|
Видео

Шинэ мэдээ

Цэцийн гишүүний томилгооны эргэн тойронд...

 

Цэцийн гишүүний томилгооны эргэн тойронд...

 

Улсын дээд шүүхийн санал болгосноор Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох асуудлыг парламент өнгөрсөн долоо хоногт хэлэлцэв.  Улмаар баасан гаригт болсон чуулганаар гишүүдийн 78.8 хувь нь дээрх томилгоог дэмжиж,  УИХ-ын тогтоолыг баталлаа.   Ингэхдээ Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлсөнд тооцож, түүний оронд Ж.Эрдэнэбулганыг томилсон юм. 

Харин Цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлсөн нь Ерөнхийлөгч Х.Баттулга болон АН-ын бүлгийн гишүүдэд таалагдсангүй.   Тэд Д.Солонгыг чөлөөлж, Ж.Эрдэнэбулганыг томилох байсан гэсэн байр суурь илэрхийлсээр байв.    Дээд шүүхийн санал болгосноор цэцэд очсон Д.Солонго,  Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа дууссан учраас сонгон шалгаруулалт явуулсан билээ.  Дээд шүүх 13 нэр дэвшигч дээр санал хураалт явуулснаар хуралдаанаас нийт шүүгчийн олонхийн санал авсан Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд санал болгож, УИХ-д мэдүүлсэн юм.  Харин  Д.Солонгыг чөлөөлөх үү, Ш.Цогтоог эхэлж чөлөөлөх үү гэдэг нь Цэцийн гишүүний томилгоонд маргаан дагуулсан юм.


Парламентын хувьд Ш.Цогтоог эхэнд чөлөөлөхдөө бүрэн эрхээ хэрэгжүүлсэн  хэмээн тайлбарлаж байгаа. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт "Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлж, дараагийн гишүүнийг томилох тухай УИХ-ын шийдвэрт бүхэлд нь хориг тавихаар шийдвэрлэснээ мэдэгдлээ.   Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс  Г.Занданшатарт хүргүүлсэн бичигтээ "Бүрэн эрхийн хугацаа нь дууссан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нарыг Улсын дээд шүүхээс санал болгож томилуулсан тул тухайн шүүх дараагийн гишүүнийг санал болгохдоо хэнийг нь чөлөөлөхийг Улсын Их Хуралд тодорхой мэдэгдэх, улс төрийн үзэмжээр хандахаас сэргийлэх, улмаар улс орны тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний баталгаа болсон Үндсэн хуулийн цэцийг хууль зүйн зөрчил, маргаангүйгээр байгуулах шаардлагатай гэж үзэж байна” гэжээ.

Түүнчлэн  ЕТГ-ын дарга Ө.Шижир Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригт "Тодруулга авах тухай” албан бичиг хүргүүлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлаар Улсын дээд шүүхийн албан ёсны байр суурь, саналыг тодруулан ирүүлэхийг хүсчээ.  Тус бичигт "Улсын дээд шүүхээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг Улсын Их Хуралд санал болгосон байх. Ингэхдээ бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийг нь чөлөөлж, хэнийх нь оронд дараагийн гишүүнийг томилох талаар тодорхойгүй санал ирүүлсэн нь хууль зүйн зөрчил, маргаан үүсгэж байна.  Улс орны тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний баталгаа болсон Үндсэн хуулийн цэцийг хууль зүйн зөрчил, маргаангүйгээр байгуулах нь зүй ёсны шаардлага мөн гэж үзэж байна. Иймд бүрэн эрхийн хугацаа нь дууссан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийг нь чөлөөлж, дараагийн гишүүнийг томилох талаар Улсын дээд шүүхийн албан ёсны байр суурь, саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид тодруулан ирүүлнэ үү” гэсэн байдаг.

Гишүүд мөн энэ асуудалд байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Нэр дэвшүүлж байгаа Эрдэнэбулган багшийг дэмжиж байна. Онол, практикаараа ч  Дээд шүүхэд нь туршлагатай хүн түлхүү байж, Цэцэд нь онолын мэдлэгтэй хүн зонхилох нь зөв. Хэний оронд вэ гэдэг дээр шүүхийг буруутгаж хэрэггүй. Дүрмээрээ хурлаа хийгээд олонхийн санал авсан нэг хүн байгаа юм байна. Бид хэнийг чөлөөлөх үү. Хэнийг томилох уу гэдэг асуудлыг шийдэх ёстой. Дээд шүүх өөрөө хүн нэр дэвшүүлэх асуудлаа хэлэлцэхдээ төрийн албан хаагчийн насны дээд хязгаарыг баримталж, төрийн албаны хуулийн 41.2-ын заалтын дагуу оруулж ирсэн гэж байна. Тэгэхээр Ш.Цогтоо гишүүнийг чөлөөлөөд томилохоос өөр хувилбар харагдахгүй байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-УИХ хууль тогтоох дээд  байгууллага. Гэтэл өөрсдөө хууль зөрчсөн үйлдэл хийсээр байгаагийн илрэл нь өнөөдөр үргэлжилж байгаа Үндсэн хуулийн Цэцийн бага суудлын хуралдааны бүрэлдэхүүнд орсон  Цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлөх асуудал. Энэ нь илт хууль бус үйлдэл юм. Хууль шүүхэд нөлөөлөх, хараат бус шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцож асуудлыг улстөржүүлж  шийдвэрлэхээр улайрч байгааг эрс эсэргүүцэж байна. Хуулийн хугацаа дууссан Д.Солонго, 67  настай Н.Чинбат гишүүн нарыг нэг мөр оруулж ирж шийдвэрлүүлэхийг шаардаж байна гэсэн юм.


Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2021.3.29 ДАВАА № 61, 62 (6538, 6539)



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler