| |
Алтай констракшны “үхлийн авс”-ууд хүний амь авч одсоор байх уу
Тэдгээр "үхэл таригч”-дын нэг нь Алтай костракшн гэвэл хэтрүүлэл бас болохгүй болов уу. Саяхан эдний барилгын есөн давхараас хүн унаж нас барав. Энэхүү аймшигт осол Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Баянмонгол хорооллын баруун талд баригдаж буй Саруул хотхоны барилга дээр нь гарчээ. Уг барилгын ерөнхий гүйцэтгэгч буюу захиалагчаар "Алтай констракшн” компани ажиллаж байгааг тэр хавийнхан андахгүй юм билээ. Эх сурвалжууд "Барилгын Б4 блокын нэгдүгээр орцонд 2015 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 13:50 цагт осол гарсан. Лифнийх нь хонгилд өргүүр ажиллуулан, есөн давхар руу тоосго зөөж явтал өргүүрийн ган трос тасарсан. Үүнээс болоод есөн давхарт тоосго буулгахаар зогсож байсан 36 настай "Б” гэдэг эрэгтэй ажилчин осолдож нас барсан” гэж байгаа юм. Ийм эмгэнэлт явдлын гол шалтгаан нь тус компанийнхан барилгын тухай хуулийн 14.1 дэх заалтыг мөрдөөгүйтэй холбоотой гэдгийг тэндэхийн иргэд хэлж байна. Өөрөөр хэлбэл, албан ёсны тусгай зөвшөөрөлгүй иргэнтэй ажил үүрэг гүйцэтгэх тохиролцоо хийснээс болж хүний амь хохирчээ. Тиймээс Алтай констракшн компанийн удирдлага гарцаагүй буруутай болж таарч байна.
Саруул хотхоны барилга дээр ганц энэ удаа ч хүний амь сүйрч буй хэрэг биш ажээ. Өнгөрсөн оны 7 дугаар сарын 10 буюу наадмын үеэр 20 настай цэл залуухан Ням-Очир хүү харамсалтайгаар нас барсан байна. Гайтай тэр өдөр тус компанийн барилгын В1 блокын дээрээс төмөр унаж түүний амийг хөнөөжээ. Үүнд хэн буруутай вэ. Мэдээж, барилгын компанийн удирдлага буруутай. Барилгын орчиндоо иргэдийн аюулгүй байдлыг хангаагүйгээс ийм хэрэг гарсан байна. Харамсалтай нь уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн шалгах явцдаа шүүхийн дүн шинжилгээнийхэнтэй сэм хуйвалдан хав дарсан хэмээн талийгаачийн найз нөхөд, ар гэрийнхэн сэтгэлдээ гомдол тээсээр яваа аж. Ухаандаа, үхсэний хохь, амьдын зол гэгч болоод өнгөрч байна. Барилгын талбайн инженер нь барилгаас төмөр унаж хүн цохиж алсныг нууснаараа Алтай констракшны нэрийг цэвэрхэн аваад үлдэнэ гэж тооцсон бололтой. Гэвч булавч бултайна, даравч дардайна гэж үг бий. Хэзээ нэгэн цагт тэд үнэнд гүйцэтгэж л таарна.
Алтай констракшн компанийн эзэн Х.Бат-Эрдэнэ энэ мэтээр "үхлийн авсуудаа” бүтээсээр байх уу. Түүний хувьд хурдан морь, тансаг машин эрдэнэт хүний аминаас илүү үнэ цэнтэй гэж үү. Арай ч үгүй байлтай. Ямартай ч өмнөх ноцтой хэргээ дарж, булж хаясан Х.Бат-Эрдэнэ захиралтай хуулийн хариуцлага тооцох ёстой. Түүнээс хуулийнхан болоод талийгаачдын ард үлдэж хоцорсон иргэд нэхэл татуутай үүнийг шаардаж, асуудлыг шударгаар шийдэхгүй бол тэр цаашдаа мөн л "үхлийн авс”-тай хэвээр байх хоцрох байх. Нэг хэргийг нь аргалж өнгөрөөлөө, хоёрдахийг нь ч дарлаа, гуравдахийг нь бас…гээд л тоолоод суух уу. Үгүй дээ, Х.Бат-Эрдэнэ захирлаа. Барилга барих тусгай зөвшөөрлөө хураалгаад "Нэг худаг” руу алхах болно. Шалгаж шийдэх л хэрэгтэй болж…
Б.Отгонбаяр
Эх сурвалж: Tumen.mn