| |
Улаанбаатар хот руу орох хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоогүй
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24 цагийн хуваариар ажиллаж байгаа. Өчигдөр буюу гуравдугаар сарын 30-нд тус дугаарт иргэдээс нийт 354 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 12 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.38 минут байна. Мөн "Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 28 иргэн хандсанаас 12 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 16 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.
Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 154 буюу 43.5 хувийг машин ачилтын талаар, 67 буюу 18.9 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршлын талаар, 52 буюу 14.7 хувийг өргөдөл, гомдлын явц, хариу авахаар залгасан байна.
Улсын Онцгой комиссын гуравдугаар сарын 26-ны 10 дугаар хурлын тэмдэглэлээр Улаанбаатар хотоос орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан /эрүүл мэнд, буяны ажил/-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр /хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай/ тээвэрчдийг гуравдугаар сарын 28-ны 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэлх хугацаанд тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, халдвар бүртгэгдсэн газраас PCR шинжилгээний хариуг халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлэн нэвтрүүлнэ. Орон нутаг руу чиглэсэн бусад хөдөлгөөнийг хориглоно гэж заасан. Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хот хооронд зорчихтой холбоотой түгээмэл асууж байгаа асуултад хариулт өгье.
-Буяны ажил гарсан тул яаж орон нутаг руу явах вэ?
-Буяны ажлаар орон нутаг руу явах тохиолдолд тухайн Аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авна. Сэлэнгэ аймаг, Өвөрхангай аймаг руу буяны ажлаар 5-аас доош хүнтэй явах тохиолдолд nok@ulaanbaatar.mn хаягаар хүсэлтэй илгээж, НОК-оос зөвшөөрөл олгоно. Хүсэлтэд талийгаачийн овог, нэр, регистрийн дугаар, ажил явдалд оролцох гэж байгаа хүмүүсийн овог, нэр, регистрийн дугаар, тээврийн хэрэгслийн дугаар, аль аймгийн аль сум руу явах хүсэлтэй байгаа талаарх мэдээллийг тодорхой тусгаж, нас барсны гэрчилгээ, эсвэл эмнэлгийн хуудсыг хавсаргана.
Өмнөговь, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт зорчих иргэдийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаагаар зогсоох /буяны ажил, хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл болон өвс, малын тэжээлийн тээвэрлэлтийг зөвхөн Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас зөвшөөрөл авна.
-Улаанбаатар хот руу ямар тохиолдолд орох вэ?
-Улаанбаатар хот руу орох хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоогүй. Халдвар бүртгэгдээгүй бүс нутгаас ирэх тохиолдолд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор асуумж бөглөөд орно. Харин халдвар бүртгэгдсэн бүс нутгаас ирэх тохиолдолд 72 цагийн PCR шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлнэ.
-Уул уурхайн ажилчид ээлжээ яаж солих вэ?
-Уул уурхайн ажилчдын ээлж солилцох тохиолдолд тухайн байгууллага нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд нэгдсэн байдлаар хүсэлтээ гаргана. Тус яамнаас ээлж солилцох ажилчдын мэдээллийг нэгтгэн НОК-д ирүүлнэ.