| |
Н.Поклонская: Намайг ална, дэлбэлнэ хэмээн сүрдүүлж байсан
Крымийн ерөнхий прокурор Наталья Поклонская яг нэг жилийн өмнө буюу 2014 оны гуравдугаар сарын 11-нд шинэ албан тушаалд очиж байсан дурсамжаа хуваалцаж байна. Тэрээр 2014 оны гуравдугаар сард анх удаа Крымийн ерөнхий прокурорын хувиар телевизийн камерийн өмнө зогсоход түүний ядарсан царай, ойлгомжгүй үсний засалтыг нь хэн ч анзаараагүй. Харин түүний хөөрхөн, энхрий төрх бүхний анхаарлыг татсан юм. Тэр цагаас хойш 34 настай үзэсгэлэнтэй бүсгүй имижээ өөрчлөн шүтэн бишрэгчдийнхээ клубыг байнга дүүргэсээр, Оросын секс-бэлгэдэл болон хувирчээ.
Крымийн ерөнхий прокурорын албан тушаалыг тэр үед Крымийн бүгд найрамдах улсын Сайд нарын зөвлөлийн дарга байсан Сергей Аксенов санал болгожээ.
"Ерөнхий прокуророор эрэгтэй хүн томилогдох ёстой байсан. Тэргүүлэгчдийн хуралдаан дээр ингээд тохирчихсон байсан. Гэвч С.Аксенов сүүлчийн мөчид татгалзсан” хэмээн Поклонская дурсаж байна. Крымийн бүх нийтийн санал асуулга болохын өмнөхөн Аксенов утас цохиж ерөнхий прокурор болох санал тавьжээ. Тэрээр саналыг зөвшөөрч "Прокурор болсон ч яахав. Саналын хуудас хэвлээд зогсож байсан ч яахав” гэж хариулжээ. 2014 оны гуравдугаар сарын 5-нд ОХУ-ын ерөнхий прокурор Юрий Чайкагийн тушаалаар Крымийн бүгд найрамдах улсын прокурорын газрыг байгуулж, ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгчээр Наталья Поклонская томилогдсон юм. Дараагийн өдөр нь Украины Дотоод хэргийн яам түүний нэрийг "Шүүхийн өмнөх мөрдөн шалгалтаас зугтаасан этгээдүүд”-ийн жагсаалтад оруулжээ.
"Над руу утасдаж, айлгаж, шоронд суулгана, ална хэмээн сүрдүүлж байсан. Украины ерөнхий прокурорын газрын ажилтнууд утасддаг байсан. Намайг Крымийн бүгд найрамдах улсын прокурорын газрыг одоо орхивол гэмт үйлдлээс сайн дураар татгалзсан гэж үнэлэх болно, үгүй бол бид тусгай хүчнээ явуулж чамайг баривчилж, шоронд хийх болно гэж шууд хэлдэг байсан. Би тэдэнд "Фашистуудад үйлчилж байснаас шоронд суусан нь дээр” гэж хэлсэн” хэмээн Н.Поклонская ТАСС-д өгсөн ярилцлагадаа онцолжээ. "Би тэднээс айгаагүй. Том хариуцлагыг өөртөө авах хэрэгтэй болсон” хэмээн тэрээр дурсан ярьж байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Поклонскаягийн амь насанд халдах гэж оролдсон юм. Симферополь дахь прокурорын газрын байрны гадаа байсан автомашинаас Крымийн ардын босогчдын бүлгийн ажилтнууд дэлбэрэх бодистой цүнх илрүүлсэн ажээ. 2014 оны тавдугаар сарын 2-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Наталья Поклонская Крымийн бүгд найрамдах улсын ерөнхий прокуророор томилогдож, тавдугаар сарын 7-нд тангараг өргөжээ.
Н.МӨНХЖИН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин