| |
С.Жавхлан: Энэ дарга нарт зөвхөн бид гомдоод зогсохгүй, Монголын минь газар шороо гомдож байгаа
-Та өнөөдөр ямар дуудлагаар Чингисийн талбайд ирэв?
-Би гутаан доромжлогдож, хог шиг хаягдаж байгаа иргэдээ өмөөрч Монгол дээлээ өмсөөд тэмцэж яваа л залуу шүү дээ. Тиймээс энд сэтгэлийнхээ дуудлагаар ирлээ. Эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан алтан буудайгаа тоодоггүй, гадаадаас оруулж ирдэг энэ дарга нарт зөвхөн бид гомдоод зогсохгүй Монголын минь газар шороо гомдож байгаа. Иймээс энэ жагсаал цуглааныг хамтран зохион байгуулж, тариаланчдаа өмгөөлж байна.
-Хохирол амсаагүй салбар ер нь Монголд байна уу. Та энэ талаар юу гэж бодож байна?
-Хохирол амсаагүй салбар Монголд байхгүй болчихоод байна. Босоо заяатай Монголыг минь энэ хэдэн улс төрчид хэвтүүлчихлээ. Одоо бүр сөхрөөд элгээрээ мөлхөж байна. Тиймээс залуус бид дуугүй сууж болохгүй. Энэ он цагийг босгож ирэх ёстой. Монгол гэсэн тодотголтой бүх зүйлээ өргөж дэмжээд явах учиртай. Бидэнд эв нэгдэл чухал.
-Таны үеийнхэн, ахмад, залуу уран бүтээлчид энэ санааг чинь аль зэрэг дэмжиж байх шиг байна. Анзаарагдав уу?
-Өө, дэмжилгүй яахав. Бүгдээрээ л дэмжиж байгаа. Гэхдээ Жавхлан зөвхөн өөрийгөө дэмжүүлэх гэж жагсаал цуглаан хийгээд байгаа юм биш шүү дээ. Миний хувьд Монголдоо санаа зовсондоо л ингэж явна. Бүх залуучууд маань Монголын төлөө нэгдэж, Монголынхоо төлөө зүтгээсэй гэж хүсч байна.
-Жавхлан дуугаа дуулаад л явж байхгүй, улс төр хийгээд байх юм гэж шүүмжлэх хүн бас байгаа бололтой?
-Эх орноо ээж гэж бодох юм бол ээжийн минь бие нь муудаад хэвтэж байна. Хүү нь яах ёстой билээ. Мэдээж эмчлэх бүх талын арга хэмжээ авна. Тэрүүн шиг Жавхлан ээжийгээ өвчтэй байхад дуугаа дуулаад хайхрахгүй орхих ёсгүй байхгүй юу. Ээжийгээ хөсөр хаях сэтгэл надад төрсөнгүй.
-Дараагийн ээлжинд аль салбарын хохирогчдыг дэмжих вэ?
-Олон салбарт хүмүүс хохирч байна. Олон газраас надад хүмүүс хандаж байгаа. Энэ удаа тариалчдын маань хүндрэл, бэрхшээл зөв шийдэгдвэл би бүх салбарынхантай хамтарч тэмцэнэ. Өнөөдөр эгэл жирийн 2 сая 900 мянган мөрөөдлийн багийн гишүүд байгаа. Харин 100 мянга орчим шуналтангууд буюу шуналын хорт хавдар үүсчихээд байна. Тэд намайг элдвээр мушгин гуйвуулж яриад байгаа юм. Гоё дуу дуулж болно. Монголоо гоё болгочихоод дуулъя л даа.
-Одоо ямар шинэ уран бүтээл дээр ажиллаж байна?
-Эхлээд Монголоо гоё болгохсон гэж бодож байна. Уран бүтээл бол яахав хийгдэж л байна. Сайхан дуугаа дуулаад баярлаж омогших цаг ирэх байх. Яаж ч бодсон өнөөдөр сэглэгдээд, сэндийлэгдээд, ухагдаад, зарагдаад байгаа газар шороон дээр "Монголын үнэртэй салхи” дуу маань зохимжгүй болчихлоо. Ээжүүдийн минь цалин тэтгэвэр хүрэлцэхгүй, мах, гурилгүй болохын цагт "Ээжийн чанасан цай” дуугаа би дуулах эрхгүй болж байна. Үнэндээ дууны сайхан үг аялгуу нь хүртэл бодит амьдралтай зохицохгүй болчихоод байхад энэ бүхнийхээ төлөө тэмцэхээс өөр яах юм. Дарга нарын мянгуужингийн үлгэр шиг юм яримааргүй байна.
Б. Отгонбаяр
Эх сурвалж: Tumen.mn