| |
Монгол Улс усны нөөц багатайгаараа 22 дугаар байрт жагсаж байна
Өнөөдөр дэлхийн усны өдөр тохиож байна. Манай улс дэлхийн 145 орноос усны нөөц багатайгаараа 22 дугаарт жагсаж байна. Мөн 10 хүрэхгүй жилийн дараа Монгол орон усны хомосдолд орж эхлэхийг судалгаагаар тогтоочихсон байх юм. Гэтэл өнөөдрийг хүртэл усны нэгдсэн бодлогогүй, яам агентлагууд нь усны асуудлаар огт хамтарч ажилладаггүйг салбарынхан өөрсдөө яриад сууж байна.
Монголчууд хэрэглээнийхээ 80 орчим хувийг газрын доорхи усаар хангагдаг. Гэтэл манай улсын газрын доорхи усны нөөц нийт нөөцийн ердөө 20 хувийг эзлэж байх жишээтэй. Мөн орон сууцанд амьдардаг нэг хүний хоногт хэрэглэх усны дундаж хэргэлээгээр дэлхийн хөгжингүй орны нэг хүний хоногийн хэрэглээнээс даруй 2 дахин их буюу 230-280 литр ус хэрэглэдэг. Цаашлаад уул уурхайн салбарт газрын гүний усыг их хэмжээгээр ашиглаж, байгаль орчинд ноцтой хор хохирол учруулж байгаа, хөрсний бохирдлоос үүдэн ус хангамжийн аюулгүй байдал алдагдаж, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх эрсдэл нь маш их гэж гарсан байх жишээтэй. Энэ мэтээр салбар салбарын эрүүл мэндийн байгууллагууд олон талаас судалгаа шинжилгээ хийсэн байдаг ч өнөөдрийг хүртэл түүнд тохирсон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь туйлын хангалтгүй байгаа юм.
Усны нэгдсэн бодлоггүйгээс яам агентлаг бүр өөр өөрсдийн эрх, ашиг сонирхолоор асуудалд хандаж байгаагаас Монгол улс цөлжиж, усны хомосдолд ороход бэлэн болчихоод байгааг сүүлийн хэдэн жилд тоть шиг давтаж яриад ч тусыг эс олж байна.
Өнөөдөр тохиож байгаа усны өдрийг Эрүүл мэнд спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Дэлхийн зөн, нийслэлийн боловсролын газар, Азийн сан олон улсын байгууллагууд хамтран "Ус ба тогтвортой хөгжил” уриан дор энэ өдрийг тэмдэглэж буй. Харин нөгөө талд БОНХАЖЯ, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Монголын Үндэсний Хороо хамтран "Ус эх дэлхийг тогтворжуулагч” сэдэвт Дэлхийн усны хөгжлийн 2015 оны тайлангийн нээлтийг мөн өнөөдөр хийж байна.
Ч.Цэцэг hunnu