| |
Н.Энхбаяр төгсгөлийг үзэх төлөвлөгөө
Монголын улстөрийн бүхий л өндөр дээд
албан тушаалд заларч, өөрийн хэмжээлшгүй их ноёрхолоо тогтоож байсан
Н.Энхбаярын төгсгөлийг харах төлөвлөгөө хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа
нь бүхий л зүйлээс харагдана. Төгсгөл гэдэг нь улстөр дэх төгсгөлийг
үзэх гэсэн хэрэг. Өөрөөр хэлбэл түүнийг улстөрд ахин орж болохгүй
гэдгийг хаа хаанаа сануулж байна. Ид ноёрхож байхдаа ирээдүйд томоохон
ялтай нүүр тулна гэдгээ тооцоолоогүй нь өнөөдөр түүний хамгийн том алдаа
байж таарна. Ирээдүйд өөрийнхөө тухайд ямар ч хамгаалалт тавьж болох
эрх мэдлийг эдэлж байсан ч тэрээр ийн алсаа харж чадаагүй юм.
Н.Энхбаяр 2014 оны төгсгөлд хүрэлцэн ирэхдээ Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуягтай хамтран ажиллах гэрээ байгуулж үзэглэчихээд явсан. Энэ нь чамгүй шуугиан дэгдээгээд зогсохгүй АН доторхи хагарлын ан цавыг улам бүр нэмж өгсөн. Тиймдээ ч Н.Алтанхуягийг огцрох болсон шалтгаан нь эдийн засгийн хямрал, ядуурал ч биш. 888 төсөл бүр ч биш. Ердөө л Н.Энхбаяр байв. Энэ мэтээс харвал түүний улстөр дэх далдын нөлөөлөл байсаар байгааг саяхны энэ үйл явдал гэрчилнэ.
Түүн шиг гудамжинд гар хоосон, өөрийнх нь төлөө сэлэм эргүүлэх хүнгүй үлдсэн хүн энэ Монголын улстөрийн шинэ үеийн түүхэнд лавтай алга. Тиймээс экс Ерөнхийлөгч маань гудамжаас улстөрөө эхлүүлж, улмаар 2012 оны сонгуульд бүлэг бүрдэх хэмжээний суудал авсан улстөрийн гуравдагч хүчнийг бий болгож чадсан. Мэдээжийн хэрэг энэ зуурт өөрийг нь баривчлан хорьж ял тулгасан ч өршөөл үзсэн. УИХ-д дуу хоолойгоо хүргэх бүлэгтэй болж, шинээр бүрэлдсэн Засгийн газарт ч чамгүй суудал авав. Ийн явсаар Н.Алтанхуягтай байж боломжгүй гэрээ байгуулж чадсан нь түүний улстөр дэх арга залийн нэг байсан бөгөөд Н.Алтанхуягийн хувьд хамгийн том тэнэглэл байв. Ёстой л өөрөө өөртөө мэх хийчихсэн дээ, хөөрхий.
Ийнхүү Н.Энхбаярын хамтарч үзэглэсэн Н.Алтанхуяг тахимаа өгсөн болохоор тэрээр морь жилийн сүүл мушгиж, эх орондоо хөл тавьсан нь зөвхөн ижий аавдаа золгох тухай биш л байсан болов уу. Сонгууль дөхөж буй энэ үед улстөрийн дараагийн нүүдлийг хийх гэж ирсэн нь ойлгомжтой. Харин түүний улстөрийн нүүдэлд цэг хатгах төлөвлөгөөний дагуу АТГ-аас мэдүүлэг байцаалт өгөхийг шаардах зэргээр өнөөх л дарамтаа үүсгээд эхэлсэн. Тиймээс тэр дараагийнхаа нүүдлийг өөрийнхөө санасан хэмжээнд хүртэл хийж чадалгүй Хан улсыг зорилоо.
Яахав, мэдээллийн хэрэгслээр түүнийг оргосон хэмээж байв. Гэтэл албан ёсны мэдээлэл сөхвөл Н.Энхбаяр прокурор болон АТГ-аас албан ёсны зөвшөөрөл авч Солонгост зургаан сар орчим эмчилгээгээ үргэлжүүлэхээр явжээ. Харин түүнд холбогдох хэргийн талаар эх сурвалжууд хэлэхдээ худалдан авсан намын байрных нь төлбөрт 1.5 сая ам.доллар нэхэмжилсэн Америкийн иргэн А.Генсбургийн гомдлоор шалгах болсон гэж байгаа. Мөн өөр хэрэг ч цагдаад бүртгэгдсэн тухай цацагдсан байна.
Яг өнөөдрийн байдлаар Н.Энбаярын дүү Н.Энхтуяа, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд асан Б.Тулгын ах Б.Хуяг нарыг интерполоор эрэн сурвалжилж байгаа. Н.Энхтуяагийнх нь "Эскон” компанитай холбоотой хэд хэдэн хэрэг дурдагдаад буй. Мөн "Улаанбаатар” телевизийн 20 хувийг мөн Н.Энхбаяр хууль бусаар эзэмшиж байсан гэдэг. Одоо энэхүү хувьцааны 20 хувь Н.Энхбаярын хамаатнуудын нэр дээр байгаа бололтой. Түүнчлэн BLNE SKY төвийг Н.Энхбаяртай холбон тайлбарладаг. Гэхдээ Н.Энхбаярыг шалгаж эхэлсэн 2012 оны үед тус төвийг Б.Ариунаа гэдэг эмэгтэйн нэр дээр шилжүүлсэн байв. Ер нь энэ мэт учир битүүлэг зүйлс Н.Энхбаярт нэлээд олон тул АТГ-ынхан үргэлжлүүлэн шалгаж байгааг ч дурдсан байна лээ.
Энэ мэтээс харвал Н.Энхбаярт үнэхээр төгсгөл ирсэн мэт. Зөвхөн мэдээллийн хэрэгсэлд дурдсан баримтаас харвал энэхэн насандаа бүү хэл хойд насандаа ч эдэлж дуусахгүй ял харагдана. Гэхдээ шүүх засаглал дандаа энэ чигтээ яваад байх уу үгүй юу гэдэгт хамаг учир бий. Үнэхээр өнөөдрийнх шигээ Н.Энхбаярын хэргийг цэвэрлэх гээд байвал АТГ хэдэн ч даргын нүүр үзэж, шүүгдэгчийн нас дуусч таарна. Харин төрийн нүүр царайнаас шалтгаалвал ч өөр хэрэг байх.
Юутай ч өнөөдөр Н.Энхбаярын улстөр дэх карьерыг бүрэн дуусгаж төгсгөлийг нь харах хүсэлтэй маш олон хүн байгаа нь харагдана. Тэр тусмаа энэ улстөрийн хүчнүүд.
А.Гал