан юм. Тэр үеийн оросууд монгол малын мах, монгол хүн хоёроос их сэжиглэдэг байж билээ.

Монгол малын үнэр, агт туусан тууварчдын үнэрийг үнэртэхгүй гэж маск зүүсэн оросууд муухай хараан хашгиралдаж адууг вагонд ачина. Нэг вагонд 30-аад адуу мод, төмреөр балбан ачаад хаалгыг нь хаахад бүх адуу зэрэг үүрсэх нь өрөвдмөөр байдагсан. Агтны адууг нэг бүрчлэн олсоор оосорлон барьж тариа хийлгэнэ.

Манай нутгийн Бал гэдэг өвгөн мориндоо уурлахаараа "Ий чамайг хойтон жил олсоор оосорлоод Орост өгнөө" гэж зүхдэгсэн. Буянт малаа олсоор оосорлоод Орост өгнө гэдэг малчин монгол хүний хувьд хараал болж байж. Жилд зуун мянган адууг олсоор оосорлоод Орост өгч байсан юм. 50 жил агт бэлдэхэд хэдэн адуу өгсөн юм бол доо.

Путины саяын айлчлалын үеэр Монголын удирдагчид мах өгье гэхэд "Та нар малаа эрүүлжүүл. Эрүүл мал авна" гэж их л янзгүй харагдана билээ. Манай малын идсэн өвс, уусан усыг бодоход дэлхийн хамгийн эрүүл мал. Социализмын үе шиг санаж. Манай махны үнийг унагах гэж байгаа юм.

Ер нь манай улс малынхаа махыг консерв болголгүйгээр гаргах юм бол яг л социализмын үеийн "агт бэлддэг" шиг юм болно. Монголын лаазасан махыг оросууд гуйгаад ирэх тэр цаг тун удахгүй болов уу. Монгол адуу, монгол хүн хоёрыг Орост аваачин толгойг нь авдаг тэр цаг төгссөн гэдэгт би бат итгэдэг.

Нийтлэлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Дашрэнцэн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler