|
Видео

Шинэ мэдээ

19-12-2024, 19:22
19-12-2024, 18:47

Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойд зориулав

ҮНДСЭН ХУУЛИЙН  ШИНЭТГЭЛИЙГ МОНГОЛ АРДЫН НАМ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН НЬ

 

Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойд зориулав

 

        Мөн чанар, үзэл баримтлалын хувьд эрс ялгаатай нэг Үндсэн хуулиас нөгөөд шилжих нь мэдээж амаргүй ажил, хуучин нийгмийн байгуулалын үндэс тулгуурыг бүрэн халж, шинэ тогтолцоог бүрдүүлэн Үндсэн хуулийн хүчийг бүрэн авахуулах нь түүнээс хүнд бөгөөд шинэ мэдлэг, үндэсний зөвшилцөл, улс төрийн дэмжлэг шаардсан  үйл хэрэг байсан юм.

 

Энэхүү шилжилт, хууль тогтоомжийн шинэтгэлийг "БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай” Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуульд заасны дагуу 1996  онд багтаан дуусгах  том зорилтыг тухайн цаг үед парламентийн олонхийг бүрдүүлж байсан МАН манлайлан амжилттай биелүүлж чадсан.

 

1990 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Улс Төрийн Товчоо сайн дураараа огцорсон, 1990 оны 3 дугаар сарын 23-ны өдөр  нэг намын дангаар засаглахыг бэхжүүлсэн Үндсэн хуулийн заалтыг халж улс төрийн олон ургальч ёсыг хүлээн зөвшөөрсөн зэрэг МАН-ын улс орны эрх ашгийг эрхэмлэсэн ухаалаг, алсыг харсан шийдвэр нь Монгол Улсын эрх зүй, хууль тогтоомжийн шинэтгэлийн эхлэл, үзэл баримтлалын үндэс болсон юм.

 

Дээрх шийдвэрийн дагуу 1990 оны  гуравдугаар сарын 23-ны өдөр Ардын Их Хурлаас  "БНМАУ-ын төрийн байгууллагын  тогтолцооны тухай” тогтоол гаргаж төрийн дээд байгууллагуудын тогтолцоо, эрх зүйн үндсийг шинэтгэх арга замыг тодорхойлжээ.

 

Энэ хоёр суурь шийдвэрийн дагуу 1990 оны тавдугаар сарын 10-нд "БНМАУ-ын Үндсэн хуулийн Нэмэлтийн хууль” гэх бие даасан Үндсэн хуульчилсан хууль, Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай зэрэг хуулиудыг шинээр гаргаж мөрдсөн юм.

 

Эдгээр хуулиудын үйлчлэлийн үр дүнд улс төрийн олон нам үүсч улмаар 1990 оны зургадугаар сарын 29-ний өдөр Анхны ардчилсан сонгуулийг   амжилттай зохион байгуулсан нь түүхэн үйл явдал байв.

 

Сонгуулийн дүнгээр Ардын Их Хурлын нийт 430 суудлын  343 суудлыг МАН авснаар үнэмлэхүй олонхийг бүрдүүлж, МоАН 23, МҮАН 7, МСДН 4, Монголын чөлөөт хөдөлмөрийн нам 1 суудал авч, 51 хүн нам бусчуудаас нэр дэвшин сонгогдсон.

 

Ардын Их Хурлын анхдугаар хуралдаан 1990 оны есдүгээр сард болж Улсын Бага Хурлыг байгуулсан ба Улсын Бага Хуралд МАН 33 суудал авч мөн үнэмлэхүй олонхийг бүрдүүлж, МоАН 13, МСДН 4, МҮАН 3 суудал тус тус авсан байдаг.

 

МАН-ын төлөөлөл үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн шинэ парламент захиргаадалтын дэглэмийг бэхжүүлсэн хуулиудыг халж ардчилсан шинэ хуулиудыг батлан  мөрдүүлсэн нь энэ үеийн хууль тогтоомжийн эхлэл, шинэтгэлийн гол агуулга байв.

 

Эдгээр нь шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалын үндэс тулгуур болсон бөгөөд түүнийг түшиглэн анхны  ардчилсан Үндсэн хуулийн төслийг боловсруулж ард нийтээр гурван сар хэлэлцүүлэн, нийт ирсэн 200 мянган саналаас 44 хувийг нь тусгасан төслийг Улсын Бага Хурлын гишүүд дөрвөн хэлэлцүүлэг дамжуулж хоёр удаа, Ардын Их Хурлын 430 депутат 50 гаруй хоног хоёр удаа үг нэгбүрчлэн хэлэлцэж эцэст нь цэг, таслалгүй нягталж, уншиж, сонссоноор 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр анхны ардчилсан Үндсэн хуулийг баталсан түүхтэй.

 

Үндсэн хууль батлагдсантай холбогдуулан түүнд нийцүүлэн нийгмийн харилцаа, хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан Үндсэн хуульчилсан болон бусад хууль тогтоомжуудыг бүхэлд нь шинэчлэх шаардлага гарсан бөгөөд энэхүү ажиллагааг системтэйгээр хийх  амаргүй зорилт тулгарсан.

 

1992 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хууль, БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийг батлан гаргасан бөгөөд тус хуулийн "Хууль тогтоомжийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэх” гэх тавдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт "...Монгол Улсын Үндсэн хуульд заасан хуулиудыг Улсын Бага Хурлаас тогтоосон хуваарийн дагуу 1993 онд багтаан батлан гаргана”, мөн хуулийн тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Хууль тогтоомжийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн бүрэн шинэчлэх ажлыг 1996 онд багтаан хийж дуусгана” гэж тус тус зааж хууль, тогтоомжийн шинэтгэлийн зорилтот хугацааг тодорхойлсон.

 

Мөн Улсын Бага Хурал 1992 онд 14 дүгээр тогтоол гаргаж шинэ Үндсэн хуулийг дагаж мөрдөх, хууль тогтоомжийг шинэчлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан гаргаж, түүндээ банк, гааль, өмч, аж ахуйн харилцааг зохицуулж буй хуулиудыг болон төрийн байгуулалтын шинэтгэл, сонгууль, төрийн, нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг шинэчлэн зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх, эрх зүйн орчинг яаралтай боловсронгуй болгох зорилт тавин амжилттай хэрэгжүүлжээ.

 

1990-1997 он хүртэл хийсэн өөрчлөлтийг бүхэлд нь хууль тогтоомжийн шинэтгэлийн анхдугаар шат хэмээн судлаачид үздэг ба дотор нь агуулга, ач холбогдлоор нь:

 

1.Үндсэн хуулийн "Нэмэлтийн хуулиархи анхны алхам” буюу хуучин дэглэмийг халахын сацуу нийгмийн амьдралыг бүхэлд нь шинэтгэхэд шилжин орох урьдач нөхцлийг бүрдүүлсэн 1990 оны  гуравдугаар сараас шинэ Үндсэн хууль батлагдсан 1992 оны хоёрдугаар сар хүртэлх үе.

2. Шинэ үндсэн хууль ба Хавсралтын хуулийн дагуух шинэтгэлийн үе буюу 1992 оны хоёрдугаар сараас 1997 оныг дуусталх үе гэж хуваадаг.

 

Дээрх хугацаанд:

 

  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийг 1992 оны зургадугаар сард багтаан явуулсны үндсэн дээр хууль тогтоох ба гүйцэтгэх дээд байгууллагуудыг Үндсэн хуульд зааснаар шинэчлэн байгуулах. Тэр хүртэл Ардын Их Хурал, Улсын Бага Хурал, Засгийн газар Үндсэн хуульд заасан /шинэ/ бүрэн эрхийг хэрэгжүүлэх,
  • Төрийн тэргүүнийг 1993 онд шинээр сонгож тангараг өргөтөл бүрэн эрхийг Анхны Ерөнхийлөгч хэрэгжүүлэх,
  • Үндсэн хуульд заасан үндэслэлийн дагуу шүүх, прокурорын байгууллагын тогтолцоог шинэчлэх ажлыг 1993 онд багтаан дуусгах,
  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эрх барих ба захиргааны газруудыг 1992 од багтаан шинэчлэн /баг, хорооны хувьд шинээр/ байгуулах, тэр хүртэл өмнөх Ардын Депутатуудын Хурал, түүний Тэргүүлэгчид, Гүйцэтгэх захиргаа салбар байгууллагууд бүрэн эрх хэрэгжүүлэх,
  • Хууль тогтоомжийг 1996 онд, Монгол Улсын олон улсын гэрээний заалтыг 1993 онд багтаан Үндсэн хуульд нийцүүлэх, тэр хүртэл даагж мөрдөж ирсэн бүх хууль, гэрээг Үндсэн хуульд харшлахгүй бол хүчин төгөлдөр дагаж мөрдөх,
  • Үндсэн хууль хүчин төгөлдөр болох өдөр БНМАУ-ын харьяат байсан бүх хүн Монгол Улсын харьяат хэвээр байх, иргэний харьяаллын асуудлыг шинэ хууль гартал хуучин хуулиар шийдвэрлэх,
  • Хүний эрхийг дордуулсан заалт бүхий хуулийг Үндсэн хууль хүчин төгөлдөр болсноос хойш хэрэглэхийг хориглох,
  • Төрийн бэлгэдэл тэмдгүүдийг хэрхэн хэрэглэх тухай болон "Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн "БНМАУ-ын" гэсэн хаяг бүхий төрийн бүх байгууллага "Монгол Улсын” гэж нэрлэхийг тус тус тодорхойлсон байна.

 

Ийнхүү нэр хаягаас эхлээд дотоод чанар, үйл ажиллагаа хүртэл төрийн байгуулал, түүний эрх зүйн зохицуулалтыг Үндсэн хуульд нийцүүлэн хуульчилсан нь хууль тогтоомжийг шинэтгэх зохион байгуулалт-эрх зүйн үндсийг бүрдүүлэв.

 

МАН-ын төлөөлөл олонхийг бүрдүүлж  байсан Улсын Бага Хурлаас батлан гаргасан хууль, хууль тогтоомжууд нь манай улсын шилжилтийн үйл явцад үнэтэй хувь нэмэр оруулж, зорьж буй шинэ нийгмийн байгууллыг зөв голдиролд нь ороход үндсэн үүрэг гүйцэтгэсэн.

 

Улсын Бага Хурлыг залгамжилсан МАН-ын төлөөлөл харьцангуй олонхийг бүрдүүлж байсан Монгол Улсын шинэ Их Хурал 1992 оны долдугаар сарын 20-нд анхдугаар чуулганаа нээж Улсын Бага Хурлын дээрх төлөвлөгөөт арга хэмжээг үргэлжлүүлэх нэмэлт төлөвлөгөө гарган ажиллаж 1996 оны долдугаар сар хүртэлх бүрэн эрхийнхээ хугацаанд Хавсралтын хуульд заасан болон бусад нилээд хууль гаргаж "хууль тогтоомжийг бүрэн шинэтгэх” ажлаа үндсэнд нь дуусгажээ.

 

1990 оноос эхэлсэн эрх зүйн шинэтгэлийн энэхүү нүсэр ажлыг Б.Чимид тэргүүтэй хуульчид гардаж МАН парламентад олонхийг бүрдүүлж байсны хувьд улс төрийн дэмжлэгийг үзүүлж үргэлж дэмжиж байсан болон үндэсний зөвшилцлийг чухалчилж байсан зэрэг нь энэхүү шинэтгэл амжилт олохын гол үндэс болсон юм.

 

Мөн энэхүү шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлсэн бас нэг хүчин зүйл нь өөрийн орны эрдэмтэн, судлаачид, тухайн салбарын мэргэжилтнүүд, ард иргэдийнхээ санал, бодлыг сайтар сонсож бүхий л шийдвэр, үйл ажиллагаандаа тусгаж байснаас гадна Монгол улсынхаа онцлог, уламжлалыг харгалзаж байсанд оршино.

 

 

МАН-ЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ГАЗРЫН УЛС ТӨРИЙН АХЛАХ АЖИЛТАН

М.ТӨРБАТ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler