| |
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
Японы дотоодын аялал жуулчлалын хамгийн таатай үеүүдийн нэг болох "Алтан долоо хоног" эхлэхтэй зэрэгцэн иенийн ханш суларч байгаа нь тус улсын иргэдэд төдийгүй бизнес эрхлэгчдийн хувьд ноцтой асуудал болоод байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Японы Төв банк (BOJ) бодлогын хүүгээ 0-0.1 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргасны дараа нэг ам.доллар 158 иентэй тэнцэж, иенийн ханш 1990 оноос хойших хамгийн доод түвшинд хүрч унажээ.
Иенийн ханш суларсаар байгаа нь тус улсын аялал жуулчлалын салбарт нөлөөлж байгаа бөгөөд нэг талаар Японд аялах зардал буурч гадаадын жуулчдыг татаж байгаа боловч нөгөөтээгүүр, япончуудын хувьд гадаадад аялах зардлыг нэмэгдүүлж байгаа ажээ. NHK болон JTB аялал жуулчлалын агентлагийн мэдээлснээр, “Алтан долоо хоног”-ийн үеэр Японд аялагчдын тоо 23.3 саяд хүрэх төлөвтэй байгаа нь цар тахлын өмнөх үеийн 90 хувьтай тэнцэх үзүүлэлт юм.
Валютын сулралаас эдийн засагт үзүүлэх нөлөө нийгмийн салбаруудад өөр өөр байдлаар мэдрэгдэж байгаа тул иенийн ханшийн одоогийн уналт нь аялал жуулчлалын салбарт эергээр нөлөөлж болох ч Төв банкны зүгээс анхаарал хандуулвал зохих асуудал болоод байна гэж шинжээчид дүгнэжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг