| |
Япон | 17 жилд анхны удаа бодлогын хүүг нэмсэн нь богино, урт хугацаанд үзүүлэх нөлөө
Товч агуулга: Дэлхийн дөрөвдөх хамгийн том эдийн засагтай улс болох Япон сүүлийн 25 жилийн турш дефляцын асуудалтай тэмцэж ирсэн юм. Дефляц гэдэг нь инфляцын яг эсрэг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ багасах үзэгдэл. Тэгвэл сүүлийн үед үнийн өсөлт ажиглагдаж байгаа тул Японы төв банк (BOJ) гуравдугаар сард бодлогын хүүгээ -0.1 хувь байсныг 0-0.1 хувь болгосон. Дэлхий дээр хасах бодлогын хүүтэй цорын ганц улс Япон байсан юм. Энэ алхмын богино болон урт хугацааны нөлөө ямар байж бол?
Японы төв банк сүүлийн найман жилийн турш бодлогын хүүгээ хасах тоонд барьсаар ирсэн. Учир нь 2013 оны дөрөвдүгээр сард Японы төв банк дефляцыг давж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор инфляцын түвшнийг 2 хувьд барих зорилго тавьсан.
Гэвч зорилгодоо хүрч чадаагүй учир 2016 оны хоёрдугаар сард Японы төв банк засгийн газрынхаа урт хугацааны бондыг худалдан авах замаар мөнгөний нийлүүлэлтийг их хэмжээгээр нэмэгдүүлж (yield curve control буу өгөөжийн муруйн хяналт), бодлогын хүүгээ хасах хэмжээтэй болгосон юм.
Тэгвэл сүүлийн үед Японд үнийн өсөлт ажиглагдаж үүнтэй зэрэгцэн цалин нэмэх болсон тул тус улсын төв банк бодлогын хүүгээ сүүлийн 17 жилд анхны удаа нэмсэн.
1990 оноос хойш Японд цалингийн нэмэгдэл бараг үзэгдээгүй бөгөөд өргөн хэрэглээний барааны үнэ бага зэрэг өсөж, зарим барааны үнэ бүүр буурсан байна. Харин гуравдугаар сарын эхээр Японы томоохон компаниуд цалингийн хэмжээг 5.28 хувиар нэмэх тохиролцоонд хүрчээ.
Мөн бодлогын хүүг нэмэх шийдвэр гаргахаас өмнө, нэгдүгээр сард Японд хэрэглээний үнийн индекс (CPI) өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 2 хувиар өссөн юм. Хэрэглээний үнийн индекс нь инфляцыг тодорхойлдог чухал үзүүлэлт. Хамгийн сүүлийн үеийн буюу хоёрдугаар сарын 24-ний тоо баримтаар Японд инфляцын түвшин 2.8 хувь байгаа юм.
Яагаад инфляцын үед бодлогын хүүг нэмж, дефляцын үед багасгадаг вэ
Инфляцын үед бодлогын хүүг нэмэгдүүлэх нь зээлийн хүүг ихэсгэнэ гэсэн үг. Зээлийн хүү нэмэгдсэн орчинд хэрэглэгч болон бизнес эрхлэгчид зээл авах маягаар томоохон худалдан авалт хийх эсвэл хөрөнгө оруулахад эргэлзээ үүсгэж болно. Энэ нь зарчмын хувьд мөнгө зарцуулалтыг багасгаж, ерөнхий эрэлт хэрэгцээг бууруулж инфляцыг багасгах юм.
Мөн бодлогын хүү өсөхөд хадгаламжийн хүү дагаад нэмэгдэнэ. Ийм үед хүмүүс мөнгөө хүүтэй хадгаламжид хийх замаар нэмэгдүүлж, зарцуулалт буурч инфляц багасах магадлалтай.
Эсрэгээрээ бодлогын хүүг бууруулснаар эдийн засгийн үйл ажиллагааг идэвхжүүлж, инфляцыг өсгөх нөлөө үзүүлж болно. Бодлогын хүү бага байх нь зээлийн хүү буурна гэсэн үг учир хүмүүс, бизнес эрхлэгчид зээл авах замаар томоохон худалдан авалт, бизнес алхам хийж болно. Энэ замаар эрэлт, хэрэгцээ нэмэгдэж бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөж инфляц нэмэгдэх боломжтой юм.
Бодлогын хүүг нэмэгдүүлсний богино хугацааны нөлөө
Бодлогын хүүг нэмсний дараа Япон компаниудын хувьцааны үнэ нэмэгдсэн ч иений ханш болон урт хугацааны засгийн газрын бондын өгөөж буурсан байна. Шийдвэрийг танилцуулсны дараагийн өдөр еврогийн эсрэг иений ханш 2008 оноос хойш үзэгдээгүй бага хэмжээнд хүржээ.
Одоогийн байдлаар иений ханш ам.долларын эсрэг 34 жилд байгаагүй доод түвшинд хүрсэн байгаа юм. Японы төв банкны захирал Казүо Үэда хүүг нэмснийг мэдэгдсэнийхээ дараа хэвлэлийн бага хурал хийхдээ эдийн засгийн өсөлтийн төлөв тааруухан байгаа учир бодлогын хүүг хурдан өсгөх магадлал бага гэж мэдэгдсэн юм.
“Pepperstone” валют арилжааны фирмийн ахлах стратегич Майкл Браун түүний хэлсэн үг бодлогын хүүг цаашид нэмж иений ханш өснө гэж найдааж байсан хөрөнгө оруулагчдыг сэтгэл дундуур үлдээлээ гэжээ.
Японы төв банк бодлогын хүүгээ нэмнэ гэж олон шинжээчид таамаглаж байсан гэхэд болно. Ийм учраас гэнэтийн байдлаар хүүгээ нэмээгүй тул дэлхий дахинд шууд нөлөө үзүүлээгүй байна.
Тус улсын төв банк бодлогын хүүгээ нэмнэ гэж таамаглаж байсан газруудын нэг нь Америкийн банкны олон улсын бодлогын хүү ажиглагч баг юм.Тэд Япон бодлогын хүүгээ нэмсэн нь богино хугацаанд дэлхий дахинд хязгаарлагдмал хэмжээний нөлөө үзүүлнэ гэж үзжээ.
Бодлогын хүүг нэмснээр гадна Японы төв банк yield curve control буюу бондын өгөөжийн муруйн хяналт нэртэй 2016 оноос хойш баримталж ирсэн бодлогоо хаясан юм. Тус бодлого дор Японы банк төв банк засгийн газрынхаа гаргасан урт хугацааны бондыг их хэмжээгээр худалдаж авдаг байв. Ингэх замаар төв банк урт хугацааны бондын өгөөжийг бараг тэг хувьтай тэнцэх хэмжээнд байлгаж, урт хугацааны бодлогын хүүг бага түвшинд барьсан юм.
Америкийн банк бондын өгөөжийн муруйн хяналтын бодлогыг орхисноор Японы засгийн газраас гаргадаг бондын өгөөж шууд хурц өсөхгүй гэж таамаглажээ.
Урт хугацааны нөлөө
Япон олон жилийн турш бодлогын хүүгээ маш бага эсвэл хасах түвшинд барьж ирсэн. Мөн сүүлийн нэг гаруй жилийн хугацаанд дэлхийн томоохон эдийн засагтай улс орнуудын төв банк бодлогын хүүгээ хэд хэдэн удаа нэмж ирэхэд Япон саяхан хүүг бага хэмжээгээр нэмэв.
Дефляцын асуудалтай 25 гаруй жил тэмцэж ирсэн тул Япон бодлогын хүүг бага хэмжээнд барих, бондын өгөөжийн муруйн хяналт гэх мэт мөнгөний зөөлөн бодлого баримталж ирсэн.
Зөөлөн бодлогын улмаас Япон хөрөнгө оруулагчид тээвэр арилжаа их хэмжээгээр хийсэн юм. Тодруулбал Япон хөрөнгө оруулагчид банкнаас бага хүүтэй иен зээлж, өндөр бодлогын хүүтэй улсын банкнуудад өөр валют болгон хадгалж эсвэл өндөр өгөөж өгөх зүйлд хөрөнгө оруулж мөнгөө өсгөж иржээ.
Урт хугацаандаа бодлогын хүүг хэд хэдэн удаа нэмэх нь тээвэр арилжаагаар гадаад руу урссан хөрөнгө эргэн Японы зах зээлд орж ирэх замыг тавьж өгнө. Ингэснээр их хэмжээний хөрөнгө гадаадаас Японы зах зээлд буцааж орж ирэх магадлалтай. Гэхдээ Японы төв банк бодлогын хүүг хурдтай нэмэх магадлал бага байгаа.
Тэгвэл шинжээчид Японыг хэзээ дахиж бодлогын хүүгээ нэмнэ гэж таамаглаж байна вэ? Цаашид ханшийн өсөлт хэзээ гарч болох талаар шинжээчид санал зөрөлдөж байна.
“Bloomberg” агентлаг Японы төв банкийг ажиглагчдаас санал асуулга явуулахад аравдугаар сард бодлогын ханшийг дахиж нэмэгдүүлж магадгүй гэжээ. Харин зарим шинжээчид илүү эрт, тухайлбал долоодугаар сард бодлогын хүүг дахин нэмж магадгүй гэж үзэж буй.
Тэгэхээр Японы бодлогын хүүгийн өсөлт богино хугацаандаа тийм ч том нөлөө үзүүлэхгүй ч гэсэн урт хугацаанд нэмэгдсээр байвал дотоодын болон олон улсын санхүүгийн ертөнцөд томоохон нөлөө үзүүлэх боломжтой байна.
Эх сурвалж: Reuters, CNN, CNBC, Asian Development Bank