| |
Эмч, эмнэлгийн ажилтнуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Тэгвэл өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 14-нд иргэдээс нийт 595 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 21 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.53 минут байна. Мөн "Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 19 иргэн хандсанаас долоон иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 12 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.
Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 194 буюу 32.6 хувийг Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэр буюу замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар тодруулга авах хүсэлтэй иргэдийн дуудлага эзэлж байна. Хүнсний ачаа тээвэр, ковидын үед ажиллах эмч, эмнэлгийн ажилтны тээврийн хэрэгслийг улсын, хувийн гэж ялгалгүй, хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж байгаа юм. Үйл ажиллагаа хязгаарлагдаагүй 15 чиглэлийн ажилтан, албан хаагчдын тээврийн хэрэгслийг хуанлийн өдрөөр автомашины дугаарын тэгш, сондгой тоогоор төгссөнөөр замын хөдөлгөөнд оролцуулж байна. Иргэд эрүүл мэндээ дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор нэг дор таваас олон хүн цуглахгүйгээр оршин суугаа газрын ойролцоо агаар, салхинд гарах боломжтой.