|
Видео

Шинэ мэдээ

19-12-2024, 19:22
19-12-2024, 18:47

Д.Амарбаясгалан: Шинэ парламент хүн төвтэй үзэл баримтлалд тулгуурласан хууль, эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ

Д.Амарбаясгалан: Шинэ парламент хүн төвтэй үзэл баримтлалд тулгуурласан хууль, эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайд,

УИХ-ын эрхэм гишүүд, нийт ард иргэд ээ,

 

2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй манай парламентын өмнө хууль, эрх зүйн орчныг шинэ цагийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх өндөр хариуцлагатай, өргөн цар хүрээтэй үйл хэрэг хүлээгдэж байна. Өнөөгийн Монгол Улсын нийгмийн харилцааг 1992 оны Үндсэн хуулиар тунхагласан зарчим, үзэл санаа, түүнд нийцүүлэн боловсруулсан хууль тогтоомжоор зохицуулж байгаа. Одоогийн байдлаар УИХ-аас баталсан 880 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээр хуулийн 437 нь нийгмийн өдөр тутмын харилцааг тогтмол зохицуулж, даган мөрддөг юм. Харин үлдсэн 443 хууль нь нэг удаагийн шинжтэй үйлчилдэг хуулиуд байна.

 

Үүний зэрэгцээ, 1992 оны шинэ Үндсэн хуулиас өмнө баталсан 8 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Тухайлбал, 1957 онд баталсан “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай”, 1991 онд баталсан “Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хууль” зэргийг дурдаж болно. Мөн нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актын бүртгэлтэй 2768 журмаар нийгмийн харилцааг зохицуулж байна. Дээрхээс харвал, хууль тогтоомжийн 32 хувь нь хууль, 68 хувь нь захиргааны хэм хэмжээний акт байна. Энэ нь хуулиар зохицуулбал зохих харилцааг журмаар зохицуулахад хүрч, хуулиар албан тушаалтан, төрийн байгууллагад нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоох эрхийг олгож ирснийг илэрхийлж байна.

 

Тодруулбал, хуулиар зохицуулбал зохих харилцааг журмаар зохицуулсанаар хүний эрхэд халдах ноцтой үр дагаварт хүрсэн гэж болох юм. Улмаар хууль, эрх зүйн орчны дээрх доголдол нь хуулийг үзэмжээр биелүүлэх, хүний эрхийг хязгаарлах үндэс болж, хууль дээдлэх зарчмыг алдагдуулж байна. Иймээс энэ удаагийн 126 гишүүнтэй шинэ парламент хууль тогтоох үйл ажиллагаандаа дараах үндсэн чиглэлийг баримтлан ажиллана. Үүнд:

1)    Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ;

2)    Хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгоно;

3)    Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болно.

 

Нэгдүгээрт. Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлж ажиллах чиглэл гэдэг нь: 

“Хүн төвтэй эрх зүйн тогтолцоо” үзэл баримтлалд тулгуурлан шинэчлэлийг хийхдээ хууль, тогтоомж нь иргэн хүний эрх ашиг, нийгмийн эрэлт шаардлагад нийцэж байх гэсэн зарчмыг эн тэргүүнд тавина. Энэ нь өнөөгийн төр, эсвэл байгууллага төвтэй, үзэл баримтлал, хуулийн бичилт арга техникээс хүн төвтэй үзэл баримтлал руу шилжих тухай бөгөөд мөрдөгдөж байгаа болон цаашид шинээр гарах хуульд нэгэн адил хамаарна. Хүний эрхийн олон улсын Гэрээ, конвенц болон манай холбогдох хууль тогтоомжид нэг талаас зорилтот бүлгийн асуудал, тухайлбал хүүхдийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх гэх мэт; нөгөө талаас хүний эрхийн тодорхой асуудлууд, тухайлбал үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх, өмчлөх, хөдөлмөрлөх эрх зэрэг хоёр хүрээнд эрх зүйн орчны шинэчлэлийн асуудал хөндөгдсөөр ирсэн.

 

Нэг жишээ татахад, одоогоор хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа 318 хуульд шинжилгээ хийж үзэхэд хүний эрхийг зөрчсөн 800 гаруй зүйл, заалт байгаа нь тогтоогдсон байна. Эрх зүйн энэ мэт  зөрчлийг засч залруулахад манай парламент хүч анхаарал тавьж ажиллана. Манай парламент хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулахын тулд дараах асуудлыг судалж, шинээр  хууль гаргах юм уу, одоогоор хэрэгжиж байгаа нэр бүхий хуульд өөрчлөлт оруулж шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна. Эрх зүйн хүрээний шинэтгэл хийхдээ бид Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлал болох хууль дээдлэх ёсыг тууштай сахин мөрдөх замаар:

Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчлэх,

Ялгаварлан гадуурхалтын эсрэг эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох,

Хууль-тогтоомжийг боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог хангах,

Гэрч-хохирогч, хүүхдийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах,

Хүнс-эмийн аюулгүй байдлыг хангахуйц зөв, үр нөлөө бүхий эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ. Үүний зэрэгцээ зөвшилцлийн улс төрийн соёл-төлөөллийн ардчиллыг бэхжүүлэхэд одоогийн улс төрийн болон эрх зүйн тогтолцоо хангалттай суурь болж чадаж байгаа эсэхийг нягталж үзэх ёстой. Манай парламентын шинээр баталж гаргах хууль тогтоомж  нь нийтийн эрх ашигт нийцсэн, хэрэгжүүлэх арга механизмыг нь боловсруулсан, нийгмийн харилцааг үр дүнтэй зохицуулж чаддаг, өндөр дээд ёс суртахууныг баримжаалсан байх болно гэдгийг баттай илэрхийлье.

 

Хоёрдугаарт. Хууль тогтоомжийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох чиглэл гэдэг нь:

Өмнө дурдсанаар, дийлэнх хуулиар зохицуулбал зохих харилцааг захиргааны хэм хэмжээний актаар зохицуулж буй хууль дээдлэх ёсны энэхүү гажуудлыг засаж залруулахад манай парламент онцгойлон анхаарна. Учир нь, албан тушаалтан, төрийн байгууллагаас баталж буй эдгээр журмаар хуулиас давсан хэм хэмжээ тогтоож байгаа нь хүний эрхийг зөрчөөд зогсохгүй хүнд суртал, авлига, тодорхойгүй байдлыг бий болгож байна. Иймээс нийгмийн харилцааг аль болох журмаар бус хуулиар зохицуулахад чиглэн, хуулийн төслийг өргөн барихдаа журмын төслийн хамтаар өргөн мэдүүлдэг байх шаардлагыг тавьж, эрх зүйн орчныг илүү тодорхой болгохыг зорьж байна. Жишээлбэл, Европын холбооны улс орнуудад нийгмийн харилцааны 95 хувь нь хуулиар, таван хувь нь захиргааны хэм хэмжээний акт буюу журмаар зохицуулагдаж байна. Энэ байдал нь хууль дээдлэх зарчим, орчин цагт улс орнуудын засаглалын шалгарсан арга болохыг илтгэж байгаа юм.

 

Гуравдугаарт. Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргаж ажилладаг болох чиглэл гэдэг нь:

 

Хуулиа дээдэлсэн өрсөлдөөний шударга нөхцөл, ил тод байдлыг хангасан эрх зүйн орчин нь хөгжил дэвшилд хүрэх үндсэн арга зам гэдгийг дэлхий нийтийн туршлага нотолж байна. Үүний тулд мөрдөж байгаа болон шинээр батлан гаргах хууль тогтоомж нь цаг үеийн болон нийгмийн эрэлт шаардлагад нийцсэн байх учиртай. Энэ өнцгөөс нь авч үзвэл, манайд нийгмийн зарим харилцааг хангалттай түвшинд зохицуулж чадахгүй байгаа хуулиуд цөөнгүй байна. Ингэснээр зохицуулалтгүй асуудал ихээр хуримтлагдаж, салбар хоорондын харилцаанд тодорхойгүй байдал үүсэж, шинжлэх ухаан - технологийн ололт, инновацыг нэвтрүүлэх замд томоохон саад учруулж байна. Үүнтэй холбоотойгоор одоо хэрэгжиж байгаа дараах хуулиудыг эргэж харах, мөн хэд хэдэн асуудлаар шинээр хууль боловсруулах шаардлагатай гэж үзэж байна.

 

Дурдвал:

-Бизнесийн орчныг сайжруулах, шударга өрсөлдөөнийг дэмжих, монополыг хязгаарлах эрх зүйн орчин хангалтгүй байна;

-Койн, Криптовалютын талаар хуулийн зохицуулалтгүй, түр журмаар зохицуулсантай холбоотой албан бус хохирлын хэмжээ хэдэн арван тэрбумаар яригдах хэмжээнд хүрсэн байна;

-Электрон тамхи;

-Аж ахуйн нэгж хоорондын “Худалдааны харилцаа”-г зохицуулж байгаа 2002 оны Иргэний хуулийн заалтууд өнөөгийн шаардлага хангахгүй болсон;

-Хэрэглэгчийн эрхийн асуудлыг зохицуулж байгаа хууль шаардлага хангахгүй байна;

-Шүүн таслах үйл ажиллагааг цахимжуулах асуудал;

-Төрийн өмчийн ашиглалт, хяналтын харилцааг зохицуулах шинэ эрх зүй орчин шаардагдаж байна. Улс орныхоо хууль, эрх зүйн орчныг илүү сайжруулах хүрээнд манай парламентын өмнө тулгамдаж байгаа зөвхөн зарим асуудал гэвэл ийм байна.

 

 Та бидний өмнө үүнээс ч олон асуудлыг шийдвэрлэх эрэлт хүлээлт байна. Иймд шинэ парламентын гишүүн та бид, эрх мэдэл гэхээс илүүтэй иргэдийнхээ жинхэнэ төлөөлөл байж, улс орныхоо хөгжлийг хурдасгах үндсэн зорилгынхоо төлөө өндөр ёс зүйтэй, илүү бүтээлч, ил тод, хурдтай ажиллах шаардлагатай байна.

 

УИХ-ын эрхэм гишүүнийхээ нэр төрийг өндөрт өргөж, “Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл баримтлал бүхий”, “Хууль тодорхой, ойлгомжтой, ижил тэгш үйлчилдэг”, “Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцэхүйц” Монгол Улсынхаа хууль эрх зүйн орчны Гурван төгөлдөржилтийг бодит болгох ариун үйлсдээ хувь нэмрээ оруулж, үлгэр дуурайлал үзүүлж ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлье.

 

Та бүхэндээ ажлын амжилт хүсье" гэлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler