|
Видео

Шинэ мэдээ

​ЧУУЛГАН: Монголбанк ирэх онд мөнгө хэвлэхгүй

 ​ЧУУЛГАН: Монголбанк ирэх онд мөнгө хэвлэхгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.  

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Зээлийн үйлчилгээний хураамж гэж нэг хувь авдаг. Хуулийн байгууллага, шат шатны байгууллагуудад зөрүүтэй шийдвэр гараад байна. Цаашдаа энэ байх ёстой юу. Тэтгэврийн зээлээс хүртэл нэг хувийг авч байна. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Банк, эрх бүхий этгээдийн зээлийн үйлчилгээний тухай хуулиараа банк зээлийн үйлчилгээний хураамж авч болохоор тусгасан байдаг. Зээлийн үйлчилгээний хураамжийн хэмжээ ямар байх тал дээр янз бүр. Хуулиараа авч болох зохицуулалттай учир Монголбанк хураамж нь хэр үндэслэлтэй, тооцоотой байдаг вэ гэдэгт хяналт тавьдаг. Монголбанкнаас дээд хэмжээ нь нэг хувь байна гэж журамласан. Тиймээс ипотекийн зээл, тэтгэврийн зээл зэрэг зээлээс нэг хувийн хураамж авч байна. Үүнийг Монголбанк дахин хяналт шалгалт хийж байна. Тиймээс буурах боломжтой гэж харж байгаа юм. АНУ-д 0.65, Канадад 1 хувь, Австралид 0.3 хувь байдаг. Манай улсын дундаж нь 0.75 хувь байдаг. 

 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Төсөв тэлээд байгаа учраас Монголбанк мөнгөний хатуу бодлого барьж байна. Мөнгөний бодлогын хүү нэмэгдэнэ гэдэг бол бизнест очих зээл багасна гэсэн үг. Зүй нь төсөв нь багасаад мөнгөний бодлогын орон зай гараад бизнесүүд нь улс орноо босгодог тогтолцоо. Үүнээс гадна төсвийн гаднах санхүүжилт их байна. Төрийн өмчит ААН дээр байгаа, ялангуяа Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт юу болж байна вэ. Төрийн өмчийн ААН ашиггүй ажиллаж байна. Тэднийг ашигтай ажиллуулахад Монголбанкны үүрэг оролцоо юу байх вэ? 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Банкны сектороос улсын секторт гаргаж буй зээлийн хэмжээ нийт зээлийн 17 хувь. Бага гэж хэлж болно. Хөгжлийн банкны ихэнх зээл төрийн өмчит ААН-д олгосон зээл. Хөгжлийн банк муу зээлтэй холбоотой үйл ажиллагаа нь доголдож байна. Ойрын хугацаанд Хөгжлийн банкнаас улсын ААН-д зээл олгохгүй байх гэсэн төсөөлөлтэй байна. Банкууд ч мөн болгоомжтой хандаж эхлээд байна. 

Хөгжлийн банкинд Монголбанкнаас төрийн байгууллагаас өгсөн захиалгын дагуу хяналт шалгалт хийх боломжтой. Үүний тайланг тухайн захиалга хийсэн төрийн байгууллагад тайлагнана. Харин Монголбанкнаас Хөгжлийн банкны дотоод үйл ажиллагаанд орох эрх байхгүй.  

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Төрийн банкны IPO юу болж байна вэ. 2023 онд Монголбанк алтыг хэр хэмжээгээр худалдаж авах вэ. Инфляцыг найман хувьд барихад ямар эрсдэл байна вэ. ОУВС манайд ажилласан. Та бүгд мөн ОУВС-ийн хуралд суусан. Манай төлөв байдлыг юу гэж дүгнэж, ямар зөвлөгөө өгч байна вэ. Та бүхэн хэрхэн ажиллах вэ.  

 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Төрийн банк IPO амжилттай хийсэн. Нийт 20 хувиа олон нийтэд нээлттэй болгох саналаа өгсөн. Үүний дагуу эхний таван хувийг нээлттэй болгосон. Үнэ нь тогтворжсон. Энэ ондоо багтаагаад Голомт, Хаан банк IPO хийхээр ажиллаж байна. Үлдсэн хоёр банк 2023 оны эхээр хийх болов уу гэсэн төсөөлөлтэй байна. 2023 онд Монголбанк 20-22 тонн алт авна.  

2023, 2024 онд өр төлөх хүнд жилүүд. Монгол Улс энэ өрийг дарах мөнгөө бэлдэх хэрэгтэй. Олон улсын хэмжээнд мөнгө босгоход хүү өндөр байна. Олон улсын захаас авбал хүү хоёр оронтой тоогоор яригдана.  

УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан: Үндэсний мөнгөн тэмдэгтийн чанар, үнэлэмжийг Монголбанк яагаад хадгалж чадахгүй байна вэ. Долларын эсрэг төгрөгийн ханш суларсаар байна.  

Ипотекийн зээлийн хүүг буулгах, урьдчилгаа төлбөр бууруулах, хүртээмжийг нэмэгдүүүлэх асуудал Засгийн газар ярьж байна. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Долларын ханш бүх валютын эсрэг чангарч байна. Төгрөг долларын эсрэг 18 хувь суларсан. Үүнээс илүү сулрахгүй гэж харж байна.  

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Монголбанк мөнгө хэвлэх үү. Инфляцаа буулгая гэж байгаа бол мөнгө хэвлэх ёсгүй. Үүнд тодорхой хариулт өгөх хэрэгтэй байна. Мөн банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт нь 35.5 хувь, банкуудын орлого 22 хувиар өссөн гэсэн үзүүлэлт байна. Төлбөр түргэн гүйцэтгэх үзүүлэлт 35.5 хувь байгаа нь ямархуу үзүүлэлт вэ. Иргэдийн амьдрал хэцүү, эдийн засгийн өсөлт бага байхад банкуудын орлого нэмэгдсэн нь хэр түгээмэл үзэгдэл вэ. Бусад оронд ямар байгаа вэ. Арилжааны банкуудын ашгийн үзүүлэлтийг авах хүсэлтэй байна.  

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Мөнгөний нийлүүлэлт өмнөх онтой харьцуулахад 1.7 хувиар буурсан. Цаашид Монголбанк мөнгө хэвлэх бодлого барихгүй. Яагаад гэвэл инфляц өндөр, ханшийн дарамттай байгаа учир мөнгө хэвлэхгүй. 

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт нь олон улсын жишгээр 25 хувь байдаг. Тэгэхээр банкууд асуудалгүй гэсэн үг юм. Олон улсад банкны орлого, хувьцааны үнэ нэмэгдэж байна. Энэ нь хүүний өсөлттэй холбоотой. Инфляц 13-14 хувь. Энэ хэмжээгээр цалин өсөхгүй байна. Өрхийн бодит орлого буураагүй. Тиймээс хэрэглээ өндөр, өсөлттэй гарч байна.   

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Монголбанкны үндсэн зорилт нь төгрөгийн тогтвортой байдал, эдийн засгийн тэнцвэрийг хангах. Засгийн газар, Монголбанкны үйл ажиллагаанаас болоод иргэд хохирж байна. Хариуцлагыг хэн үүрэх вэ. Амьжиргааны өртөгтэй уялдуулан ард иргэдийн цалин хөлс, тэтгэврийг нэмэх үүрэгтэй.  

Монголбанкны мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа: Эдийн засагт үүсээд буй гол хүндрэл нь тээвэр ложистик, валютын орох урсгал, төлбөрийн тэнцэл, төсөв мөнгөний бодлогын уялдаа юм. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Зээлийн үйлчилгээний хураамжийг өгч буй зээлээсээ хувь авах замаар бус босго тогтоож ойлгомжтой болгож болох уу. Тухайлбал, тэдэн төгрөгөөс дээш бол тэд, тэдэн төгрөгөөс доош бол тэд гээд тогтоож болохгүй юу. УИХ-ын гишүүд бид өөртөө шүүмжлэлтэй хандах хэрэгтэй байна. Гаднын банк оруулж ирэхгүйгээр мөнгөний үнэ буурахгүй. Дээр нь инфляц, эрчим хүч, дайн гээд олон хүчин зүйл нэмэгдэж байгаа юм. Иргэдэд зээл олгох бололцоог нэмэгдүүлэх, хүүг нь багасгаж, хугацаа нь уртасгах асуудлыг гаднын банк шийдэж чадна. Хууль нь орж ирээд гурван жил боллоо. Үнэхээр ичмээр байна. Энэ хуулийг хурдан баталмаар байна. Үүнийг батлахгүйгээр мөнгөний бодлого ярилцаад дэмий. 

Төсөв батлах гэж байна. Мөнгөний бодлогын үйлчлэх хязгаар хүрээ барагдаж эхэлсний Монголбанкны ерөнхийлөгч хэлсээр байна. Тиймээс үүнийг анхаарч, гишүүд бид төсвөө сайн бодож, хуулиа баталмаар байна. Бид юмаа хийхгүй удааж байгаа шүү.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Зээлийн үйлчилгээний хураамжийн асуудлыг үргэлжлүүлэн хянаж шалгаад явж байна. Удахгүй нэг шийдэл гаргаж танилцуулна. Таны хэлсэн саналын дагуу явж байгаа гэж ойлгож болно. 

Гаднын арилжааны банк орж ирэх, тусдаа банк байгуулах нь Банкны тухай хуулиар нээлттэй. Харин тухайн банк нь төрийн өмчит байх юм бол ҮАБЗ-ийн нөхцөл шаардлагын дагуу тусдаа зохицуулалттай. Одоо батлагдахгүй байгаа хууль нь хөрөнгө оруулалтын чиглэлийн банкны тухай хууль юм. Одоо ямар гадаадын банк орж ирэх боломжтой. Монголбанк нээлттэй ажиллана. Гаднын нэг ч банк манайд хүсэлтээ өгөөгүй. 

http://itoim.mn/article/VX0YQ/35391



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler