| |
Арваннэгдүгээр сар олон жилийн дунджаас дулаан байна
Цаг уур, орчны шинжилгээний газраас бэлтгэсэн арваннэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. Арваннэгдүгээр сард нутгийн зүүн хойд хэсгээр ОЖД-аас дулаан, хур тунадас бага байх төлөвтэй байна.Сарын эхээр ихэнх нутгаар хур тунадас орох ба говь, тал хээрийн бүс нутгаар цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ. Нэг болон хоёр, гуравдугаар арав хоногуудын эхэн үеүдээр ихэнх нутгаар агаарын температур хүйтрэх төлөвтэй байна.
Баруун аймгуудын нутгаар. (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
-Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын эхэн үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур ОЖД-аас 4–6°С-аар сэрүүснэ.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд үеүдээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи зарим газраар 11–13 м/с, зарим үед түр зуур 13–15 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар. (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)
-Энэ сард агаарын дундаж температур Булганы ихэнх, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгуудын нутгаар ОЖД-аас дулаан ба бусад нутгаар дунджийн орчим хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байна.
Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 9-д харуулав. Нэг ба гуравдугаар арав хоногуудын эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур ОЖД-аас 4–6°С-аар сэрүүснэ.
Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд үеүдээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 12–14 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Зүүн аймгуудын нутгаар. (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
-Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас дулаан (Зураг 6), хур тунадас ихэнх нутгаар (Хэнтийн баруун хэсгээс бусад) ОЖД-аас бага байна.
Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 10-д харуулав. Гурван арав хоногийн эхэн, нэг болон хоёрдугаар арав хоногуудын сүүлчээр агаарын температур ОЖД-аас 3–5°С-аар сэрүүснэ.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд, хоёрдугаар арав хоногийн дунд–сүүлч үеэр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Говийн аймгуудын нутгаар. (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)
– Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД-ийн орчим, Дундговь, Дорноговийн зүүн хойд хэсэг болон Говьсүмбэрийн нутгаар дунджаас дулаан, хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байна.
Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 11-т харуулав. Гурван арав хоногийн эхэн, нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур ОЖД-аас 3–5°С-аар сэрүүснэ.
Нэг, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй. Энэ үеэр салхи ширүүсч 13–15 м/с хүрэх буюу зарим үед 15–17 м/с хүрч ширүүсч болзошгүй.