| |
Элчин сайд Д.Даваа Арменийн Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсаас Бүгд Найрамдах Армен Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дуламсүрэнгийн Даваа Бүгд Найрамдах Армен Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Армен Варданович Саркисянд энэ сарын 215-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Жуух бичиг барьсны дараа Элчин сайд Арменийн Ерөнхийлөгчид бараалхаж, Итгэмжлэх жуух бичгийг нь хүндэтгэлтэйгээр гардан авч, цаг зав гарган уулзаж буйд талархал илэрхийлээд, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын дэвшүүлсэн мэндчилгээг уламжлав.
Бүгд Найрамдах Армен Улсын Ерөнхийлөгч Армен Варданович Саркисян Монгол Улсын Төрийн тэргүүнд хариу мэндчилгээ хүргээд, Элчин сайд Д.Даваад Армен Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, хоёр улсын улс төр, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Элчин сайд Д.Даваа 2022 онд Монгол, Армени улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буйг онцлоод, хоёр орны хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд хүч чармайлт гарган ажиллахаа илэрхийлж, юун түрүүн "Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Армен Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулахад анхааран ажиллахаа илэрхийлэв.