| |
Илбэчин сайд
Үндэсний зөвлөлийнхөн үндсэн үүргээ үл ухамсарлав уу
Эдийн засаг хямралтай байгаа үед С.Эрдэнэ сайд ба түүний нөхөд төсвийн
хөрөнгөөр хэрхэн тансаглах гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл энэ удаад салбарын сайд нь хэдийнэ сүндэрлэсэн барилгуудад дахин
хөрөнгө батлуулж байхад зөвлөлийнхөн нь юу хийж суусан талаар нэхэн
сурвалжилснаа
хүргэе.
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга гэх
"Давхар дээл”-тэй. Харин энэ зөвлөлд сайдаас гадна есөн хүн багтдаг
бөгөөд нийгмийн даатгалын үйл ажиллагаанд даатгагч, даатгуулагч, ажил
олгогчийн тэгш оролцоог хангах, нийгмийн даатгалын холбогдолтой хууль
тогтоомжийн биелэлт болон даатгалын сангийн орлого, зарлагын байдалд
хөндлөнгийн хяналт тавих, нийгмийн даатгалын асуудлаар санал, дүгнэлт,
зөвлөмж гаргах, шаардлагатай асуудлыг холбогдох байгууллагад оруулж
шийдвэрлүүлэх гол зорилготой.
Гэтэл үндэсний зөвлөлийн дарга нь үйл ажиллагаа явуулж байгаа
барилгуудад дахин төсөв батлуулчихаад байхад ганхийлгүй дуугүй суусны
цаана нарийн учир байх аж. Энд энгийнээр тайлбарлавал С.Эрдэнэ сайдын
удирддаг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл болоод эрхэм сайд аль
хэдийнэ баригдаад ашиглалтад орчихсон барилгыг цаасан дээр байхгүй
болгон төсөв батлуулчихаад энэ жилээс зохиомлоор барихаар зэхэж байгаа
юм. Товчхондоо эрхэм сайдыг "илбэчин сайд” гэж нэрлэхэд буруудах
зүйлгүй мэт.
Юуны өмнө Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд ямар
хүмүүс багтдагийг танилцуулъя. Тус зөвлөлийг С.Эрдэнэ сайд даргалах
бөгөөд түүнээс гадна Сангийн сайд Ч.Улаан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин,
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар,
Монголын чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооны тэргүүлэгч
гишүүн Д.Дулмаа, Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн
үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Отгонбаяр, Монголын ажил
олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатар, Монголын албан
бус эдийн засгийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
Д.Үүрийнтуяа, "Кассандра Монголиа" ХХК-ийн ерөнхий захирал Ж.Батбаяр нар
багтдаг ажээ.
Харин зөвлөлийн ажлын албаны даргаар М.Саранчимэг гэгч ажилладаг юм
байна. Энэ зөвлөлийнхний үндсэн үүрэг болсон даатгуулагчдын мөнгийг
хэрхэн нааш цааш болгож, төсөв хөрөнгөө хэрхэн зарцуулж байгаад хяналт
тавих ёстой эдгээр хүн юуны учир бүлх залгисан мэт сайдынхаа үйлдлийг
өөгшүүлж сууна вэ. Эсвэл тэд бүлэглэж байгаа нь энэ үү.Ийн хэлсний учир
нь үндэсний зөвлөлд багтсан эдгээр хүний олонхи нь С.Эрдэнэ сайдын
хүмүүс байх аж.
Тэр ч бүү хэл, эртнээс түүнд зүтгэж, олон жил хамтран ажиллаж ирсэн хүн
ч энэ дунд бий. Дээрх эрхмүүдийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн
гишүүнээр томилогдож байхад "Хууль зөрчин томилогдсон" гэх хэл ам ч гарч
байсан удаатай. Тухайлбал, МАОЭНХ-ны захирал Х.Ганбаатарын энэ талаар
ярьсан зүйл өдгөө ч цахим сайтуудад хадгаалаатай байна.
Түүний хэлж байсныг сийрүүлбэл, "Өнөөгийн мөрдөж байгаа хуулиар
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд ажил олгогчдын төлөөллийг МАОЭНХ
санал болгож УИХ-д өргөн барих ёстой. Урьд өмнө ч ингэж явж ирсэн. Бид
долоон хүнийг санал болгосон. Гэтэл бидний санал болгосноос нэгч хүнийг
оруулаагүй атлаа "Кассандра Монголиа" ХХК-ийн еренхий захирал Ж.Батбаяр,
Монголын албан бус эдийн засгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн
Д.Үүрийнтуяа нарыг гишүүн болгосон. Гэтэл эдгээр хүмүүс нь даатгал
төлөгч ажил олгогчдыг төлөөлж ажиллах боломжгүй хүмүүс" хэмээн бухимдаж
байсан байх юм.
Үндэсний зөвлөлийн хэн нь хэн бэ
Ийнхүү хэл амтайхан томилогдож байсан Нийгмийн даатгалын үндэсний
зөвлөлийн гишүүдийн хэн нь хэн бэ. Тэд яагаад даргынхаа хийсэн хуудуутай
үйлдэлд хариу үзүүлж чадахгүй байна вэ? Энэ асуултын хариултыг хайтал
"С.Эрдэнэ сайдын багийн хүмүүс энэ зөвлөлд багтдаг учраас" гэх богинохон
хариулт олдох нь тэр. Ер нь С.Эрдэнэ сайдыг очсон газар бүртээ өөрийн
гэсэн баг бүрдүүлж ажиллаад сурчихсан хүн гэж ярихтай олон таарч байлаа.
Мэдээж энэ ярианы хамгийн гол баталгаа нь "Эрдэнэ вангийн хошуу"-ны
талаарх мэдээлэл. Эрхэм сайд Баянгол дүүргээс сонгогдсон учраас тэндээ
бүхэл бүтэн вант улс байгуулсан нь нэгэнт олонд ил болсон. Эхнэр хүүхэд,
хүү, хүргэн гээд түүний талын олон хүн Баянгол дүүргийг хөдөлгөж буйг
өдгөө мэдэхгүй хүн цөөн биз. Харин тэрбээр ХАХНХ-ын сайд болмогцоо өнөөх
л сурсан зангаараа багаа бүрдүүлсэн нь өдгөөгийн Нийгмийн даатгалын
үндэсний зөвлөлийнхөн гэнэ. Ингээд үндэсний зөвлөлийн гишүүд яагаад
С.Эрдэнийн багийнх болж таарсан талаар дор сийрүүлье.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийнхний хийх ажил ялгаатай. Өөрөөр
хэлбэл, зөвлөлийн гишүүдийн гурав нь Засгийн газрыг төлөөлж суудаг бол
ажил олгогчдыг төлөөлж мөн гурван хүн багтдаг гэсэн үг. Харин
үйлдвэрчний эвлэл буюу хөдөлмөрчдийг төлөөлж гурван хүн энэ зөвлөлд
багтдаг. Гэтэл ажил олгогчдыг төлөөлж суугаа хүн нь "Кассандра Монголиа"
ХХК-ийн захирал Ж.Батбаяр.
Гэтэл түүний хувьд АН-ын гишүүн бөгөөд С.Эрдэнэ сайдын багийн гишүүн
гэнэ. Тэр бүү хэл, үндэсний зөвлөлд багтахын тулд "Кассандра Монголиа"
гэх компанийг 2012 оны зургадугаар сард үүсгэн байгуулсан байна. Ингээд
нийгмийн даатгалд дансаа нээлгэсэн бөгөөд найман ажилтантай, энэ тоогоор
даатгалын шимтгэл төлдөг байна. 2004-2008 онд УИХ-ын гишүүн
Э.Бат-Үүлийн, 2009-2012 онд УИХ-ын гишүүн С.Эрдэнийн бие төлөөлөгч,
туслах, 2008-2012 онд Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж
байсан бөгөөд 2012 оны УИХ-д АН-аас нэр дэвшиж явсан нэгэн юм байна.
Гэвч тэрбээр улс төрд тийм ч сайн мөртэй хүн биш бөгөөд С.Эрдэнэ
сайдтай хамт Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын иргэн Г.Ононгийн 45 сая
төгрөгөөр үнэлэгдсэн хувийн эзэмшлийн "Гэрэл" зочид буудлыг нийгмийн
даатгалын өрөнд 95 сая төгрөгөөр авсан бөгөөд 2008 оны сонгуулийн дүнг
будилаантуулсан хэрэгт холбогдон шүүхээс ял шийтгүүлж, эцэстээ цагаадаж
байсан аж.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд үйлдвэрчний эвлэл буюу
хөдөлмөрчдийн төлөөллөөр томилогдсон Д.Дулмаа нь С.Эрдэнэ сайдын бие
төлөөлөгчөөр ажиллаж байсан Д.Үүрийнтуяагийн туслахаар ажиллаж байсан
нэгэн байх юм. Товчхондоо, тэд тасралтгүй гинжин холбоогоор хэлхэгдсэн
хүмүүс ч гэж хэлж болохоор байна. Д.Дулмаагийн хувьд өдгөө Баянгол
дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн
даргаар ажилладаг юм байна.
Товчхондоо, С.Эрдэнэ сайдын дотны хүн бөгөөд хөрөнгө санхүүгийн талын
зөвлөх гэж хэлж болохоор байгаа юм. Эрхэм сайд энэ мэтээр өөртэй нь
салшгүй холбоотой хүмүүсийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд багтаах
гэж улайрч байх үед МҮЭ-ийн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэвлэлийхэнд
хандаж байсан удаатай. Тэрбээр хэлэхдээ "Нийгмийн даатгалын үндэсний
зөвлөлимг толгойлдог сайдынх нь хүн энэ зөвлөлийн бүрэлдэхүүнд орж
ирснийг хардаж байна. Энэ бол 860 орчим сая төгрөг эргэлддэг сангийн
хувь заяаг атгадаг зөвлөл. Ирээдүйд тэтгэврийн шинэтгэлийн сан гээд
ашигт малтмалаас олгох орлогын 60 хувийг энэ санд төвлөрүүлнэ гэж
байгаа. Маш их мөнгөтэй холбоотой сан" хэмээн тодотгож байсан удаатай.
Түүгээр ч зогсохгүй Монголын албан бус эдийн засгийн нэгдсэн холбооны
удирдах зөвлөлийн гишүүн нэрээр тус зөвлөлд орж ирсэн Ашигт малтмалын
газрын дэд дарга Д.Үүрийнтуяа, "Сэлэнгэ транс" компанийн захирал
Д.Дулмаа гэсэн нэрийг онцгойлон дурдаж, ашиг сонирхлын тухай болон өөр
бусад хууль зөрчсөн энэ үйлдлийг шалгуулахаар шүүхэд хандахаа ч мэдэгдэж
байсан юм.
Зөвхөн энэ жишээнээс харахад үндэсний зөвлөлийн гишүүд мөнгөтэй
холбоотой асуудалд ямар эрх мэдэлтэйг мэдэж болно. Магадгүй С.Эрдэнэ
сайдтай ийм сэжмээр холбогдсон учраас л салбарын сайд нь бариатай байгаа
барилгыг дахин барихаар төсөв батлуулж суухад нүдэн балай чихэн дүлий
өнгөрсөн байж болох. Эцсийн дүндээ тэд нийлж юу хийх зорилготой вэ гэдэг
асуултад хэдийнэ ашиглалтад орсон дүүргүүдийн Нийгмийн даатгалын
хэлтэст дахин байр бариулахаар төсөвт батлуулаад байгаа найман тэрбумын
асуудал хариулт болж ч мэдэх юм.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн"