|
Видео

Шинэ мэдээ

НЭМГ-т “даам гарсан” Б.Бямбадоржийн “урагшгүй” шийдвэр, томилгоонууд

НЭМГ-т “даам гарсан” Б.Бямбадоржийн “урагшгүй” шийдвэр, томилгоонууд

 

НЭМГ-ын даргаар томилогдоод есөн сар ч хүрээгүй "нялх” Б.Бямбадорж эрх мэдлээ урвуулан ашиглаж, төрийн алба хаагчийн хууль, тогтоомжийг зөрчсөн халаа, сэлгээ, томилгоо, хийсэн талаар эх сурвалжуудын мэдээлснийг уншигч та бүхэнд хүргэе.

-НЭМГ-ын дарга Б.Бямбадорж доод албан тушаалтнууддаа ажлын байр, сэтгэл зүйн дарамт үзүүлдэг гэв-

Уншигч та бүхний мэдэж байгаагаар Б.Бямбадорж нь өнгөрсөн хоёрдугаар сарын 8-нд НЭМГ-ын даргаар томилогдсон. Гэвч Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоолын 1.2 дахь заалт /...шинээр ажлын чиг үүрэг албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, өндөр настны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан албан тушаалтны орон тоог царцааж нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх/ заалтыг зөрчиж, "Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулсан яаралтай томилгоо” гэх нэрээр НЭМГ-ын орлогч дарга, хэлтсийн дарга нарыг шинээр томилж, дүүргийн ЭМГ-ын дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Б.Бямбадорж НЭМГ-ын томилогдсоныхоо дараа хуучин бүтцээр таван хэлтэстэй байсан НЭМГ-ыг найман хэлтэстэй болгон өргөжүүлжээ. Ингэхдээ шинэ бүтцэд найман хэлтэст хоёр орлогч дарга, 54 алба хаагчтай болсны 19 нь удирдах албан тушаалтан болсон аж.

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж албан үүргээ хүлээж авснаас хойш харьяа ЭМГ-ын даргыг ажлаас нь чөлөөлсөн жишээ дурдвал,

  • НЭМГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Одгэрэл,
  • НЭМГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга З.Отгонбаяр,
  • Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дарга Р.Пүрэвдаш,
  • "Энэрэл” эмнэлгийн дарга А.Амартүвшин,
  • Нийслэлийн эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр,
  • Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Б.Галсанцэдэн,
  • Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Бааст,
  • Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү,
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Тамир нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Дээр дурдсан Нийслэлийн эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга асан М.Мөнхдэлгэрийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж "Ажлаас гарах өргөдлөө өг”, "Тэтгэвэртээ суу” гэж удаа дараа дарамталсан төдийгүй ажлаас нь чөлөөлөхөөсөө өмнө оронд ажиллах хүнийг авчирч, томилгоо хийхийг завдаж байсан талаар эх сурвалжууд мэдээлэв.

-Төрийн албыг "танилын алба” болгосон нь-

          НЭМГ-ын дарга Б.Бямбадоржтой холбоотой "хэрүүл”-ийн гомдол, санал Төрийн албаны зөвлөлд тасралтгүй ирдэг гэх.

Түүнийг тооцоо, судалгаагүй шийдвэр гаргаж, өрхийн эмч нарыг 24 цагаар ажиллуулах, Төрийн албаны зөвлөлөөр батлуулалгүй НЭМГ-ын хоёр дахь орлогч дарга Ц.Нандин-Эрдэнийг томилж, тархвар судлаач эмчийг Хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд томилж, Тоног төхөөрөмжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд Эм, эмнэлгийн хэрэгслийн тендерийн асуудлыг хариуцуулсан оновчгүй шийдвэр гаргасан тухай мэдээлэл бий. Мөн Б.Бямбадорж албан үүргээ хүлээж аваад удаагүй байхдаа Захиргаа хяналт шинжилгээний хэлтэст хоёр ахлах мэргэжилтэн, нэг санхүүгийн хэлтсийн ахлах, статистикийн хэлтэст гурав, Нийгмийн эрүүл мэндийн хэлтэст нэг мэргэжилтэн томилсон байна.

          Баттай эх сурвалжийн мэдээлснээр Одгэрэлийн оронд Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар томилогдсон Х гэгч нь НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийн хуучин ажлын хамтрагч, нэг нутгийнхан. Мөн М.Мөнхдэлгэрийн оронд Эмнэлгийн тусламжийн хэлтсийн даргаар томилогдсон Н нэг нутгийнх. Харин Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргаар томилогдсон А болон Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар томилогдсон А эрх ашгийн зөрчилтэйгөөр тус албанд томилогдсон мэдээлэл байна. Энэ зэргээр "баруун, солгойгүй” дур нь хүрэхээр ажлаас нь чөлөөлж, дуртайгаа томилдог НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийг тойрсон "хэрүүл” тасрахгүй.

 

-НЭМГ-ын тусгай зөвшөөрлийн бүх үйл ажиллагааг өөрийн хувийн эмнэлгээрээ гүйцэтгүүлэхийг шаарджээ-

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа "Эрин” нэртэй хувийн эмнэлэг байгуулсан байдаг. Тэгвэл "Эрин” эмнэлэг өдгөө нэрээ "Шинонмед” болгон сольсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж тусгай зөвшөөрөлтэй холбоотой ирүүлсэн материалын бүрдэл, тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах зэрэг тусгай зөвшөөрлийн бүх үйл ажиллагааг өөрийн НЭМГ-ын тусгай зөвшөөрөл бүхий 60 ортой "Шинонмед” эмнэлгээр гүйцэтгүүлэхийг шаардсан байна.

 

-НЭМГ-ын дарга Б.Бямбадорж 140 гаруй сая төгрөгийн орлоготой-

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа буюу 2018 онд АТГ-т өгсөн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ 141 сая төгрөгийн нийт орлоготой гэж бүртгүүлсэн байна. Мөн гурван тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх барилга байгууламж, 185 сая төгрөгөөр үнэлэгдэх газар, 163 сая төгрөгийн үнэт эдлэл, "Их агдир” ХХК болон Төрийн банканд 326 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлж байжээ.

https://ergelt.mn/news/44/single/15148

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.