![]() |
С.Шойгу хэсэгчилсэн дайчилгааны зорилго ба албанд татагдах гурван нөхцөлийг нэрлэв
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-нд хэсэгчилсэн дайчилгаа зарласан. Энэ хүрээнд Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мөн байлдааны туршлагатай оросуудыг нөөцөөс татан оролцуулна гэж мэдэгджээ.
Хэсэгчилсэн дайчилгаанд татагдах хүмүүс нь гурван гол шаардлагыг хангасан байх ёстой гэж байна.
Үүнд: урьд нь армид алба хааж байсан, одоо шаардлагатай байгаа цэргийн мэргэжил эзэмшсэн, мөн байлдааны туршлагатай хүмүүсийг дайчлахаар төлөвлөж байгааг ОХУ-ын БХЯ тодотгов.
Харин Батлан хамгаалах яамны сонирхсон цэргийн бүртгэлийн мэргэжлийн талаарх мэдээлэл нууцын зэрэглэлтэй байгаа ажээ. Мөн энэ ангилалд армид шаардлагатай цэргийн мэргэжилтэй хүмүүс багтдаг.
Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өчигдөр яамныхаа удирдах зөвлөлийн хурал дээр хэсэгчлэн дайчлах тухай Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэхийг үүрэг болгов.
Энэ үеэр тэрбээр иргэдэд бодит мэдээлэл өгөх, аливаа өдөөн хатгалгатай тэмцэх ажлыг зохион байгуулахаас гадна анхааруулах бүс, цугларах цэгийн хамгаалалтыг чангатгах шаардлагатайг дурдав.
Дайчлагдсан иргэд гэрээт цэргийн статустай ижил хэмжээний цалинтай болно гэдгийг БХЯ-ны дарга онцоллоо.
Есдүгээр сарын 21-нд Владимир Путин хэсэгчлэн дайчлах тухай зарлигт гарын үсэг зурсан бөгөөд энд зөвхөн цэргийн дадлага туршлагатай, шаардлагатай байгаа цэргийн мэргэжил эзэмшсэн нөөцийн цэргүүдийн тухай ярьж байна гэдгийг Сайд онцоллоо.
Түүнчлэн Шойгугийн тайлбарласнаар, фронтын мянган километрийн шугамд хяналт тавьж, чөлөөлөгдсөн нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангахын тулд хэсэгчлэн дайчлах шаардлага гарсан гэжээ.
Цэрэгт нийт 300 мянган нөөц цэрэг татахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь Оросын нийт дайчилгааны нөөцийн ердөө нэг гаруй хувийг эзэлж байна.
Оюутнуудыг дайчлах, түүнчлэн хугацаат цэргийн албан хаагчдыг тусгай ажиллагааны бүсэд илгээх тухай яриа байхгүй гэдгийг Шойгу онцолсон байна.
Дашрамд тодотгоход өмнөх өдөр нь өөрсдийгөө тунхагласан БНДАУ, БНЛАУ түүнчлэн Херсон, Запорожье мужуудын захиргаа ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэх "бүх нийтийн санал асуулга" явуулахаа зарласан. Путин санал хураалт явуулах "аюулгүй нөхцөл" бүрдүүлнэ гэж амласан юм.
Эх сурвалж. Риа новости, Лента.ру
