|
Видео

Шинэ мэдээ

“Мобиком”-ын монопольчлол ноёрхохоо болино

 “Мобиком”-ын монопольчлол ноёрхохоо болиноЦаг цагаараа байдаггүйн жишгээр "Моби-Ком”-ын хаанчлал дуусч байгаа бололтой. Монголчуудад харилцаа холбооны дэвшлийг авчрахад хувь нэмэр оруулсан нь үнэн. Түүнийхээ зэрэгцээ Монголчуудын "халаас”-ыг  багагүй сэгсэрсэн. Гар утас мэдэхгүй эхэн үед  утасны дугаар харах үйлчилгээг хүртэл төлбөртэй авдаг байв.

Дараа нь, урамшуулал нэрийдлээр ичингүйрэн байж үнэгүй болгосон. Скайтел, Юнител, Жи-Мобайл гээд "дүү” компаниудтай  болсон хэдий ч "ах” компани үнэ буулгах, элдэв хөнгөлөлтөөр хэрэглэгчддээ "бэлэг барих”-даа улам хойрго ханддаг болов. Хэрэглэгчид Моби-Комоос "явахгүй” байгаагийн гол шалтгаан олон жил барьсан "дугаар”-аа өөрчлөхөөс цааргалдагтай холбоотой. Олон жилийн танил, бизнес гээд цаанаа холбогдох зүйл их учраас "Моби-Ком”-ын аманд багтаад байгаад байдаг хэрэг. Энгийн жишээ. "Моби-Ком” өөрийн болон бусад сүлжээнд 80 төгрөг, мэссэж 20 төгрөг, Юнител өөрийн болон бусад сүлжээнд 50 төгрөгөөр ярьж, 20 төгрөгөөр мэссэж явуулдаг. Аливаа үндэстэн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж хөгжсөөр ирсэн түүхтэй байдаг.

"Моби-Ком”-ын япон эзэд  2008-2009 оны эдийн засгийн хямралын үед олон сая долларыг Япон руу гаргасан тухай яриа дэгдэж л байсан. "Юнител”, "Моби-Ком”-ыг харьцуулахад хэрэглэгчдэдээ үзүүлдэг элдэв хөнгөлөлт нь өдөр, шөнө шиг ялгаатай. Моби-Ком хэрэглэгчддээ "үнэгэн заль” хэрэглэдэг муухай зуршилтай. Урьдчилсан төлбөрт  хэрэглэгч 2500 төгрөгөөр цэнэглэхэд 14 хоногийн хугацаа сунгагдана. 14 хоногоосоо өмнө дахиад 2500 төгрөгөөр цэнэглэхэд цаашаа сунгагдахгүй. Уг нь, тийм үйлчилгээ байсан боловч хаачихсан хэрэг. Энэ мэтээр тоочвол олон зүйл бий.

 Монголын хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэтгэхүйтэй болсон нь Юнител ба Моб-Комын хэрэглэгчдээс харагдаж байна. 2006 онд Моби-Комын хэрэглэгчид 79,24 хувь, Юнител 4.89 хувьтай байсан бол өдгөө Моби-Комын хэрэглэгчид 39.49, Юнителийн хэрэглэгчид 35.53 хувьтай болж ойртож ирсэн харагдана. Солонгосчууд Монголд ирэхэд өөрийнхөө авиа компанийн онгоцоор зорчиж, Солонгос зочид буудалд байрлаж, Солонгос хоолны газраар үйлчлүүлж, Солонгостоо хөрөнгө оруулсаар буцдаг нь нууц биш. Нэгэн танилын маань ажилладаг компанийн Солонгос эзэд Солонгосоосоо "кимчи”-гээ авчруулж иддэг гээд л бод. Гадныхан  ийм байхад Монголчууд яагаад Моби-Комын хэрэглэгч нь байх ёстой гэж.

Үндэсний үйлдвэрлэгч болох "Юнител” хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт өссөөр байна. Үүрэн телефоны дөрвөн оператор компанийн хэрэглэгчид өөрсдийн эзэмшиж буй дугаартайгаа нөгөө үүрийн телефонд шилжих үйлчилгээг нэвтрүүлэх тухай яригдаж байгаа. Ийм тохиолдолд "Юнител”-ийн  хэрэглэгчид олон  болж Моби-Ком монопочлолоо алдах  эрсдэлтэй билээ.

 

"Моби-Ком” ярианыхаа үнийг яагаад буулгаж болохгүй гэж

Ийм асуулт "Моби-Ком”-ын хэрэглэгч бүрийн амнаас гардаг.  Үүрэн телефоны дөрвөн компани байхад Моби-Ком үнээрээ  өрсөлдөх баймаар. Гэтэл үгүй. Энэ тухай "Мобиком” корпорацийн Хууль эрхзүйн бодлого зохицуулалтын газрын захирал Ц.Энхбат” Манай компани зах зээлийн өрсөлдөөнд маш таатай ханддаг. Өрсөлдөөнөөс хэрэглэгч л хожно шүү дээ. Хэрэвзээ бидний хүссэнээр үйлчилгээний үнэ ханшийг тогтоосон бол Мобикомын хэрэглэгчдийн яриа, мессежийн тариф аль хэдийнээ буурах байсан. Харамсалтай нь, ХХЗХ-ноос манай компанийг үнэ буулгахыг зөвшөөрдөггүй юм.

Манайхыг үнээ буулгачих юм бол бусад компаниас илүү манайхыг сонгох хэрэглэгчид олон байгаа. Манай компанийн хувьд техник, технологи, үйлчилгээний чанарын хувьд байнга хөрөнгө оруулалт хийж, шинэчилж сайжруулж байдаг” гэсэн хариулт өгчээ. Яг МҮОНРТ-ийнхэн "Манайх реклам явуулаад эхэлбэл бусад телевиз  дампуурна” гэдэгтэй адилхан сонсогдохгүй байна гэж үү? Моби-Ком үнэ тариф нь өндөр, хөнгөлөлт үзүүлэхдээ харам учраас өрсөлдөгч компаниуддаа хэрэглэгчээ алдсаар байгаа нь судалгаанаас харагдаж байна.

 

 

Дуучнаас оюуны хулгай хийсэн нь 

"Моби-Ком” корпораци Монгол Улсын Гавьяат жү-жигчин С.Жавхлангийн дуу­нуудыг ашиглаж "Мобиком” корпораци 300 сая гаруй төг­рөгийн орлого олсон гэд­гийг нь шинжээчид тог­тоосон тухай хэвлэлүүд баахан шуугисан. Харин "Мо­биком” корпорацийнхан үнэнд ялагдахдаа аргагүйн эрхэнд буруугаа хүлээж, 13 сая төгрөгийн ашгийг дуу­чин С.Жавхлангийн дуу­нуудаас олсон гэдэг тайлбар хийсэн удаатай. Энэ тухай дуучин С.Жавхлангийн өмгөөлөгч Ц.Монгол мэдэгдэж байв.  Дуучин "Ноён” Бондгор дуучдаа төлөөлж, тэдний эсэргүүцлээ илэрхийлсэн гарын үсэг бүхий лоозон барьж, "Мобиком” кор­порацийн гадаа эсэргүүцлээ илэр­хийлсэн. Тэгэхээр "Моби-Ком” дуучдын дууг хулгайгаар ашигладаг нь үнэн байсан гэдгийг эл хоёр үйл явдал гэрчилнэ.

Моби-Комын нууц хадагалалт "O” заасан уу? 

Ингэж асуух шалтгаан бий. УИХ-ын гишүүд утсанд мэссэж ирүүлж, бас тойргийнх  нь сонгогчдод УИХ-ын гишүүний дугаараас өөрөө мэдээгүй байхад нь мэссэж очсон дуулиан 2014 оны сүүлчээр гарсан. Моби-Комын удирдлагууд  бараг өөрсдийгөө өмөөрсөн шахуу мэдэгдэл хийгээд л өнгөрсөн дөө. УИХ-ын гишүүдийн утасны дугаараас ийм мэссэж явуужл байхад  "Байнга техник технологио шинэчилж, хөрөнгө оруулалт хийж байдаг нь үнэн үү” гэж асуумаар байна. УИХ-ын гишүүдийн утсанд ингэж хандаж байхад жирийн хэрэглэгч бол …. Саяхан 9911-тэй дугаарыг Моби-Комын ажилтнууд гаргаж өгсөн тухай дуулиан дэгдээд байна.

Дараа төлбөрт хэрэглэгчдийнхээ барьцааг эргэлдүүлэгч

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Чулуунбаатарын ярианаас хүргэе. Тэрээр,  "Үүрэн телефоны дараа төлбөрт дугаар ашиглах хүсэлтэй хүмүүс тухайн компанидаа барьцаа хэлбэрээр мөнгө өгдөг. Үүнтэй холбоотойгоор манай холбоонд "Мобиком” корпорацийн хэрэг­лэгчид нэлээд гомдол ирүүлсэн. Барьцаа хэл­бэрээр төлсөн мөнгө нь хэрэглэгчийн дансанд орохгүй, компанийн дансанд ордог байна. Уг нь барьцааны мөнгө хэрэглэгчийн дансанд байрших ёстой. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд "Мобиком”корпораци барьцааны мөнгийг хурааж авна , биелүүлсэн үед хэрэглэгчид эргүүлэн өгнө.

Гэтэл өнөөдөр 10 гаруй тэрбум төгрөг барьцаа нэрээр "Мобиком” корпорацийн дансанд эргэлдэж байгаа гэсэн тооцоо гарсан. Тэд хэрэглэгчдийн зөвшөөрөлгүйгээр 10 гаруй тэрбум төгрөгийг ашиглаж, үйл ажиллагаандаа зарцуулж байна гэсэн гомдлыг хэрэглэгчид тавих болсон” хэмээн ярьсан юм.  Үүнээс хойш ШӨХТГ-ынхны анхааралд ч орсон. Ямар боловч хэрэглэгчдийнхээ барьцааны мөнгийг буцаан олгосон нь сайшаалтай. Яг бүх хэрэглэгч барьцааны мөнгөө авсан уу гэдгийг "Моби-Ком” корпорацийнхан нь мэдэх байх. Хэрэглэгчдийнх нь тоо өдөр өдрөөр буурч, ажилтнууд нь халагдаж, Монголын талын хувьцааг Монголын компани авахаар болжээ гэсэн мэдээллүүдээс харахад "Моби-Ком” монополчлолоо алдаж буй нь харагдана.


times.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler